Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Н.Шакиевын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2024 оны 04 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиевыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ.  Парламентын тэргүүн нар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, харилцан айлчлал идэвхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байгааг онцлов. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо. Хэлэлцээний үеэр талууд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо.  Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар ноос импортлох нөхцөл харилцан зөвшөөрөх тухай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Н.Шакиевт бараалхав

Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев бараалхав

Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцов

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож Тогтвортой хөгжлийн зорилгууд, түүний дотор 16 дахь зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй БНКирУ-ын бодлого, үйл ажиллагаа, үр дүн болон үндсэн үзүүлэлтүүдийн талаар товч танилцуулж, цаашид тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, идэвхтэй үйл ажиллахаа явуулахаа илэрхийлэв. Тэрбээр, бүс нутгийн төдийгүй дэлхий дахины харилцаа, тогтвортой хөгжилд чухал ач холбогдогдолтой чуулга уулзалтын оролцогчдод амжилт хүсэж, энэ талаар идэвх чармайлт гарган ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурал болон чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудад талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...