Нүүрсний сонсголоор арванхоёрдугаар сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд “Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, Загийн усны хоолой, “Тавантолгой” дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, “Шивээ-Овоо” ХК болон “Багануур” ХК-тай холбоотой асуудлыг сонслоо. “Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар нит 9 гэрчийг дуудсан.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Энэ асуудалтай холбоотой албаны дарга нар ирээгүй байна. Ж.Батбаясгалан, М.Ганбаатар нар ирээгүй. Утас нь холбогдохгүй байна. Ажил хариуцаж байсан хүмүүс шүү дээ. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдэлдэг. Сонсголд оролцох болохоор ирдэггүй. Одоо ажил хариуцаж байгаа Ц.Даваасүрэн бас ирсэнгүй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Нийслэлчүүд анхааралтай харж байгаа байх. Анх 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэж үзэж байсан. Харамсалтай нь өнөөдөр ямар хэмжээнд байгааг олон нийт харж байгаа. Баруун бүсийн үйлдвэр анх ашиглалтад орж байсан. Энэ үйлдвэр 2024 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсооно гэсэн. Агаарт тоосонцор тортог их гардаг үйлдвэр. Зарим материал устгаж, алга болсон байна. Төрийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд яагаад архивын баримтаа устгачихдаг юм бэ. Гүйцэтгэсэн гэрээнүүдийн тайланг авах бүрэн боломжтой юу. Нийт санхүүжилтийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК гаргадаг гэхээр их алдагдалтай ажилладаг гэдэг нь харагдаж байна. Актлахаар санал оруулж байгаа эргэлтийн хөрөнгөнд 2019 оны худалдан авалтаас үлдсэн 860 мянган тонн 668.3 төгрөг, 2021 онд худалдан авсан 160 мянган тонн буюу 120 сая. 840 мянган төгрөгийн гурил байна. Туршилтаар барьцуулагч хийхэд ашиглахаар авч байсан боловч зориулалтын бус газар гурван жил хадгалсан нь тогтоогдсон. Мөн 2019, 2020 онд агаарын бохирдол буурчихаад яагаад энэ жил утаатай байна вэ?
Гэрч Ц.Алтансүх:
-Анх компани байгуулагдсан 2019 онд утаа эрс багассан. Энэ бүхэн үйлдвэрлэсэн түлшний хэмжээ, нийслэлчүүдийн хэрэглээтэй шууд холбоотой. 2019-2020 онд 350 орчим мянган шахмал түлш хэрэглэсэн. Тэрнээс хойш хэрэглээ өсч, 550-600 орчим мянган тонн түлш хэрэглэж байна. Чанарын хувьд нарийн технологи байхгүй. Үндсэн түүхий эд нь мидлинг нь 96, барьцалдуулагч нь 4-5 хувьтай. Бид өөрийн болон хөндлөнгийн лабораториудад байнгын хяналт шинжилгээг хийдэг. Бид одоо чиг үүргийн яам, нийслэлийн харьяа байгууллагад шинжилгээг хийлгэж байна.
Гурилын тухайд, цар тахлаар буюу 2019-2020 онд хил хаалттай барьцалдуулагч тасалдах эрсдэл үүсч байсан учраас техникийн гурилыг туршилтаар хэрэглэж, тодорхой үр дүн гараагүй учраас актлахаас өөр аргагүй байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-“Зерован” ХХК-иас найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Тус компанийн захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, таны гэр бүлийн хүн Ө.Ууганбаярын Төрийн банк руу шилжүүлсэн.Үүнд тайлбар өгнө үү?
“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан П.Амарцэцэг:
-Би 2018-2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Санхүүгийн програмыг сонгон шалгаруулахад тендер зарлах шалгуур өндөр байсан. Худалдан авалтын материал, үнийн харьцуулалтыг оруулсан бол 40 сая гэж өндөр үнэтэй байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хийхийн тулд програм авахаар болсон. Үнэхээр авах програм тэр үед 10 сая төгрөгт олдоогүй учраас програмыг авсан.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Одоо тус компани 997 тэрбум төгрөгийн өртэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1.69 их наяд төгрөгийг авч, маш их үрэлгэн хандаж, олон бичиг баримт алга болж байна. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр “Иннэр монголиа” болон өөр нэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Мөн 2022 оны наймдугаар сарын 31-нд 6.6 тэрбум “Интерпрайс” компаниас сайжруулсан түлш хийхээр 23 тэрбумаас нүүрс худалдан авсан байх юм. Ямар учиртай юм бэ?
Мөн Хятадын нэг компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум, 6.8 тэрбум, 3.8 тэрбум гээд барьцалдуулагч авсан байна. Тендерийн материалуудыг үзсэн болов уу. Тендерээр авдаг юм гэж байна уу. Асар их алдагдалтай компани байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан байна. Удирдлага нь ямар гэрээгээр явдаг юм бэ. Хамгийн өндөр цалинтай хүн 125 сая төгрөг авчээ. Гэтэл компани нь их наядын алдагдалтай байдаг. Юу хийсэн гэж ийм их мөнгө аваад байдаг юм бэ?
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан өөрөө ирээгүй байна. Шинжээч хариулах уу?
Шинжээч:
-Санхүүгийн мэргэжилтэнтэй холбогдсон боловч АТГ-т шалгагдаж байгаа гэсэн шалтгаанаар тодорхой баримтыг ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим томоохон худалдан авалтууд нууцын зэрэглэлд оруулж, шууд худалдан авалтыг хийсэн байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Тус компани нэг их наядын алдагдалтай, 500 тэрбумын өртэй, 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар зөрчилгүй дүгнэлтийг гаргуулсан. ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захирал зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргачихсан. Үндэсний аудитын газар нь зөрчилгүй гэчихсэн байна. Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна.
Л.Одхүү гэж хүн гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтэд энэ хүнийг юу гэж танилцуулсан бэ?
Шинжээч:
-Шуудайны шууд худалдан авалтаар нийлүүлсэн “SBM Хангай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд гэж гарч ирж байгаа. Улсын бүртгэлийн лавлагаагаар гарч ирсэн.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-2019-2023 онуудад шуудай нийлүүлсэн. Нийт 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн компани нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн компани байна. Бүртгэл нь байна уу. Энэ компанийг Сэнгээгийн Бямбасүрэн 100 хувь эзэмшдэг. Мөн Л.Одхүү нар хамтарсан компанитай. Нэгдмэл сонирхолтой этгээд байна. Шуудай нийлүүлэх тендерт оролцсон. Мөн ГЕГ-ын санхүүгийн даргаар ажиллаж байсан гэдэг мэдээлэл байна.
Түүний эхнэр Б.Оюунзул нь “Алтан хот” ББСБ-ын үүсгэн байгуулагч. Мөн Ж.Батбаясгалан иргэн Бадамжунай түүний охин Оюунбилэг, Б.Оюунзул нарын хамтарсан ББСБ гараад ирлээ. Нэгдмэл сонирхолтой нь батлагдлаа. Эцсийн өмчлөгч нь Б.Оюунзул нь гүйцэтгэгч захирлаар ажиллаж байсан үүсгэн байгуулагч дээр Ж.Батбаясгалан, Б.Оюунбилэг нар байсан бол одоо Б.Оюунбилэг байна. Бүгд иргэн Т.Бадамжунайгаар холбогдож байна. Ийм хамаарал тогтоогдож байна. Хариулах хүн байдаггүй.