Төрөлх үүрэг ба тулгасан үүргийн ялгаа
Бидний амьдралын хэв маяг технологийн дэвшлийн ачаар улам хялбарчлагдаж байна. Ганц товч дараад болчихдог техникийн хялбарчлал, одоо бүр хуруугаа ч хөдөлгөлгүйгээр үг хэлээд л хөшиг хаагдаад, хөгжим асаад, зурагт нээгддэг болсон цаг. Гэвч технологиор орлуулж болдоггүй хүний төрөлх үүрэг гэж бий. Түүний нэг нь хүүхэд төрүүлж өсгөх эмэгтэй хүний биологийн үүрэг.
“Эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн карьер булаалдах биш гэрийн сайн эзэгтэй байх нь л чухал” гэх уламжлалт хандлага бага багаар бүдгэрч байгаач жендэрийн тэгш байдлыг ярих хэмжээнд олон нийтийн боловсрол төлөвшөөгүй байна. Хэдий эмэгтэй хүн жирэмслэхээс эхлээд хүүхдээ тодорхой насанд хүртэлх хугацаанд нийгэмд өсч дэвших олон боломжоо алддаг ч энд хүүхэд төрүүлэх биологийн үүргийн тухай хөндөх гэсэнгүй. Гол нь хүүхдээ өсгөж, гэртээ байх хугацаанд асрахуйн бүхий л үүрэг эмэгтэй хүний нуруун дээр ирдэгт асуудлын зангилаа буй. Дэлхий нийтэд энэ ойлголтыг макро түвшинд авч үзэн, асрахуйн эдийн засаг гэсэн бие даасан ойлголт, ухагдахуун бий болжээ.
Асрахуй гэдэг бол зөвхөн үр хүүхдээ өсгөх тухай биш, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэх мэт асаргаа шаардлагатай бүхий л насныхныг халамжлах тухай ойлголт юм. Энэ үүрэг сонголтгүйгээр ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд оногддог. Тэгвэл асрахуйн эдийн засаг гэдэг нь асарч, халамжлахтай холбоотой олон төрлийн үйлчилгээг бизнес байдлаар хөгжүүлснээр улс орны тогтвортой хөгжлийн нэг суурь болох хэмжээнд өргөн хүрээг хамардгийг дэлхий нийтийн жишээ харуулж байна. Тухайлбал, гадны зарим улсад өндөр настныг урт хугацаанд асрахад зориулсан даатгал байдаг бөгөөд хөдөлмөрийн идэвхтэй насандаа уг даатгалд хамрагдсан хүн хожим асаргаанд орох шаардлагатай болвол даатгалаараа асрамжийн газарт очдог аж.
“Хүн ам өсч, насжилт нэмэгдэхийн хэрээр энэ мэт зохицуулалт манайд нэвтрэх нь дамжиггүйэ. Тэр үед асрах хэрэгцээ нэмэгдэх тул хүссэн хүсээгүй үүнийг эдийн засгийн аргаар шийдэхэд хүрнэ” гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс ярив. Мөн тэрээр “Манайд төрөлтийн түвшин 1.8-тай байгаа. Хоёроос дээш байж хүн ам өсдөг. Эдийн засгийн үйл хөдлөл, зан байдлыг авч үзвэл эмэгтэйчүүд ирээдүйд хүнтэй суухгүй, найз залуутай байж болно. Мөн олон хүүхэд төрүүлэхгүй, оронд нь нохой, муур тэжээх хандлага нэмэгдэж байна. Ийм байдлаар гэр бүлийн системд өөрчлөлт орж, төрөлт бууран, насжилт нэмэгдэж эхэлбэл манай улсад эрүүл болон өвчтэй настныг асрахтай холбоотой том асуудал ургаж гарна” гэснээс үзэхэд үр хүүхэд нь эцэг эхээ асрах ёстой гэсэн уламжлалт хандлага цагийн аясаар өөрчлөгдөх нь.
Асрахуйн эдийн засаг буюу бизнесийн шинэ орон зай
Тэгвэл асрахуйн эдийн засагтай холбоотой бизнесийн орчин манайд ямар түвшинд байна вэ. Дөнгөж л хэлбэржиж буй хүүхэд асрах үйлчилгээг эсвэл тооцвол Монгол Улсад энэ төрлийн асаргаа үйлчилгээ ихээхэн хомс. Тэр хэрээр бизнесийн орон зай байсаар байна. Мөн дээр дурдсанчлан асрахуйн даатгалын системийг бий болгох шаардлагатайг бусад орнуудын жишээс харж болно. Хамгийн гол нь иргэдэд ээлтэй, санхүүгийн боломжинд нь тохирсон, ирээдүйн татвар төлөгчдөд дарамтгүй системийг бий болгох талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш нар судалгаа явуулж байна.
Азийн сангийн судалгаагаар “Асралын эдийн засгийг жигд хөгжүүлвэл дэлхий нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр бий болно” гэсэн үр дүн гарчээ. Энэ нь дан ганц ажлын байр нэмэх тухай асуудал биш, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг системтэй хуваарилснаар жендэрийн тэгш байдал хангагдах, улмаар эрчүүд дээр төвлөрч байсан гэр бүлээ санхүүгээр тэтгэх үүрэг ч хөнгөрөх юм. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог эрэгтэйчүүдийнхтэй адил хэмжээнд хүргэж “бүрэн гүйцэт ашиглах боломж”-ийг нэмэгдүүлж чадвал тухайн улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 26 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үндэсний статистикийн хорооны 2022 оны I улирлын ажиллах хүчний судалгааг харахад Монгол Улсад ажиллах хүчний оролцоо 53-хан хувьтай. Эрэгтэйчүүд нь 59 хувь, эмэгтэй нь 47 хувьтай байгаа нь эмэгтэйчүүд хэдий мэргэжил, боловсролтой ч асрахуйн үүргийг хүлээж гэртээ суудагтай холбоотой.
Эндээс харахад асарч халамжлах ажил нь нэг талдаа бизнесийн асар том зах зээл, нөгөөтээгүүр жендэрийн тэгш байдлыг хангасан хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох хөшүүрэг юм. Өдгөө яригдаж буй эдийн засгаа солонгоруулах нэг алхам нь чухамдаа асрахуйн салбар байж болох нь.
Д.ПҮРЭВСҮРЭН