Энэ сарын 3-6-ны өдрүүдэд Ханой хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан болж байна. Засгийн газар хоорондын хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, вьетнамын талаас тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нар ахалж оролцов.
Хуралдааны үеэр Монгол, Вьетнам хоорондын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр, эрүүл мэнд, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, хуралдааны дүнгээр Хамтарсан протокол байгуулав.
Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр тохиож буй энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанаар улс төрийн харилцааны баттай суурин дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, чингэхдээ хоёр талын худалдааг эхний ээлжинд 100 сая ам.долларт хүргэх чиглэлд бодитой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал, Монгол, Вьетнамын хооронд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, түүний дотор гүн хөлдөөсөн хонь, ямааны мах болон далайн бүтээгдэхүүний мал эмнэлэг, хорио цээрийн дэглэмийг тохирч, баталгаажуулах Ажлын хэсгүүдийг ирэх 2020 оны 1 дүгээр улиралд харилцан солилцохоор тохиролцов.
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны зам тээвэр, логистикийн чиглэлийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг талууд сайшаан, цаашид агаарын шууд нислэг эхлүүлэх, төмөр зам, далайн тээврийн сүлжээг өргөжүүлэх, Вьетнамын боомтод терминал ашиглах чиглэлд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, ойрын үед өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр ярилцав.
Цаашид худалдааг тэлэх чиглэлд Монгол Улсаас эрчим хүчний, коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх боломж байгааг манай талаас илэрхийлэв.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлж ажиллахаар талууд тохиролцов. Монголын тал манай эдийн засгийн салбаруудад, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Вьетнамын хөрөнгө оруулагчдыг урьж, эхний ээлжинд “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн талаар танилцуулав.
Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны хүрээнд хоёр улсын ГХЯ-ны Азийн газрын захирал нарын уулзалт болж, харилцааг дараачийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, ойрын үед дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн хуралдааны хүрээнд хоёр улсын Мал эмнэлгийн асуудал эрхэлсэн Агентлаг хоорондын уулзалт болж, хоёр улсын мал эмнэлгийн хяналтын тогтолцоо, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, дайвар түүхий эдийн худалдааг өргөжүүлэхээр ярилцав. Мөн хоёр улсын их дээд сургуульд харилцан суралцаж буй монгол, вьетнам оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрэв.