АНУ дахь монгол иргэд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой аж. Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, монгол гурван сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.
ЭСЯ-наас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Миссури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Шинэ Консулын газар нээснээр санхүү, төсвийн ямар нэг нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тооноос шилжүүлэн ажиллуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.