Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 3–4-ны өдрүүдэд “Сэлбэ ухаалаг хот” төслийн талбайд ажиллаж, 2.2 га талбайд Кембрижийн олон улсын хөтөлбөртэй, 1,260 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургууль байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Тус сургууль нь “Сэлбэ ухаалаг хот”-ын боловсролын дэд бүтцийн нэг хэсэг бөгөөд барилгын төлөвлөлт, сургалтын орчин, тоног төхөөрөмжийн шийдлээрээ жишиг сургууль болохоор төлөвлөж байна.
Сэлбэ хотын ерөнхий төлөвлөгөөнд 8,575 өрхийн орон сууцны цогцолборын хамт 960, 1,260 болон 1,560 хүүхдийн суудалтай гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спортын байгууламж барихаар тусгасан байна. Одоогоор төслийн хүрээнд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Иймд тус орон сууцны бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг төлөвлөж байгаа нь “Сэлбэ ухаалаг хот”-ын суурьшлын бүсэд боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

