Б.Цогнэмэх: Бид эх орондоо л ямбалдаг

МЗЭ, МСНЭ-ийн болон “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхтэй ярилцлаа.


-Та сошиалд нутгийнхаа талаар их бичих юм. Нутгийнхаа талаар яриач…

-Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон минь гээд манай хоёр дахь төрийн дуулал шахуу болсон дуу байдаг даа. Нутаг бол элэг зүрхнээс уяатай гэдэг нь үнэхээр үнэн юм билээ. Тэр тусмаа жил ирэх тусам нутаг усаа санах, зүүдлэх, сэрэх гэх мэт арай нэг өөр углуургатайгаар санадаг болчих юм. Уул ус маань хөндлөлдөж хөхрөөд, тэнд шингэсэн өвөг дээдсийн сүнс сүлд тэндээс шивнээд байх шиг. Манай аавын төрсөн нутаг бол хуучнаар Засагт хан аймгийн Ачит вангийн хошуу буюу одоогийн Увсын Өндөрхангайгаар голлосон Цагаанхайрхан, Зүүнхангай, Баруунтуруун сумынхан. Тэнд манай Элжигэн түмэн маань амьдардаг. Элжигэн бол Хүннү, Сяньби, Тоба, Нирун, Киданы үеэс өртөөлөн ирсэн түүхтэй. Тэмүжиний 13 хүрээний нэгийг бүрдүүлж байсан эртний дайчин овог. Мангуд зэрэг хүчирхэг овгийн хамтаар Хишигтэн буюу Их эзэн Чингис хааны алтан амь, орд өргөө, туг сүлдийг хамгаалж байсан. Халх долоон хошууг үүсэхэд Бэсүдийн хамт үлэмж үүрэг гүйцэтгэсэн гээд түүхийг нь тоочвол эгнэшгүй. Хожим 1691 оноос одоогийн Архангайн Цэцэрлэг, Хөвсгөлийн Рашаантын зааг буюу Идэр, Чулуутын сав бэлчирт нутаглаж байгаад 1740-өөд оны хавьцаа одоогийн Отгонтэнгэр хайрхны өвөрт 10-аад жил нутаглан 1770-аад онд Хан Хөхий нутагтаа очиж хэдэн зууныг үджээ. Манж, Хятадын худалдаачид Ар Монголын дундад диваажин гэж дуу алдан гайхширсан байдаг юм. Түвдүүд эмт орон хэмээн оноосон нь бий. Хан Хөхүй бол Хангайн нурууны хамгийн баруун салбар уулс. Төрийн тахилгатай хайрхан. Манай элжигэнүүдийн гол онцлог бол халхын хаяаг манах зарлигаар Хан Хөхүйдээ нүүдэллэж очсон байдаг. Ийм л угсаатны үр удам юм даа, би. Манай Өндөрхангайнхан хөх хаяавч, хөх үүдтэй. Энэ нь халхын харуул гэсэн төрийн бэлгэ тэмдэг юм.

-Одоо ч хөх хаяавч, үүдтэй юу?

-Тийм. Шинэ залууст гэр барихад заавал онцгойлж хөх хаяавч хийж өгдөг нь хэвээрээ. Эмээлээ алтан харганын үйсээр гоёдог, ширмэл ширдэгтэй гээд угсаатны онцлог олонтой. Хан Хөхүйчүүд буюу манай Өндөрхангайнхан эзэн Чингисийн цагаан сүлдийг үе улиран тахиж ирсэн түмэн. Энэ бол халхын хэмжээнд ганцхан манай суманд хадгалагдаж үлдсэн байдаг. Өвөр Монголын Ордос, Цахар, Үшинд л бий. 1930-аад оны үед арай нэг устгуулалгүй авч үлдсэн. Одоо үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа тэр туг гээд яривал үүх түүх ихтэй.

-Та хэдийд нутгаасаа гарсан хүн бэ. Дунд сургуулиа төгсөөд л хот суурин газарт суурьшив уу?

-Би хотод яслид явж байсан юм шүү дээ. Манай аав 22 дугаар баазад тээврийн жолооч байснаа геологид орж, Завханд би цэцэрлэгт орсон байдаг. Дараа нь Баян-Өлгийд 1-3 дугаар ангид сурсан. Одоо казахаар тоолдгоос бусдаа мартжээ. Тэгээд Ховдын төв рүү шилжиж 4-6 дугаар ангиа тэнд дүүргэсэн. Аавын маань бие жаахан чилээрхэж, тураг ядрахаар уулаа гэдэг шиг Хан Хөхүй нутгаа зорьж, Өндөрхангайгаа түшсэн байдаг. Ингээд төрөлх нутагтаа 7-10 дугаар ангиа төгссөн. Ховдын Багшийн дээдэд орсон ч хотод ирж төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Манай Өндөрхангайн сургууль намайг багшлуулна, бүр захирал энэ тэр болгоно гэчихсэн байсан нь бий.

-Сумандаа багшилсан юм уу?

-Үгүй шахуу. Манайх бүл муутай. Мал маань овоо өссөн болохоор сумандаа мал хуй эргүүлэв ээ. Гурван жилийн мал өсгөлтөөр сумын аварга болж байсан. Гэтэл “Аяллын цаг”-ийн Г.Бадамсамбууу ах маань “Чи наанаа байх хэдий сайхан ч энд ирж тархи толгойгоо сэргээ. Монголын нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна” гэж хэлнэ. Ц.Бавуудорж ах “Энд л тунгалаг дарс, тунгалаг бүсгүй, тунгалаг шүлэг байна” гэж уриалаад л. Улаанбаатарт ирээд Бадмаа ахын заавраар Радио, телевизийн Б.Ганболд захирал дээр ирж, “Зууны мэдээ” сониндоо Ц.Цэцэгчулуун, Д.Отгонбаяр, Б.Ерэнтэй, Б.Батбилэг гээд олон сайхан хүмүүсийн удирдлага дор ажилласан даа. Үндэсний шууданд ч ажилласан. Ингэж л хотод анх хөл тавьж байлаа. Мал хариулж байсан он жилүүд Монголын нүүдэлч ахуйг таньж мэдэхэд надад маш их хэрэг болсон. Нүүдэлчний ахуй тасарвал Монголын гол судас тасарна гэж би боддог.

-Та хөдөө байхдаа ч зохиолоо бичиж байсан уу. Хэдийнээс бичиж эхэлсэн бэ?

-Ховдод зургадугаар ангид байхад манай уран зохиолын багш Уранбилэг зохион бичлэг их бичүүлдэг байсан нь хожмоо хэрэг болсон гэж боддог. Ер нь бол өдөр тутмын сонинд чанагдсан маань зохиолч заяанд дэвшихэд их хэрэг болсон шүү. Дөрөвдүгээр ангид байхаасаа л шүлэг бичдэг байсан. Баян-Өлгийн Цэнгэл суманд байхдаа зуны амралтаараа аав дээрээ очихдоо бүтэн дэвтэр шүлэг бичсэн. Өндөрхангай сум маань Утга зохиолын нэгдэлтэй, О.Түмэндэмбэрэл гээд түүхийн багш ажиллуулна. Наймдугаар ангид байхдаа тэр нэгдэлд элсчихсэн. Хоёр хүүхэд, бусад нь том хүмүүс. Б.Пүрэвсүрэн гээд Увс аймагт ардчиллын жагсаал цуглааны удирдаж байсан яруу найрагч, зураач хүн манай нэгдлийг Өндөрхангайд ирж толгойлсон. Пү ах маань л миний уураг тархи, зүрх сэтгэлийг арай өөрөөр хөглөж өгсөн. Миний найз бөгөөд багш, ах минь байсан юм. Увс аймагт маань Б.Норов гээд олон сайхан ах нар байсан. Ийм л хүмүүсийн шим тэжээлээр явсаар өссөн. Бавуу ах манай сумын хүргэн учраас жил бүр очдог гээд найрагчидтай багаасаа уулзаж нөхөрлөж, утга зохиолын их тогооноос хутгаж хүртэж иржээ.

-Таныг одоо хүмүүс “Тэнгэрийн хүү”-гийн Цогоо гэдэг. Энэ жүжгийг бичих болсон шалтгаан юу вэ?

-Ч.Лодойдамба гуай, Д.Намдаг, Л.Ванган, Ч.Ойдов гуай гээд жүжгийн мастеруудын том бүтээлүүд тухайн үед зохиогддог байсан улсын уралдаанаас төрсөн байдаг. УДЭТ маань 2010 он хүртэл үндэсний бүтээл гэж ховордсон байсан. Тиймээс улсын уралдаан зарласан хэрэг. Тэнд нь би оров оо. Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Д.Төрбат, Д.Батбаяр, Д.Урианхай багшаас эхлээд бүгд оролцсон. Би Ховдын Багшийн дээдэд байхдаа жүжиг бичиж тоглуулдаг байсан маань ч нөлөөлсөн үү, тэр аваргуудаас миний бүтээл цойлон түрүүлчихсэн. Би өөрөө эртний түүхээ хүндэлж биширдэг үндэсний үзэлтэй хүн л дээ. Түүх бол тухайн үндэстний зүрх, угсаатны амь гэж би боддог.

-“Тэнгэрийн хүү”-г бичихэд түүхчийн мэргэжил бас нөлөөлсөн байх…

-Тэгэлгүй яахав. Модун шаньюйгийн тухай роман бичнэ гэж боддог байсан юм. Жүжгийн уралдаан зарлангуут шууд жүжиг биччихсэн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй байсан маань ч дэвсгэр суурь болсон. Дээр нь зүрх сэтгэлийн дуудлага байсан. Ийм алдартай жүжиг болно гэж тухайн үедээ бодоогүй. Цаанаасаа бичих цаг үе, тохиол тохируулга байдаг байх гэж боддог. Эцэг эхээс заяасан авьяас өгөгдөл бий л дээ. Гэхдээ монгол үндэстэнд ийм жүжиг төрөх тэнгэрийн дуудлага байсан юм болов уу, тэрийг бичих хувь нь надад тохиосон хэрэг. “Тэнгэрийн хүү” маань тэр уралдаанд түрүүлж, дүрэм журамд нь заасны дагуу театрын тайзнаа тавих болсон. Гэхдээ их сонин, жүжиг бичихдээ тухайлсан хүнийг бодож бичих их зүгээр санагдсан. 2006 онд “Атга нөж” жүжигт Наранбаатар Жамухын дүрд тоглосон юм. Үнэхээр хэн хүнээс онцгой “солиотой” Жамух болсон юм. Тэр санаанд ороод Модуныг би Парааг бодож байгаад биччихсэн. Тэгсэн чинь тоглох биш найруулагч нь болсон. Анхны сургуулилт, тоглолт нь таван цаг болж байсан. Ч.Баатар найруулагч “Таван цаг тоглосон ч уйдахааргүй жүжиг юм байна. Гэхдээ манайд таван цаг үздэг үзэгч байхгүй л дээ” гэж байсан. Анхны тоглолт гурван цаг хагас болсон. Дараа нь Унгарт тоглоход бас хасаж шинэчилсэн.

-Өөрийнх нь бүтээл олон улсын тайзнаа амилна гэдэг зохиолч хүний хувьд бахархал биз?

-Унгарын Будапештэд ноднин жил болсон Дэлхийн 35 орон оролцсон олон улсын наадамд УДЭТ эх орноо төлөөлж оролцсон. Тэр наадмыг “Тэнгэрийн хүү” маань салхийг нь хагалж нээлээ. Европынхон маш сайхан хүлээж авсан. Бараг 30 минут алга ташсан. Том бахархал юм билээ. Б.Явуухулан гуайн “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэдэг шиг дэлхийн тайзнаа бүтээлээ тоглуулах бахархам сайхан юм. Драмын театр маань ч анх удаа театрын өлгий Европт очиж тоглолоо. Ирэх есдүгээр сард Оросын Санкт-Петербургийн Александрискийн их театрт урилгаар очиж мөн нээлтийн тоглолт хийхээр болсон байна. Энэ бүхэнд зохиолчийн хувьд маш их бэлгэшээж, монгол хүний хувьд огших юм.

-“Тэнгэрийн хүү”-г бичих цаг үе, тохиол бүрдсэн гэж Та түрүүн хэлсэн. Зохиол бичихэд ухаан голлодог юм уу, онгод авьяас чухал юм уу?

-Аль аль нь чухал. Онгод гэдэг үгийг яруу найрагт илүү хамаатай гэж би боддог. Онгодоор бичдэг ганц төрөл бол яруу найраг, тиймээс яруу найраг бол цаглашгүй. Үргэлжилсэн үг буюу өгүүллэг, тууж, романыг бол төлөвлөгөөгөөр бичдэг. Маш сайн нарийн төлөвлөж бичихгүй бол болохгүй, өөрийн гэсэн дүрэм журам, бүтэцтэй уран зохиолын ертөнц. Үүн дотроос бүр ялангуяа уран зохиолын хүнд төрөл бол жүжиг. Тэр тусмаа түүхэн жүжиг. Түүх бол ярвигтай. Үзэгдэл, эхлэл төгсгөлөө нарийн төлөвлөнө, тайзан дээрх жижиг орон зайд том үйл явдлыг яаж гаргах вэ, үзэгдлийн доторх үзэгдэл, үүн доторх эхлэл, төгсгөл, тайллаа яаж хийх вэ гээд л маш сайн төлөвлөнө. Би өөрийгөө уран зохиолын салбарт түүхэн туульсын жүжгийн төрлөөр дагнан мөрөө үлдээлээ шүү гэж боддог.

-Шууд онгод нь орж ирээд гялалзтал хурдан бичдэггүй юм байна даа, тийм ээ…

-Хэрэв жүжгийг тэгж бичвэл галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм болно. Яруу найраг бол өөр юм. Цэвэр зүрхний охиос бадарч байдаг хөх дөл юм. Гэхдээ үргэлжилсэн үгийн зохиол бичихэд онгод бас байна аа. Тэгэхдээ маш нарийн сахилга баттай, зохион байгуулалттай, дүрэм журам, төлөвлөгөөтэй, нэлээн нарийн бясалгалтай бичих ёстой. Түүхэн жүжиг гээд түүх бичээд байвал сурах бичиг шиг болчих гээд, хэт уянгын халилтай бичиж бас болохгүй. Ерөнхийдөө мөсөн уулын зарчмаар буюу түүх нь тавны нэгд байхаар, бусад нь уран гоё фантааз, диалогиор дүрүүдээ тодотгож гаргадаг. Түүхэн жүжиг ярвигтай хэцүү хэрнээ бичээд дууссан хойноо маш таашаалтай байдаг л даа.

-“Тэнгэрийн хүү”-гээ хэр удаан бичсэн бэ?

-Бодоод л яваад байсан. Миний дотор, тархинд жүжгийн зохиол ургаад, үндэслээд л байна гэсэн үг. Тэгж байгаад дөрвөн өдөр сууж бичээд дахиад сар гаруй завсарласан. Нэг мэдсэн нөгөө уралдааны хугацаа нь бараг дуусч байна. Дахиад дөрөв хоног сууж бичсэн. Үндсэндээ найм хоног бичсэн гэсэн үг. Модун хаантай уулзаж байгаагаар шөнө зүүдэлнэ. Үүнийг л онгод гэх болов уу. Анхны хувилбар дээрээ Модуныг үхүүлж төгсгөдөг юм. Модуныгаа үхүүлчихээд хямраад уйлаад бөөн юм боллоо. Ер нь жүжигтэйгээ хамт амьдраад байгаа хэрэг. Зохиолын дүрүүддээ хайртай болчихдог юм. 2011 онд Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Их Монгол улсын 805, Хүннүгийн 2220 жилийн том их ойнууд давхцаад, театрын 80 жил болж байсан учраас “Бэлгэ дэмбэрэлтэй байя” гээд найруулагч маань төгсгөлийн хэсгийг нь өөрчилж, МЭӨ 209 онд Хүннү гүрнийг байгуулж байгаагаар бадрангуй төгсгөсөн.

Манай төрийн түшээд, 126 гишүүн маань үзчихвэл зүгээр жүжиг. Төр ёсны тухай, газар бол улсын үндэс гэсэн Модуны агуу үзэл номлолыг би нэлээн дэлгэрүүлж бичсэн. Манай жүжгийн жанжин шугам маань гараа алдлах газар шороо, толгойгоо тушаах төр ёсны тухай юм. Морин хуур, нар сар шүтэх, төр ёсны талаар, хаан хүмүн гэдэг ард түмнийхээ зарц нь байж, харь дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөс байж гэмээнэ цаг хугацаа, орон зайг эзэгнэдэг юм гэсэн олон үнэт зүйлийг тунхагласан . “Тэнгэрийн хүү” бол Хүн гүрний түүхийг анх удаа өргөж өгсөн жүжиг. Тэр үеэс хойш Хүннүгийн тухай хүчтэй ярьдаг боллоо. Наад зах нь хүннү дээлээ манайхан их өмсдөг боллоо. Тайзны урлагийн нөлөө хүчтэй юм даа.

Тэр жил “Ай Нан аа” гээд жүжгийг маань одоогийн Улаанбаатар театрт найз ах дүүс шиг явсан Л.Эрдэнэбулган ах маань бас найруулж тавьж байсан. Бүтээл ихтэй жил байсан даа. Зохиол бүтээл ингэж гараад байна гэдэг жаахан “онгод”-той байсных юм болов уу даа. Дээрээс ивээн тэтгээд байгааг би онгод гэж боддог. Тэгээд дотоод бясалгал чухал.

-Дээрээс ивээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Тэнгэр, мөнх тэнгэр. Модуныг бичиж байхад уулзаж зүүдэлнэ гэдэг ердийн зүүд биш байх. Жүжгийнхээ баатруудын нэрийг ч бас зүүдэлсэн. Зүүдлээд сэрэнгүүтээ шөнө босч тэр нэрүүдээ бичиж тэмдэглэж авсан. “Тэнгэрийн хүү” гэдэг нэрээ мөн зүүдэлсэн. Тухайн зохиолчийг сонгож дээрээс зүүдээр ч юм уу ямар нэгэн байдлаар юм хэлээд байгааг би онгод гэж боддог. Энэ нь миний дотоод бясалгал, сэтгэлийн оргилол, бичих туурвих хүсэлтэй маань нийлэхийг л онгод гэдэг юм болов уу даа. “Тэнгэрийн хүү” маань хоёр жил дараалан Монгол Улсаа төлөөлж олон улсын том фестивалийг нээж байгаа нь сайхан байна, бас санамсаргүй тохиолдол биш байх.

-Та тайзны хэчнээн бүтээлтэй вэ?

-Ер нь 50 гаруй жүжиг, дуурийн цомнол, дуулалт жүжиг бичсэн байна. Үндэсний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж Чингис хааны тухай “Хаадын хаан” түүхэн жүжиг бичсэнийг УДЭТ-т тавьсан. Түүхэн цаг үед, бичиж тэмдэглэгдээгүй орон зайд юу болсон байх вэ гэж бодож бичсэн.

-Чингис хааны амьдралыг огт өөрөөр бичсэн байсан…

-“Нууц товчоо”-г дагалгүй, их өөр өнцгөөр бичсэн. Жишээ нь, Мэргэдэд Бөртэг булаалгасан үйл явдал байна. Тэр үед Тэмүүжин 17 настай байсан. Тухайн үед улстөрийн тавцанд гарч ирж Хамаг Монголыг нэгтгэхэд хэн хэрэгтэй байсан гэхээр багын анд Жамуха, эцгийнх нь анд Тоорил хоёр. Энэ хоёрын дэмжлэггүйгээр гарч ирэх үндэс байхгүй. Дэмжлэггүй бол гэр бүлээрээ сүйрч, Монголын өндөрлөгөөс арчигдах гээд байдаг. Үүнийг хамгийн сайн мэдэж байсан хүн бол Өүлэн эх. Бөртэ хатан бие давхар болсны дараа мэргэдүүдэд булаалгах ажлыг Өүлэн эх хийсэн. Энэ бол комбинаци. Түүхчийн хувьд ч би тэгж бодсон.

-Бөртэ хатныг модон тэрэгтэй нь үлдээгээд зугтдаг бил үү…

-Үүнийг эртнээс бэлдсэн. Түүнээс биш Тэмүүжин хатнаа орхиж явах ч хүн биш. Хүч сул байгаа гэсэн мэдээлэл түгээсэн. Мэргэдээс Өүлэнийг булаасан эртний өшийг өдөөж, түүнд өгөөш болгож Бөртэг үлдээсэн. Үүндээ Сочихэлийг өөрт нь мэдэгдэлгүй Мэргидийн хов түгээгч болгон ашигласан. Тал нутгийн ёсонд бие давхар хүнд ойртдоггүй. Мэргэдүүд ч оюун билэгтэй, төр ёсны уламжлалтай дайчин ард түмэн. Энэ бүхнийг Өүлэн эх нарийн тооцож, зохион байгуулсан. Нөгөө талаар Жамуха, Тоорил хан нарт зүв зүгээр байж байгаад Мэргэд рүү дайрч болохгүй, шалтгаан хэрэгтэй байсан. Андынхаа эхнэр, хүүхдийг авч өгөх сайхан шалтгаан гарсан. Тоорил хаан бол Есүхэй баатрын тусалсан ачийг санаж Мэргэд рүү дайрахаар болсон. Түүхэнд бичигдсэн тэр том тулаан Тэмүжиний хүчирхэгжих үндэс болж, нэр нь тал нутагт цуурайтан манддаг. Түүхэнд байгаагүй ийм эргэлтийг зориуд зохиолдоо зохиомжлон бичсэн юм. Жамуха, Тэмүжин хоёрын салах шалтгаан “ууланд шахаж бууя адуучинд гэр болтугай…” гэдэг үгнээс болоогүй. Тэр хоёр жил шахам хамт байхдаа хүчирхэг байсан Найман, Хэрэйд, Татар зэрэг бусад аймгуудыг яаж нэгтгэх, Их Монгол Улсыг яаж байгуулах вэ гэсэн зураглал хийсэн. Хамт тэмцвэл цугтаа даруулна, тиймээс хамт байж болохгүй, хоёр талд дайсан мэт гаръя гээд салсан. Энэ хоёрын улстөрийн тохироо байсан байх гэж бодож бичсэн. Сүүлд нь хамаг Монгол Улсын хаан хэн болох вэ гэхэд Жамуха “Тэнгэртээ одъё” гээд явсан.

“Хаадын хаан” жүжгээ Модун шиг бичиж болох байсан. Омголон, бадрангуй, дайчин… үзэгчид дуртай шүү дээ. Тэгэхдээ би их хааныг дотор талаас нь, энэ хоёр баатрын андлалаас бий болсон Их Монгол Улсын талаас нь харж хийсэн. Хүннүгийн сэдэвт “Асарын өндөр” жүжгийг Завханы театрт толилуулсан. Үүндээ Буддын шашин Хүннүгийн үед дэлгэрсэн гэдэг үзэл санаагаа шигтгэсэн. “Алтан хүн”-ий тухай хятад сурвалжийн мэдээг дэлхээсэн юм. А.Амар сайдын тухай “Хөх төрийн бэрс” гээд жүжгийг Эрдэнэтийн театрт бас тавьсан. Их олон тоглогдсон. “Ай Нан аа” маань байна. Орон нутагт бүтээлүүд маань тоглогдож байгаад баяртай байдаг. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоос сэдэвлэж “Хорвоотой танилцъя” хүүхдийн жүжиг, Эрдэнэбулган ахтайгаа хамт “Аралудын хүлэг Боорчи” гээд хүүхдийн жүжиг тавьж байсан.

-Та Төрийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд нэлээн оролцоотой харагддаг. Зохиолыг нь бичдэг үү?

-Төрийн наадмын зохиолчоор зургаан удаа, төрийн концертын зохиолчоор хоёр удаа сонгогдон ажилласан. Энэ бол их хувь хишиг гэж боддог.

-Та нэлээн олон номтой байх аа…

-Хорь гаруй ном хэвлүүлжээ. Яруу найргийн хоёр номтой. Хамгийн анхны МЗЭ-ийн анхны номын уралдаанд шалгарсан “Мөс зуусан буга” ном маань араасаа олон бүтээл дагуулжээ. Энэ үедээ “Мөс зуусан буга”-ын Цогнэмэх гэж дуудуулдаг байсан. Одоо “Тэнгэрийн хүү”-гийн Цогнэмэх гэж дуудах болсон. Бүтээлээрээ ингэж дуудуулах таашаалтай юм билээ. Хүн эцгээрээ эсвэл нутаг усаараа овоглодог. Аль, аль нь сайхан. Зохиолч, уран бүтээлчдийн хувьд бүтээлээрээ овоглож дуудуулах нь сэтгэлд сайхан, гоё л байдаг юм. Энэ бол хүндэтгэл, дээд чимэг юм даа.

-Таны бахархал гэвэл юуг хэлэх вэ?

-Эх орноороо л бахархана. Гадагшаа хөл тавиад л эх орноо санаад эхэлдэг биз дээ. Гүнжийн Сүхбаатар гуайн хэлснээр “Эх оронч байна” гэдэг хүн хөдөлмөрч байхыг хэлдэг гэдэг. Бийр янтай түшсэн бидний хувьд зохиол бүтээлээ л эх орондоо өргөн барьж байгаа юм. Монгол хүн болж төрснөөрөө бахархах бол их заяа юм. Ялангуяа “би чинь Монгол хүн шүү дээ” гэж бодохоор ер нь бол дээшээ огторгуйн чанадад гарчихдаг шүү дээ. Хүмүүс Монгол орон гайхаад байхаар байгальтай биш. Шороо шуурсан гээд ярьдаг. Тэр шороо салхи нь, нүүр нүдгүй шуурсан нь хүртэл сайхан гэдгийг мэдрэх хэрэгтэй. Энд юу байна гэхээр, хэнд ч олдохгүй сайхан эрх чөлөө бий. Хэнд ч олдохгүй сайхан ямба энд л байдаг. Бид эх орондоо л ямбалдаг. Өөр хаана ч ямбалж чадахгүй. Монгол хүн болж төрсөн гэдэг чинь ёстой сайхан бахархал юм. Эх орноороо, их түүхээрээ, өв соёлоороо бахархана.

-Танай удамд бичдэг хүн байдаг уу?

-Аав маань Ховдын хөдөө аж ахуйн техникумд сурч байгаад жолооч болох гэж оргоод ирсэн “сэхээтэн”. Тэр үеийн жолооч нарыг сэхээтнүүд гэж би боддог. Хамгийн их мэдээлэл түгээдэг байсан хүмүүс. Монгол доторх интернэтийн үүргийг хэн хийж байв. Энэ жолооч нар. Манай аав маш их уншдаг хүн байсан. Тэр нь надад багаас минь нөлөөлсөн. Аав бас сайхан дуулна. Манай буурал аав Төмөр маань 1893 онд төрсөн, ноёны дууч дагалдан байсан. Ноёны дууч дагалдан гэдэг бичиг номтой, төрийн дуучин хүн. Энэ удмын нөлөө байна. Манай ээжийн тал Г.Бадамсамбуу ахтай төрөл садан юм. Гүн ухаантан Ч.Жүгдэр гуай бас холын хамаатан юм байна лээ.

Би ер нь аавынхаа машины кабинд өссөн хүүхэд. Алтайн сүрлэг уулс, Хархираа Түргэний уулс, Увс, Хяргас, Хар ус нуур, Толбо нуур, Ховд, Завхан, Идэр, Тэс, Цагаан гол, Чигж, Туруун гээд энэ их уул усны диваажинд миний бага нас өнгөрсөн нь үзэг бийр нийлүүлэхэд минь нөлөөлдөг л байх. Ямар сайхан хөдөө, уул усны дунд өсөө вэ гэж би боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин Д.ОЮУНТУЯА

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...