Зохиолч, яруу найрагчид бичиж туурвих үйлсээ өөрийн үүрэг, авьяастай төрсний ял буюу шагнал, хобби, амьдрах арга, мөнгө олох хэрэгсэл, алдар хүндийн улаач, эсвэл амьдралынхаа утга учир хэмээн янз бүрээр ойлгож, тодорхойлдог. Эд бүгдээрээ зөв. Учир нь энэ бол тухайн хүний л сонголт. Тухайлбал Персийн аугаа их яруу найрагч Омар Хайямын хувьд рубай шүлэг бичнэ гэдэг нь ердөө зугаа төдий байсан гэдэг. Шүлгийг зугаа гэж үзсэнээрээ Омар муу найрагч байгаагүй, хэн нэгэн бүтээж туурвих үйлсээ амьдралынхаа цорын ганц утга учир гэж үзлээ ч тэглээ гээд суут зохиолч болчихгүй. Юу гэж бодох нь тэр хүний л хэрэг.
Зохиолч, яруу найрагчид дунд уран зохиолд чухамхүү сэтгэл зүрхээ өгсөн хүн үнэндээ тийм ч олонгүй. Өөрөө сэтгэл зүрхээ өгсөн гэж боддог, өөртөө итгүүлсэн хүн харин цөөнгүй. Олон хүн залуу насныхаа гал дөлөөр шүлэг зохиол оролдож байгаад аж амьдралын их зэрэглээнд уусан алдардаг. Харин “авьяатнуудын” дунд ганцаарддаг хэмээн хашилтад бичсэн, үнэндээ бол авьяастай хэмээн эрдэж явдаг авьяасгүй ч байж мэдэх хүмүүсийн дунд ганцаардаж яваа Бүргэдийн хувьд яруу найраг бол түүний бүх ертөнц юм билээ.
Эсгэгдсэн элэг шиг яруу найргийнхаа төлөө энэ амьдралаа зольж яваагаа эрхэм дээд хувь тавилан хэмээн эргэлзэлгүй итгэгч, эрэмгий Бүргэд дүүгийнхээ “Хуучин танил” түүврийнх нь сувдан гэгээ татуулсан цөөн хэдэн бадгийг толилуулъя.
Хүнд хүнд л гэнэ
Жингийн хэмжээ юм даа
Хэмжих жингүй үгийг
Зүрх л дааж
Хорвоогийн сайхныг мэдэрнэ…
2016.02.14
Эсгэгдсэн элэг шиг
Яруу найргийг би
Зүрхнийхээ судсаар
Хөвөрдөж бичдэг минь үнэн
Үлгэсээр байтал нь
Шархадсан хөх шиг зовдог
Яруу найргийн бэлчээрт
Цатгалан суниадаг
“Авьяастнуудын” дунд
Би дэндүү ганцаарддаг
2016.03.01
Ямар их гуньж байгаагаа
Шархадсан хэдэн шүлгийнхээ
Шадаас уншина
Мөнгөн тээгтэй хутганы
Ган харьж билүүдэхэд
Шон дээр суугаад ниссэн хэрээ
Шуурганы үзүүр зууж ирээд
Голын тохой дээр өдөө хаяна
Тэнгэрийн хаяа газрын савслага залгиж
Шөнийн одод
Дулаахан дэлхийгээ өлгийднө…
2016.12.03
Дэргэж яваа сүргийн тоосноос
Эргэж хуйларсан салхи
Дэвж яваа шувуудын өднөөс
Сугарч хоцорсон үүлс
Дундарч амжаагүй хаврын
Анхны бороонд шалба нороход
Өвсний үндэс, уулсын сүүдэр
Сувдан гэгээ татуулан уулзана…
2016.03.31
Бороон дундуур норохоо мэдэхгүй алхахад
Бодол гэдэг ямар хязгааргүй юм бэ
Богинохон амьдралыг бүтээнэ гэж тэмүүлэхэд
Сэтгэл гэдэг ямар агуу юм бэ
Эмтэрнэ гэж бодохоос
Элэг гэдэг ямар эмзэг юм бэ
Эвлэрнэ гэж бодохоос
Хүн гэдэг яасан гэгээлэг юм бэ
Гэзэгний минь үзүүр салаалж байхыг харахаар
Гэрэл яасан хурц юм бэ
Гэнэтхэн дурлаж байгаагаа мэдрэхээр
Зүрх яасан тунгалаг юм бэ
Уурганы адуу шиг дугтарч явмаар юм даа
Ухаангүй сөхөрч
Унаж л болохгүй шүү
Эрхэмсэг та
Өглөө болоход бүх юм хэвийн
Мартаж л болохгүй шүү…
2017.06.04
Туучиж яваа он жилүүд минь
Дээлийн минь өнгө шиг
Гандаагүй
Торгоны ар шиг бодол минь
Намайг элээсэн
Тультчиж ярих үг минь
Уруул давж амжаагүй байхад
Цаг хугацаа бууралтаж
Бөгжний минь гоёл шиг
Надад дассан…
Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг 2018.02.08
Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдэл