Дэлхийн удирдагчдыг “загнасан” 16 настай охин Грета Тунберг

АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп руу ширүүн харж зогсох энэ жаахан охин бол Шведийн иргэн, 16 настай Грета Тунберг.  Өнгөрсөн оны наймдугаар сар хүртэл хэний ч танихгүй эгэл жирийн нэгэн байсан охин өдгөө бол олны анхааралд багтсан энх тайвны Нобелийн шагналд нэр нь дэвшээд байгаа охин болсон. Тэрээр хэрхэн богино хугацаанд олны танил болж, дэлхийн улстөрч удирдагчийг зэмлэсэн “том хүн” хүн болсон бэ?

Цаг агаарын өөрчлөлтийн төлөөх хичээл хаялт

Грета 15  настайдаа буюу 2018 оны 08 дугаар сард Стокхольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг эрх баригчдаас шаардан, гартаа самбар барин ганцаараа тэмцэж эхэлсэн. Ахлах ангийн сурагч охин дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхээс нааш баасан гараг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдэн том толгой гаргаж”хичээл хаялт” зарласан юм.

Грета Тунбергийн хэлснээр “хичээл хаялт” хийх санаа АНУ-д болсон Паркленд дахь халдлагын дараа төржээ. Тухайн үед олон зуун сурагчид галт зэвсэг эзэмших хуулийг чангатгахыг АНУ-ын засгийн газраас шаардан “March for Our Lives” нэртэй жагсаал зохион байгуулсан юм. Охин энэ үйл явдлаас санаа аван “Fridays for Future” санаачилгаа эхлүүлсэн байна. Түүний ганцаараа эхлүүлсэн тэмцлийг  удалгүй үеийн хүүхдүүд нь дэмжих болж, өдгөө дэлхийн 105 улсын сая, сая хүн дэмжин, байгаль орчны төлөөх энэ хөдөлгөөнд нэгдээд байна. Мөн охины тэмцэл НҮБ-ын сонорт хүрч 2018 оны арванхоёрдугаар сард Грета НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзаж санаа бодлоо хэлж чадсан юм.  Мөн Давосын эдийн засгийн форумд ч оролцож, цаг агаарын өөрчлөлтийг өөрийнхөө гэр  шатаж байгаа юм шиг хүлээж  авч яаралтай, шийдэмгий алхам хийхийг дэлхийн нөлөө бүхий удирдагчдад уриалсан юм. НҮБ-ын  дээд  хэмжээний уулзалтад хэлсэн түүний үг хатуу бөгөөд үнэн байв.

Грета, “Би уг нь энд биш далайн нөгөө талд сургуульдаа сурч байх ёстой. Гэвч та нар  хоосон үгээрээ миний хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг маань булаасан. Та нар яаж чадаж байна аа! Хүмүүс зовж шаналан, үхэж, бүхэл бүтэн экосистем нуран унаж байна. Дэлхий нийт мөхлийн ирмэг дээр байхад та нар зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засгийн өсөлтийн талаар л ярьж байна. Та нар яаж чадаж байна аа?!” хэмээн дэлхийн олон удирдагч цугласан уулзалтын индэр дээрээс уурссан юм.

8 наснаасаа хойш дэлхийн цаг уурын  өөрчлөлтөд санаа зовжээ

Грета 2003 оны нэгдүгээр сарын 3-нд Стокхольм хотод арт менежер, жүжигчин, продюсер Сванте Тунберг болон дуурийн дуучин Малена Эрнман нарын гэр бүлд төрж өсжээ.  Грета анх найман настайдаа багшаасаа дэлхийн цаг  агаарын өөрчлөлтийн талаарх тун ч таагүй мэдээллийг олж сонсчээ. Хүлэмжийн хийн нөлөөгөөр мөсөн уулс хэрхэн хайлж байгаа талаарх багшийн яриа, хуванцар  хаягдлаар дүүрсэн гол мөрөн, далай, өлсгөлөнд нэрвэгдсэн цагаан баавгай, сүйтгэгдсэн ой моддын зураг  түүнд маш аймшигтай санагдсан бөгөөд үүнээс илүүтэйгээр энэ бүхний эсрэг юу ч хийгүй байгаа томчуудын үйлдэл бүр ч  аймаар санагдсан байна.  “Энэ хичээлийн дараа би энэ тухай бодохоо больж чадахгүй байсан. Хэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа юм шиг надад санагдсан. Цаг уурын өөрчлөлтийг чухал гэж ярьдаг атлаа хэн ч ямар ч арга хэмжээ авахгүй, юу ч хийхгүй байгааг би ойлгохгүй байсан гэж”  Грета хожим ярьсан байдаг.

Ингээд Грета Тунберг 11 нас хүрэхдээ сэтгэлийн хямралд орж, хоол идэж, хүнтэй харьцахаа больжээ. “Эмч нар Аспергерын синдром буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг (OCD), тодорхой нөхцөл байдал ярих чадвараа алдах эмгэгтэй (selective mutism) гэж түүнийг оношилсон байна. Энэ эмгэг  маань саад болоогүй, харин надад тэмцлээ хийхэд маань тусласан “бэлэг” гэж Грета дараа нь чуулганы үеэр ярьсан юм.

Түүний аав,  ээж охиныхоо тэмцлийг ойлгож дэмждэг  бөгөөд охиныхоо ятгалгаар тэд цагаан хоолтон  болж, шинэ хувцас, эд зүйл худалдаж авахаа больж, ажлын  шаардлагаар байнга гадаад явахдаа нисдэг  байсан  ээж нь онгоцоор  явахаа больжээ. Учир  нь  Грета түүнд нэ цаг нислэг үйлдэхэд  хэдэн тонн нүүрстөрөгчийн хий зарцуулдаг талаар ярьж ойлгуулсан гэдэг. Грета өөрөө ч НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахдаа нарны зайгаар ажилладаг дарвуулт завиар  Атлантын далайг хоёр долоо хоног гатлаж очсон байна.

Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч 

Грета Тунбергийг  Time сэтгүүлийн 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтааж, Их Британийн i-D сэтгүүл түүнийг “шинэ үеийн дуу хоолойгоор” нэрлээд  байгаа. Мөн хүний эрхийн төлөө тэмцдэг Amnesty International олон улсын байгууллага “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөнд “Хүн чанарын элч” шагнал, “Эрх чөлөөний шагнал”-ыг олгожээ. Шагналыг дагалддаг 25 мянган еврог Грета уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг дөрвөн байгууллагад хандивласан байна. 2019 оны гуравдугаар сард Шведийн парламентын хоёр гишүүн, Норвегийн парламентын гурван гишүүн хамтран Грета Тунбергийг энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн  бөгөөд  Грета Нобелийн шагнал хүртдэггүй юм гэхэд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн хамгийн залуу нэр дэвшигч болох юм. Охин өөрийнхөө чадах зүйлийг л  хийж үзье гэж бодсоноос  бяцхан тэмцэл нь ийм амжилт олж чадна гэж төсөөлөөгүй гэдгээ хэвлэлийнхэнд  дэлгэсэн байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...