АНУ болон холбоотон улсуудын цэрэг Афганистан улсыг орхимогц талибан хөдөлгөөнийхөн улсынхаа газар нутаг, эрх мэдлийг гартаа оруулаад байна. Энэ үйл явдлыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Нэг хэсэг нь Талибан хөдөлгөөнийг нэн аюултай адлан хядагч гэж албан ёсоор үздэг бол зарим улс орон зөнд нь орхих ёстой гэж үздэг.
Талибан гэх энэ хөдөлгөөн 1979-1989 онд зөвлөлтийн түрэмгийллийн үед, Хельменд, Кандагар мужуудад гол төлөв медресийн (шашны сургууль) оюутан сурагчдаас бүрдэж лалын фундаменталист хөдөлгөөн болж төлөвшжээ. Угсаатны хувьд дийлэнх нь пуштун, үзэл суртал нь лалын хэт тулгуур фундаментализм, өрнийн ба орчин үеийн бүх зүйлийг үл таална.
2001 онд дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхаг руу халдсан алан хядах ажиллагааг хийсэн Осама бен Ладенийг афганууд нутагтаа орогнуулж байна гэх үндэслэлээр АНУ болон түүний холбоотнууд Кабулд цэргийн ажиллагаа явуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд АНУ Афганистаныг бүрэн хяналтандаа оруулж чадаагүйгээр үл барам тус улсаас цэргээ гаргах шийдвэрээ талибануудтай хэлэлцээ хийснийхээ дараа гаргасан гэдгийг дурдах ёстой.
Шариатын хуулиар хүн амын дийлэнхийн эрхийг хязгаарлан, эмэгтэйчүүдийн ажил хийхийг хориглон, охидыг сургууль, их сургуульд суралцахыг болиулсан юм. Мөн зөрчсөнийг нь хатуу цээрлүүлэн, хулгайчийн өрөөсөн гар, өрөөсөн хөлийг тайрах зэргээр цээрлэл амсуулж байв. Ингэлээ гээд тэдэнд таатай ханддаг хүмүүс ч дотооддоо цөөнгүй. Талибанчууд хэдийгээр зарим харгис цээрлүүлтээс татгалзаж байгаа ч Кабул хотоос дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байна.
Афганистаны Лалын Эмиратыг Пакистан, Саудын Араб, АНЭУ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон, 2001 оны намар АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлж, Талибаны дэглэм унахад энэ гурав тэр үеийн Афганистанаас харилцаагаа тасалсан. Де-юре зөвшөөрсөн гурав нь энэ.
Гаднын үзэл суртал (коммунизм, марксизм-ленинизм, ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэт) тийшээ нэвчин орох ямар ч нөхцөлгүй болтол нь ислам хэдэн арван үеэр нь тархийг нь идээд бүрэн шингэчихсэн энэ орныг зөнд нь орхивол ямар вэ гэсэн үзэл дэлхий даяар түгээмэл болох хандлага давамгайлж эхэлсэн. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Афганистаны асуудлаар энэ цаг мөчид хуралдаж байгаа ч нааштай шийдвэр гарах магадлал тун бага гэдгийг шинжээчид онцолж байна.
Талибанчуудын энэхүү эргэн ирэлт бүс нутгийн хувьд ОХУ, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсуудад илүү их аюул учруулах эрсдэлтай байж магадгүй талаар дэлхийн томоохон агентлагууд, шинжээчид онцлох болсон. Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх оролдлого хийх боломжийг “Аль-Каида” болон бусад бүлэглэлд олгохгүй байх үүргийг Талибан хөдөлгөөн гэрээгээр хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ биелүүлэх, эс биелүүлэх эсэхэд л улс орнууд санаа зовниж байгаа гэж хэлж болно.