Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр болсон шуурхай зөвлөлгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг хөндөн ярилцжээ. Хотын дарга Х.Нямбаатар “Өмнөх цаг үед дандаа авлигаар газар олгож, орон сууцны хорооллуудыг төлөвлөлтгүй барьсан. Эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа. Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ.
Хоёрдугаарт Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ. Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5000 ам метр газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхдэнэ биз.
Тайгам Алтай компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг Тайгам Алтай компани барьсан. Тайгам Алтай компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул. Хан Хилс хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчхаад нийтийн эзэмшил дээр гаргангуутаа сүүдрэвч иргэдийн амрах орчин барьчхаад байгаа юм. Энэ бол хөгийн шунал.
Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа. Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгөөч.
Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй. Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм гэлээ.
Хотын дарга юутай ч авлига өгч гаршсан барилгын компаниудтай дайн зарлалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголт, авлигын асуудлаар “бөмбөг тэсэлнэ” гэдгээ өмнө нь мэдэгдчихсэн. Барилгын компаниудаас гадна нийслэлийн дунд шатны авлигач түшмэдийн толгой дээр аянга буух нь тодорхой болов. Засгийн газраас нийслэлийн газрын авлигын асуудлаар нээлттэй сонсгол явуулах Түр хороо байгуулахыг УИХ-аас хүссэн, зөвшөөрсөн.