Мөрөөдлийн ЦООРХОЙ

Дугуй цагаан хэмээх ойн цоорхой бол нийслэлчүүдийн бүтэн амьсгаа авахын төлөө зүглэх мөрөөдлийн цоорхой. Ийш зүглэх нь ерөөс амралт зугаалга биш гагц амьд байхын төлөөх тэмцэл мэт бодогдож алхана. Богд уулын өндөрлөгөөс нийслэлийг харахад Монголын нэгэн үеийн харанхуй цагийг харуулсан Д.Нацагдорж зохиолчийн “хөмөрсөн тогоон доторх” амьдрал санагдана. Тэр бол сэтгэлгээний харанхуйг ёгтолсон дүрслэл бол өдгөө Улаанбаатар хот бодитоороо харанхуйд автжээ. Битүү татсан гүн хар утаат хөшгөн дор баг зүүн түгжирч суух нь хөгжил юм гэж үү.

Ой санамж багатай төрийн орон гаран төсөв

Өвлийн дунд сарын энэ өдрүүдэд утаа, төсөв хоёр монголчуудын хамгийн халуун сэдэв болж байна. Утаа бол угаас өвлийн топ сэдэв. Зүй нь аливаа асуудлыг бага багаар ч болтугай шийдвэрлэж явдаг байтал манайд гацуурын чимэглэл шиг гаргаж ирж ярьсаар л байдаг. Жил бүрийн төсвийн төсөл болоод үр дүн дээр олон улсын байгууллага, мэргэжлийн хүмүүс санал зөвлөмжөө гаргасаар ирсэн. Тэндээс нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын эрэмбээ зөв тогтоох, төсвийн хяналт, үр ашгийн тооцоололтой байх зэрэг зөвлөмжийг өгсөөр байхад тэр алдаагаа давтаж оруулж ирсээр байдаг нь харагддаг. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтын төслийн тоо өмнөх жилээс буурч, 38 шинэ төсөл орж ирсэн ч төсөвт өртөг нь маш өндөр байгаа. Зам тээврийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт буюу 640 гаруй тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлэхээр болсон байна. Шинэ мега төслүүдийн хувьд ТЭЗҮ, нийгэм эдийн засгийн ач холбогдол нийтэд ил тод биш байна. Хөрөнгө оруулалтын төслүүдийн дотор аялал жуулчлалын зам, төрийн албан хаагчдын орон сууцжуулах төсөлд 90 тэрбум төгрөг тусгасан гэх мэт нь нэн тэргүүнд тулгамдсан асуудал мөн үү, Улаанбаатарын агаарын бохирдолдоо илүү анхаарах ёстой биш үү” хэмээн “Нээлттэй нийгэм” форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярилцлагадаа дурджээ.

Шинэ төслөөс гадна шилжих төсөл буюу он дамнан төсөв тавиулсаар явдаг, дуусдаггүй хэсэг ажил байна. Тэдгээрийн олонх нь барилгын ажил бай бөгөөд бүр 2011 оноос хойш баригдаагүй дуусдаггүй, жил бүрийн төсөвт хөрөнгө тавиулсаар явдаг обьект хүртэл байх жишээтэй. “2024 оны төсвийн төсөлд туссан нийт 1049 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 52.6 хувь буюу 552 нь шилжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламж байсан”-ыг Нээлттэй нийгэм форумаас хийсэн өнгөрсөн оны шилжих төслийн судалгаанд дурджээ. Ёстой “Улсын төсөв уйлдаггүй” нь л энэ байх даа. Төсвийн тухай хуулийн 14.2.11-д “Төсвийн байгууллага үйл ажиллагааг, үр дүнгийнхээ шинжилгээг 3-5 жил тутамд нэг удаа хийж байх ёстой” гэж заалт бий. “Лавтай 10 жил болсон энэ хуулийн дагуу үр дүнгийн шинжилгээ хийсэн төсвийн ерөнхийлөн захирагчийг би лав санахгүй байна” хэмээн судлаач Н.Энхбаяр хэлж байна лээ.

Үр дүнгийн шинжилгээгүй, хяналтгүй байдлаас олон “но” гарах нь тодорхой. Үүний сүпер жишээ бол утаа. Агаарын бохирдол анх 2008 оноос яригдаж эхэлсэн бөгөөд үүнд зориулан улсаас болон олон улсын байгууллагаас багагүй хөрөнгө төсөвлөсөөр ирсэн. Гэвч тайлан, дүгнэлт тодорхой хийгээд бодитой бус төдийгүй 2018 оноос хойш аудитын шалгалт огт хийгдээгүй байх жишээтэй. Erguur.mn сайтад мэдээлснээр 2008-2016 онд л гэхэд “Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тогтоож байжээ”. Энэ дүн жил бүр өссөөр энэ жил 60 тэрбум төгрөг агаарын бохирдолд төсөвлөжээ. Энэ мэт жил бүр утаанд зориулсан улсын, нийслэлийн төсөв, сан болоод олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтын тоог нийлүүлбэл толгой эргэм.

Дээрх логикоос нэг зүйл тодорхой харагдана. Хэдийнэ их наядаар тоологдох болсон тэр мөнгөөр агаарын бохирдол бол арилсангүй. Арилгах сонирхол ч байсангүй. Утаа бол угаас улстөрчдын мөнгөний угж юм байна. Тэдний шунал арилсан цагт утаа арилна.

Бид амьд явах үндсэн эрхээ ч утаанд алдсан

Хүний эрхэд суурилсан төсөв гэж “Улсын төсвийн боломжит хамгийн их хувийг хүний эрхийг хангахад зарцуулахыг хэлнэ” хэмээн “Эмнести интернэшнл” байгууллагаас тодорхойлжээ. Мэдээж төсвийн зарцуулалтын хаяг шошго хүнд чиглэсэн харагдах ч хачир дээрээ үр дүнд биш төсөв “саах”-ад багагүй хувь нь зарцуулагдаж байгаагийн бас л сүпер жишээ нь утааных. Нийтийн эрүүл мэндийн төлөө нэртэй хэдэн их наяд төгрөг нийлж халаасалсны төлөөсөнд иргэд амьд явах үндсэн эрхээ ч утаанд алдсан. Ийнхүү үндсэн эрхээ ч эдэлж чадахгүй явахад юун бусад дагалдах эрхийн тухай ярих.

Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын фактад “Аливаа улс хүний эрхэд ээлтэй төсөв батлуулахдаа хүний эрхийг ядаж наад захын төвшинд хэрэгжүүлсэн байхыг зөвлөдөг ч манайд хүний эрх мянга дугаарт эрэмбэлэгдэж байна. Тогтолцоондоо үүссэн хямралыг цаг тухайд нь засаж яваагүйн гай одоо амьдрал дээр утаа, цахилгаан, түгжрэл гээд улаан гэрэл нь анивчсан нийгэмд осолдохгүй мэндшүүхэн, эрхээ эдлэх эрхгүй мэт амьдарч байгаа нь гашуун боловч үнэн. ЭЗХЯ, БОУАӨЯ, ЭМЯ-ны 2024 онд гаргасан “Монгол Улс: Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа” -нд гадаад орчны бохирдлоос болж 2839 хүн, дотоод орчны агаарын бохирдлоос болж 4300 хүн жил бүр нас барж байгаа сэрдхийм статистик байна. Манай улс олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэж, зээл тусламж авахдаа бол сүйхээтэй байгаа юм аа. Энэ “чадвар”-аараа бол олон улсад дээгүүр эрэмбэлэгдэх байх. Агаарын бохирдолд л гэхэд Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Мянганы сорилтын сан, Хятадын зээл гээд олон газраас хөрөнгө оруулалт татсан. Уг нь олон улсын гэрээг дагаж мөрдөх гэж элсдэг. Жишээ нь манайх НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад нэлээд эрт нэгдсэн. Тус пактын дагуу улсын төсөвт үр дүнгийн шинжилгээ хийх шаардлагатай байгааг “Эмнести интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Р.Очирбал хэлсэн. Мөн тэрээр “Зарчим тусгадаг хууль манайд цөөн. Хаа очиж манай Төсвийн тухай хуульд зарчмын тухай байдаг. Энэ хуулийнхаа дагуу ч үр дүнгийн шинжилгээ хийх ёстой. Харамсалтай нь манайд төсвийн хяналт аль ч шатандаа сул байна” гэдгийг онцолсон. Өнөөх улигт утааны тухайд анх агаарын бохирдол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариуцах асуудлын хүрээнд багтдаг байсан бол дараа нь Ерөнхий сайд руу, тэндээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга руу, тэгээд яам руу гэж явсаар өдгөө бүр хариуцах газаргүй болсон. Албан ёсоор хариуцах газаргүй болчихоор хяналтаа хэнд тавьж, хариуцлагыг хэнд тооцох вэ?

Утаанд төсөвлөсөн мөнгийг эзэн биегүйгээр идэх хэлбэр улам төгсөрсөөр, утаанаас үүдэлтэй нас баралтын тоо улам өссөөр. Дахин хэлье. Богд уулын Дугуй цагаан ойн цоорхой бол нийслэлчүүдийн амьд байхын төлөөх мөрөөдлийн цоорхой. Бид төсөвтөө ч, хүний эрхэндээ ч түмэн цоорхойтой ард түмэн.

Д.ПҮРЭВСҮРЭН

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ТӨСӨВ: Цагдаагаа гэмтнүүдэд дээрэлхүүлээд, тамирчдаа зардлын гуйлгачин болгох уу?

Улсын 2025 оны төсвийг УИХ-аар дахин хэлэлцэж байна. Өмнө...

Хятад иргэнийг буудаж хөнөөсөн хэрэгт 2 монгол, 2 хятад иргэнийг холбогдуулан шалгаж байна

БНХАУ-ын иргэнийг нисэх  онгоцны буудал дээр буудаж, хөнөөсөн хэрэг...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...