Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн системийн болон бодлогын ажил, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, хот байгуулалт, инженерийн дэд бүтэц, яамдын уялдаа, хотын хууль эрх зүйн орчны хүрээнд хийсэн ажлуудаа онцоллоо.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Замбараагүй барилгажилт, авлигажсан газар олголт, төлөвлөлтгүй хотжилтоос үүддэг түгжрэлийн асуудалтай бид бүгд нүүр тулж байгаа нь үнэн. Энэ бүхнийг бий болгоход гар бие оролцсон нөхдийг хайж, замбараагүй суурьшил бий болгосон буруутанг олъё гэхээсээ илүү бид өнөөдөр урагшаа харж, асуудлаа эрэмбэлэх, хэд хэдэн чиглэлд бодлогын болоод төлөвлөлтийн өөрчлөлт хийх шаардлага үүссэн. Энэ хүрээнд дараах хоёр чиглэлд анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, Хоёрдугаарт, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулахын тулд холбогдох яамд хоорондын бодлогын уялдааг сайжруулах ёстой” гэлээ.
Мөн “Хотын асуудлыг шийдвэрлэхэд хуулийн уялдаа, иргэдийн оролцоо чухал. Улаанбаатар хот эрх зүйн чадамжтай болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд асуудлаа шийдэхэд бэрхшээлгүй болсон. Хуульд тусгасан онцгой ач холбогдолтой заалтаас эш татвал, орон нутгийн болон төрийн чиг үүргийг салгаж, зааглах, нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийн өмчийн асуудал болон орон нутагт олгосон санхүүгийн эрх мэдлийг хариуцлагынх нь хамт нэмэгдүүлж өгсөн. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын дуу хоолойг нэгтгэх, тогтвортой байдлыг хамгаалах механизмыг нэгжийн хуулинд суулгаж өгсөн. Энэ төлөөллийн байгууллагын хуулиар олгогдсон нөөц, боломжийг бүрэн дайчлан, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт НИТХ-ийн манлайлал, оролцоо өндөр байгааг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гишүүний хувьд дүгнэж байна.
Хуулийн заалт бүр иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар компани, аж ахуйн нэгжийн эрх үүргийг ижил тэнцүү байдлаар хангах, иргэний өмнө хариуцлага хүлээдэг зарчмыг хангахыг зорьсон.
Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл өөрийн байгаа өмчөө арвижуулах, түүндээ тулгуурлаж Засгийн газрын зөвшөөрөл, хяналт дор үнэт цаас, концесс хэрэгжүүлээд явах боломжийг хуулиар нээж өгсөн.
Мөн иргэдийн эрх ашгийг зөрчиж хотын төвд чигжүү барилга барьдаг, “бетонон ширэнгэ” босгодог асуудалд тусгайлан заалт оруулсан. Ингэснээр барилгын норм, дүрэм, хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд заасан хүн амын нягтралаас давсан газарт ногоон байгууламж, нийгмийн болон инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшилтэй холбоотой зориулалтын барилга, байгууламжаас бусад асуудлаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, зөвшөөрөл олгохгүйг зааснаараа энэ хуулийн ач холбогдол оршино” гэв.