Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024-01-31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрбээр,
Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.
Дөнгөж сая Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ.
Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд ШУУД хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд ШУУД хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдсэн Ардчилсан нам, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр бүсчлэн явуулах өөрчлөлтийг хийж чадсан.
Харин өнөөдөр олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн энэ үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэе.
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо.

“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа.
Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар Улсын Их Хурлын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх болно.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялаг, нийслэлийн газар, өмч хувьчлалын талаар бодитой дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх болно гэдгийг дахин хатуу илэрхийлье.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ.
Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахыг нийт иргэдээрээ хяналт тавих, засаглалын асуудалд шууд оролцох тогтолцооны реформ болох болно.
Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнд хүрлээ. Луу жилд монголчууд баялагтаа шууд эзэн болно.
Баярлалаа гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...