Төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд санууллаа.

Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.