“Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой…”
(Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйл)
Монгол эмэгтэйчүүд нэгэндээ дургүй, дэмждэггүй. Гэхдээ “Эрчүүд эрчүүддээ хайртай” болоод “Эмэгтэй эмэгтэйдээ хайртай”-н зөрүү ийм хол гэж санасангүй.
Эрэгтэй хүн эрэгтэйгээ дэмжих хандлага эмэгтэйчүүдээс 30 гаруй хувиар илүү
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн долоодугаар бүлгийн “Улс төрийн хүрээн дэх жендерийн эрх тэгш байдал” хэсгээс хүргэж байна.
Илтгэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Койка олон улсын байгууллагын хамтран гүйцэтгэсэн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” судалгааны дүнгээс дурдсан байв.
Судалгаанд оролцсон эрэгтэйчүүд эрэгтэй хүнээ шийдвэр гаргах түвшинд дэмжих хандлага 58.9 хувь байгаа бол эмэгтэйчүүд эмэгтэй хүнийг дэмжих хандлага 28.5 хувьтай илэрсэн байна. Тодруулж хэлбэл, эрэгтэй хүн эрэгтэйгээ дэмжих хандлага эмэгтэйчүүдтэй харьцуулахад даруй 30 гаруй хувиар илүү байгааг харж байна.
Эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих хандлага
Эх сурвалж: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл судалгааны тайлан, 2021 он
Удирдах эрхийг итгэлтэйгээр эрчүүдэд
Үүнээс гадна дээрх судалгаанд удирдах ажилтнаар ажиллуулахдаа хэнд итгэх талаар тодруулахад, эрэгтэйд ерөнхийдөө итгэлтэй гэж 50.9 хувь, бүрэн итгэлтэй гэж 41.9 хувь байхад эмэгтэй удирдах албан тушаалтанд огт итгэхгүй, ерөнхийдөө итгэхгүй байна гэх хариулт эрэгтэйчүүдээс илүү хувь эзэлж байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулахад итгэлгүй буюу хүсэхгүй байгааг харуулж буй юм. Мөн судалгаанд удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд эмэгтэй хүнд үл итгэх хандлага оролцогчдын 20 орчим хувьд нь байсан бол эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун, шударга байж чадна гэж дэмжиж байгаагаас гадна захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзэл түлхүү ажиглагдаж байгааг өгүүлжээ.
Шинэ сонгогчид ч эмэгтэйчүүдэд ээлгүй
Шинэ сонгогчид ч эмэгтэйчүүдэд итгэлгүй бас ээлгүйг дараах судалгаа харуулна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн жишээн дээр явуулсан “Улс төрийн сонгуульд хандах эмэгтэй шинэ сонгогчийн хандлагыг тодорхойлох судалгаа” бөгөөд судалгаанд 300 шинэ сонгогч хамрагджээ.
“Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө дараах нэр дэвшигчийн шинжүүдээс алийг нь илүүд үзэх вэ” хэмээх асуулгад эрэгтэй шинэ сонгогч эрэгтэй нэр дэвшигчийг дэмжих хувь 73.6 хувь байгаа бол, эмэгтэй шинэ сонгогч эмэгтэй нэр дэшигчийг дэмжих хувь 31 хувь байна.
Эх сурвалж: Төрийн байгуулал судлал, улс төрийн сонгуульд хандах эмэгтэй шинэ сонгогчийн хандлагыг тодорхойлох судалгаа, 2021он
Сонгогчдын жендэрийн мэдлэг сул, боловсрол хангалтгүй
Улс төрийн тогтолцоонд идэвхитэй ажиллаж буй эмэгтэйчүүдээс улс төрийн байр сууринд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүдийг тодруулахад, эхний таван байрт дараах хүчин зүйлүүдийг нэрлэжээ. Үүнд,
Нэгдүгээрт, “Сонгогчдын жендэрийн мэдлэг сул”,
Хоёрдугаарт, “Сонгогчдын боловсрол хангалтгүй”
Гуравдугаарт, “Улс төрд эрэгтэй хүн л чадварлаг байдаг гэдэгт итгэдэг”
Дөрөвдүгээрт, Эрэгтэйчүүдээс хамааралтай байдаг гэж хардаг
Тавдугаарт, Эмэгтэй улс төрчийг сонгоход бэлэн биш хэмээсэн байна.
Эмэгтэйчүүдийн улс төрийн байр сууринд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүд
Эх сурвалж: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл судалгааны тайлан, 2021 он
Бидний хандлагын дүнд
Улс төрийн хүрээнд жендерийн эрх тэгш байдал хангагдахгүй байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ эмэгтэй улс төрчийг нэр дэвшихээс халшруулдаг, дэвшсэн хойно нь шантруулдаг, дахин дэвшихэд нь саад болдог “Эмэгтэй хүний ухаан урт, үс нь богино” гэх агуулгатай, дэмждэггүй энэ хандлага хамгийн их нөлөөтэй. Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ ойшоодоггүй хандлагын энэ дүнд эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд хэрхэн оролцож, төр түшилцэж, өнөөдрийн энэ нийгмийг бүтээсэн талаарх тоо баримтыг хүргэе.
Сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд ч тэдний төлөөлөл 17.3 хувь
Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэд сонгуульд идэвхтэй оролцсоор ирсэн боловч УИХ дахь тэдний төлөөлөл 17.3 хувь буюу дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна.
УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвшсэн 606 нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнээс МАН-ын 76 нэр дэвшигчээс 16 буюу 21.05 хувь нь эмэгтэй, АН-ын 76 нэр дэвшигчээс 17 буюу 22.36 хувь нь эмэгтэй, “Та бидний эвсэл”-ийн 74 нэр дэвшигчээс 17 буюу 23 хувь, “Зөв хүн электорат эвсэл”-ийн 53 нэр дэвшигчээс 16 буюу 32 хувь нь тус тус эмэгтэй нэр дэвшигч байсан.
УИХ-ын сонгуульд суудал бүхий намуудаас нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа
УИХ-ын түүхэнд 65 эмэгтэй сонгогджээ
УИХ-ын найман удаагийн сонгуульд нийт 570 эмэгтэй нэр дэвшиж, давхардсан тоогоор 65 эмэгтэй сонгогдсон байна. Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь байсан бол 2016, 2020 онуудад 17.1 хувь болж өсжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэй улстөрчид
30 жилийн түүхэнд нэг л эмэгтэй нэр дэвшигч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгуульд нийт 23 хүн нэр дэвшсэнээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг л эмэгтэй нэр дэвшигч байсан. Тэрээр нийт 1223737 сонгогчийн саналаас 80.563 буюу 6.58 хувийн дэмжлэг авчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 15.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
Аймаг болон дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн харьцаа зөрүүтэй байна. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 29.2 хувь нь эмэгтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 15.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь сонгуулийн тогтолцоо, эмэгтэй улс төрчдийн оролцоо, сонгогчдын хандлага орон нутагт ямар түвшинд байгааг харуулж байна.
Аймаг болон дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн харьцаа
Анхны эмэгтэй Засаг дарга
Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд батлагдсанаас хойш 2019 оныг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэй хүн огт сонгогдож байгаагүй. Харин 2020 онд Хэнтий, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн тус тус томилогдож шинэ түүх бичлээ.
Бидний хандлагын дүнгээр эмэгтэйчүүд улс төрд ийнхүү оролцоотой байна. Эмэгтэйчүүдийг л сонгооч гэж уриалах гэсэнгүй. Уриалах ч боломжгүй. Бидний хандлагын дүнд нөхцөл байдал ийм байгааг өгүүллээ. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш эрхтэй байх нь хүний эрхийн асуудал төдийгүй тогтвортой хөгжил, хүний хөгжил, ардчиллын үндэс суурь байдаг билээ.
Сонгуулийн нэг жил
Улс төрд жендэрийн тэгш байдлыг хангахад иргэд, олон нийтийн “хэвшмэл ойлголт”-ыг бууруулах олон ажил, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил шаардлагатайг 22 дахь тайлангийн “7.3.3 Олон нийтийн хандлага ба сонгогчдын боловсрол” хэсгийн дүгнэлтэд онцолжээ.
Гэвч сонгогчдод энэ талаар боловсрол олгох хамгийн чухал байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо нь ээлжит сонгуулийн жил эхэлсэн үеэс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээр хууль тогтоомжийг сурталчилж, сонгогчийн гарын авлага, брошур, видео мэдээлэл бэлтгэн гаргадаг. Харин бусад жилүүдэд анир чимээгүй. Нэр дэвшигчид адил сонгуулийн жил л “амилж” байна. Энэ нь төсөв байдаггүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
Агуулга бус үзэмжээрээ
Сонгуулийн хэдхэн сарын хугацаанд сонгуулийн байр байршлыг заасан төдий мэдээлэл өгдөгтэй холбоотойгоор наад захын суурь
ын даргаар, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн тус тус томилогдож шинэ түүх бичлээ.
Бидний хандлагын дүнгээр эмэгтэйчүүд улс төрд ийнхүү оролцоотой байна. Эмэгтэйчүүдийг л сонгооч гэж уриалах гэсэнгүй. Уриалах ч боломжгүй. Бидний хандлагын дүнд нөхцөл байдал ийм байгааг өгүүллээ. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр тэгш эрхтэй байх нь хүний эрхийн асуудал төдийгүй тогтвортой хөгжил, хүний хөгжил, ардчиллын үндэс суурь байдаг билээ.
Сонгуулийн нэг жил
Улс төрд жендэрийн тэгш байдлыг хангахад иргэд, олон нийтийн “хэвшмэл ойлголт”-ыг бууруулах олон ажил, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил шаардлагатайг 22 дахь тайлангийн “7.3.3 Олон нийтийн хандлага ба сонгогчдын боловсрол” хэсгийн дүгнэлтэд онцолжээ.
Гэвч сонгогчдод энэ талаар боловсрол олгох хамгийн чухал байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо нь ээлжит сонгуулийн жил эхэлсэн үеэс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээр хууль тогтоомжийг сурталчилж, сонгогчийн гарын авлага, брошур, видео мэдээлэл бэлтгэн гаргадаг. Харин бусад жилүүдэд анир чимээгүй. Нэр дэвшигчид адил сонгуулийн жил л “амилж” байна. Энэ нь төсөв байдаггүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
Агуулга бус үзэмжээрээ
Сонгуулийн хэдхэн сарын хугацаанд сонгуулийн байр байршлыг заасан төдий мэдээлэл өгдөгтэй холбоотойгоор наад захын суурь мэдлэг болох бид яагаад сонгууль өгөх хэрэгтэй, яагаад идэвхтэй оролцох хэрэгтэй, сонгууль бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, мөрийн хөтөлбөр гэж юу болох талаар сонгогчид ойлгож сэхээрээгүй явна. “Үүнийг” ойлгоогүй цагт “түүний дараах”-ыг ойлгоно гэхэд тун хэцүү. Бид мэдлэггүйгээс болж үзэмж төдийхнөөр, тэр өдрийн үнэлэмжээрээ, ухуулга сурталчилгааны ажилтны уран чадвар, нийгмийн сүлжээн дэх хандлага, эцэг эх, өөр хэн нэгний нөлөөгөөр сонголтоо хийж, өнөөдрийн улс төрийн дүр зураг иймэрхүү байна.
Улс төрд хүйсийн тэнцвэртэй төлөөлөл байхын эерэг үр дагавар, эмэгтэй төлөөлөл хангагдахын ач холбогдлыг улс төрийн намын нэр дэвшигч, сонгуулийн штаб, улс төрийн нам өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн тайлбарлахаас урьтаж таниулах нь сонгуулийн төв байгууллагын үүрэг байлтай.
Улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авлигын түвшин буурдаг уу, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид эерэг өөрчлөлт гардаг уу, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг нийгмийн зорилтот бүлгийн асуудал шийдэгддэг үү, хууль батлахад манлайлж ажилладаг уу зэрэг олон асуултуудын хариуг эерэг ба сөргөөр нь, бодит үнэнээр нь “гадны нөлөөгүй” хүргэх гол байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо.
Хуулиараа ч үүнийг хэлээд өгсөн байдаг. Тодруулбал, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад “…хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” гэж заасан байдгийг дурдахгүй өнгөрч боломгүй.
Г.Алимаа