Ш.Батцэцэг: Чили улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой

Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Бүгд Найрамдах Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ш.Батцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Хавана хотоос Чили улсыг хариуцан ажилладаг юм.

 -2021 онд Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол, Чилийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байна. 2019 онд хоёр орны хооронд улс төрийн зөвлөлдөх механизмтай болж, улмаар Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт Сантьяго хотноо амжилттай зохион байгуулагдсан. 2019 оны 12 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхлээд байна. Хэдий газарзүйн хувьд алслагдан оршдог ч манай хоёр улсад адил төстэй зүйлс олон бий. Тухайлбал, бид эрдэс баялгийн арвин нөөцтэй. Энэ ч утгаар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг уул уурхайн салбар хэмээн тодорхойлж болно. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Энэ ондоо багтаан ГХЯ-д хоорондын II зөвлөлдөх уулзалтыг дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Бидний хувьд Чили улсыг Кубаас хариуцдаг тул Хавана дахь Чилийн Элчин сайдтай байнгын холбоотой, нягт хамтран ажилладаг. Цар тахлын байдал сайжирмагц миний бие Чилийн төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барина.

Бид ойн жилд хэдэн чухал ажлыг хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал хоёр орны бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Монголын “Mars-V” төсөл, Чили улсын Атакама цөл дэх “NASA”, Европын  сансрын байгууллага хамтран хэрэгжүүлж буй Марс төслийн багуудын хооронд холбоо тогтооход дэмжлэг үзүүллээ. Энэ оноос манай ШУТИС, Чилийн Үндэсний Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургууль хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх эхлэл тавигдаад байна. Үүний зэрэгцээ хоёр орны Уул уурхайн яамд хоорондын санамж бичиг байгуулахад бэлэн болсон, ойрын үед гарын үсэг зурна. Мөн хоёр орны залуучуудын дунд “Чили орны тухай миний төсөөлөл”, “Монгол орны тухай миний төсөөлөл” подкастын уралдааныг зохион байгуулахаар холбогдох талуудтай хамтран ажиллаж байна.

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад суугаа Элчин сайдын хувьд харилцаа, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахын тулд юуг голчлон анхаарч  байна вэ?

-Нобелийн шагналт Чилийн зохиолч, яруу найрагч Пабло Неруда өөрийн намтартаа “Around Ulan Bator, rounded aridity, infinite, opens up, similar to the Atacama Desert in my homeland, interrupted only by groups of camels that make solitude more ancient… But what a wonder it is to have been in Ulan Bator! Even more so for me that I dwell in the beautiful names”” хэмээн өгүүлсэн байдгийг саяхан хоёр орны төрийн тэргүүн нар дипломат харилцааны 50 жилийн ойн баярын захидал солилцох үеэр Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пинера онцолсон байгаа нь сэтгэлийг минь татсан.

Саяхан би Азийн орнууд, тэр дундаа Монголын түүх, Чингис хаан судлалаар мэргэшсэн Чилийн Үндэсний их сургуулийн Түүхийн факультетын профессор, доктор Серхио Карраско (Sergio Carrasco)-гаас тун сонирхолтой захидал хүлээн авсан. Тэрбээр Их эзэн Чингис хааныг “Time” сэтгүүлээс “Мянганы хүн”-ээр шалгаруулахад Чили улсыг төлөөлөн санал өгсөн юм билээ. Тэрээр 2000 оноос Монголын эзэнт гүрэн, тал нутгийн нүүдэлчин ард түмэн, тэдний ахуй амьдралын талаар Ази судлалын ангидаа тусгайлан заадаг гэдгээ хэлсэн. Тэгэхээр Чилийн иргэд бидний талаар сонирхон судалдаг байх нь.

Чили тун онцлог улс. Нутгийн хойд хэсэгт орших дэлхийн хамгийн хуурай гэгддэг, зэсийн баянбүрд болсон Атакама цөлөөс 4300 километр сунан үргэлжилсэн нутаг Өмнөд туйлын мөсөн эрэг хүрдэг.

“Зэс бол Чилийн талх” хэмээн Ерөнхийлөгч асан Сальвадор Альенде нэгэнтээ өгүүлжээ. 1970 он хүртэл Чилийн эдийн засаг уул уурхайн салбараас үлэмж хэмжээгээр хамаарч, экспортын 90 гаруй хувийг зэс, зэсийн баяжмалын бүтээгдэхүүн эзэлдэг байж. Ийнхүү нэг салбараас хэт хамааралтай байгаа нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж байсан тул энэ үеэс эдийн засгаа төрөлжүүлэхэд дорвитой анхаарч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байна. Өнөөдөр уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны тэнцэлд эзлэх хувь бараг тэнцүү болжээ. Мөн 2020 оны байдлаар дэлхийн 66 улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан “ProChile” экспортыг дэмжих агентлаг гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Чили нь чөлөөт эдийн засгийн үзүүлэлт (Economic freedom index)-ээр дэлхийд 19 дүгээрт ордог бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн болсон Латин Америкийн анхны орон.

Цаашлаад төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зэсийн орлогоос мөнгөн хуримтлал үүсгэн “Нийгэм эдийн засгийг тогтворжуулах сан” буюу “Баялгийн сан”-г байгуулсан. Авлигын төсөөллийн индекс (Corruption Perceptions Index)-ээр дэлхийд 25 дугаарт жагсаж байна. Төрийн албаны шинэчлэлийг мөн тун амжилттай хэрэгжүүлж чаджээ. Төрийн албанд нийгмийн сор болсон мэдлэг чадвартай залуучууд ажилладаг нь төрийн албаны сонгон шалгаруулалтыг олон улсад нэр хүндтэй “head hunting” компаниудаар хариуцуулан гүйцэтгэдэг байна. Мөн Өмнөд туйлын үзэсгэлэнт газрууд, Андын нурууны сүрлэг сайхан байгальд байгуулсан цанын баазууд, нутгийн дунд хэсгээр Газрын дундад тэнгистэй адил цаг агаар нь нэн тааламжтай тул аялал жуулчлалын сонирхол татах газрууддаа түшиглэн жилд ойролцоогоор 4 сая жуулчин хүлээн авдаг.

-Чили улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж бий юү?

-Уул уурхай, тэр дундаа зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чили улстай нягт хамтран ажиллаж, уул уурхайд түшиглэн эдийн засгаа төрөлжүүлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийн жишигт хүрсэн туршлага, сайн засаглал, худалдаа, бизнес, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах нөөц бололцоо байгаа. Мэдээж манай хоёр улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай, байгалийн арвин баялаг нөөцтэй орнуудын хувьд энэ чиглэлээр нягт хамтран ажиллах, цаашлаад зэсийн баяжмал боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн бирж байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлага мөн аялал жуулчлалын дэд бүтэц бий болгох чиглэлээр туршлага судлан, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Энэ ч утгаараа цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн бодит үр дүнд хүрэхийн төлөө хичээн ажиллаж байна.

-Мэдээж хэрэг гадаад худалдаа, бизнесийн салбарт хамтрах боломж нөхцөлийг сонирхох хүн цөөнгүй байгаа?

-Худалдаа, бизнесийн салбарт мөн хамтын ажиллагааны эхлэл тавигдаад байгааг өмнө дурдсан. Хоёр орны Гадаад харилцааны яамд, Элчин сайдын яамд, МҮХАҮТ, Чили улсын “ProChile” агентлаг хамтран зохион байгуулсан Монгол, Чилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, хөдөө аж ахуйн чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, мэдээлэл, санал солилцсон. Уулзалтын үр дүнд хоёр талын аж ахуйн нэгжүүд шууд холбоо тогтоон хамтран ажиллахаар тохиролцож, МҮХАҮТ нь Чилийн Экспортыг дэмжих “ПроЧили” агентлагтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон. Чили нь жимс, загас, самар, дарс зэргээрээ алдартай. Саяхан Чилийн зарим бизнес эрхлэгчид Монголд рестораны бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай айлын талаас санал тавьсан. Цаашид манай хувийн хэвшлийнхэн Чилийн талтай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний бие Чилийн төрийн тэргүүнд ИЖБ-ээ өргөн барих үеэр Чилийн худалдааны асуудал хариуцсан төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын худалдааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Чили, Куба, Перу, Уругвай, Эквадор улс руу визгүй зорчих нөхцөл бүрдсэн тул цаашид худалдаа, бизнес, аялал жуулчлалын зорилгоор бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах боломж нээгдээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...