Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа. Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм. 160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ. 6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна. Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм. Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ. Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм. Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан. Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ. Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна. Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...