“Samsung” компани эвхэгддэг загвар бүхий алдарт “Galaxy Fold” загвараа өнгөрсөн сард худалдаанд гаргасан. Тэгвэл БНХАУ-ын “Хуавэй” компани түүнтэй төстэй эвхэгддэг загварын “Mate X” загвараа энэ сарын сүүлээр худалдаанд гаргахад бэлэн болсноо зарлалаа. “Хуавэй” компани үүнээс өмнө энэ загвараа хэд хэдэн удаа худалдаанд гаргахаар зарлаж байсан ч уг загварт засвар хийх шаардлага гарснаар хойшлуулсан юм. Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотойгоор шинэчлэл хийх шаардлагууд ч гарсан.
“Хуавэй”-ийн зүгээс мэдэгдсэнээр эвхэгддэг дэлгэцийг өө сэвгүй ажиллуулахад хамгийн хүнд байсан гэнэ. “Galaxy Fold” загвар дээр гарсантай адил дэлгэц хагарах, харлах, ой санамж устах зэрэг доголдлууд гарсныг засварлах шаардлага гарсан аж. Ямартай ч Mate X” загварын санах ой болон, камер, мэдрэгчийг сайжруулсан бөгөөд худалдаан гаргахад асуудалгүй болсон бөгөөд ойролцоогоор 2,250 ам долларын үнэтэй борлуулах гэнэ. Гэхдээ Хуавэй загварын утсанд Google Play үйлчилгээнүүд суулгах боломжгүй тул Хятадаас бусад зах зээлд хүрч өргөн худалдаалж чадахгүй байх гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.