Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. УИХ-аас улсын төсөвт 319 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ халаасыг сэгсэрч дээрх орлогыг олохоор төлөвлөсөн байна. Нэг ч татвар хураамж нэмэгдүүлэхгүйгээр Аз жаргалтай амьдруулна гэж амласан МАН буюу одоогийн эрх баригчид нийслэлчүүдийнхээ халаас руу гараа яаж гүн дүрэхээр төлөвлөсөн ганц баримт өгүүлье.
Улаанбаатар хотод автомашин хувьдаа хэрэглэдэг хүн бүр зам ашигласны төлбөр төлдөг. Үүнээс гадна машины албан татвар, агаар бохирдуулсны төлбөрийг жил бүр бас өгнө. Нийслэлийн одоогийн дарга нар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр ИТХ-д санал оруулжээ. Яагаад заавал 5 дахин нэмэгдүүлэх санаа төрсөн юм бэ гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Бид зам дээр түгжрээд зогсохдоо үүнээс ч илүү зардал гаргадаг” хэмээн хариулсан юм. Эндээс үзвэл хотын дарга нар иргэдээс гарч буй зардлыг огцом нэмэгдүүлэх замаар улсын төсөвт төвлөрүүлэх 319 тэрбумыг бүрдүүлэхээр тооцжээ.
2018 оны 9-р сарын дүн мэдээгээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байгаагийн 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцдог. Үүн дээр орон нутгийн 90 гаруй мянган тээврийн хэрэгслийг нэмбэл нийслэлд өдөрт 450-500 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд байнга оролцдог ажээ. хувиар илэрхийлбэл Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь нийслэл Улаанбаатарт харьяалагдаж, хөдөлгөөнд оролцдог.
Ж.Батбаясгалан даргын хэлснээр нийслэлийн нэг жолооч зам ашигласны төлбөрт хэдэн төгрөгийн зардал гаргадгийг тооцъё. Эрх бүхий байгууллагаас тогтоосноор жолооч нар тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн багтаамж, зориулалтаас шалтгаалж 20-70 мянган төгрөгийг зам ашигласны төлбөр болгон төлдөг. Тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг эзэлдэг суудлын автомашинтай хүмүүс 30 мянган төгрөг төлдөг гэж тооцвол энэ дүн 5-аар үржигдэж 150 мянган төгрөг болно. Ачааны 10 тн-оос дээш багтаамжтай машин эзэмшигч одоо 70 мянган төгрөг төлдөг бол 5 дахин нэмсний дараа ганц жилд 350 мянган төгрөг төлнө гэсэн үг.
Нийслэлд замын түгжрэл олон хүнийг бухимдуулж, толгойн өвчин болсонтой хэн ч маргахгүй. Зам ашигласны төлбөрийг огцом нэмэгдүүлснээр түгжрэл буурна гэх утгатай яриа хотын захиргаа хавиас дуулдах болсон. Иргэдийнхээ амьдралд 5 дахин ачаалал үүрүүлэх замаар түгжрэлээс сална гэж бодож байгаа бол Аз жаргалтай амьдруулна гэсэн амлалттай нь яагаад ч нийцэхгүй. Хамгийн харамсалтай нь зам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх замаар бүрдүүлсэн хөрөнгөөрөө нийтийн тээврээ ингэж сайжруулна гэсэн бодитой санаачилга, ямар нэгэн сонголт санал болгосонгүй. Тэгэхээр энэ бол улсын төсөвт 319 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэрийн даалгавраа нийслэлчүүдийн халаасыг сэгсрэх замаар биелүүлэх гэсэн хөгийн дээрэм гэж тодорхойлохоос өөр арга байхгүй.
Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг гэмт хэрэг нэмэгдэх болсон. Жишээ нь, зам ашигласны төлбөр хэлбэрээр хуримтлагдсан хөрөнгө мөнгө зөвхөн Улаанбаатар хотын автозамын сүлжээний арчлалтад зарцуулагдах учиртай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Замын санд төвлөрсөн хөрөнгөөр замаа засах биш барилга байшин барих зэргээр төсөв нь хүрэлцэхээ больсон элдэв ажил руу дарга нарын үзэмжээр урсах болсон нь нууц биш. Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсний дараа төсвийн сахилга бат зөрчсөн энэ байдал улам бүр газар авч төсвийн хулгай гаарах магадлалтай. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын удирдлагууд энэ тал дээр ямар ч баталгаа өгөхгүй байна. Төсвийн цоорхойг нөхөх гэсэн ганцхан зорилготой нийслэлийн жолооч нарыг онилсон төрийн дээрэм айсуй.