Энэ сарын 6-нд ОХУ-аас оруулж ирсэн газар тариалангийн зориулалт бүхий 20 гаруй нэр төрлийн 200 орчим шинэ техник, тоног төхөөрөмж энд эгнэжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгож байгаа юм. Биднийг очиход Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн тариаланчид өндөр хүчин чадалтай Акрос 585, вектор 410 үр тарианы комбайнаар техникээ шинэчилж байв. Энэ үеэр комбайнуудын ерөнхий бүтэц, зохион байгуулалт, технологийн ажиллагаа, дагалдах хэрэгслийн талаар талаар операторчдод сургалт явуулсан юм.
Акрос 585 (хүчин чадал: 280 м.х.9 м жатка), вектор 410 (210 м.х 7 м жатка подборщикны хамт) үр тарианы комбайн нь 1000 га-гаас дээш талбайд тариалалт хийдэг аж ахуйн нэгжид илүү тохиромжтой. Монгол орны онцлогт тохирсон. Түлшний сав том учраас 16 цаг тасралтгүй ажиллана, ажлын бүтээмж өндөр, пункерийн багтаамж ихтэй тул их хэмжээний буудай нөөцлөхөд боломжтой. 10 жилийн хугацаанд тухай бүрд засвар үйлчилгээ хийгээд явахад эдэлгээ удаан, чанартай, баталгаатай гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Жолоодоход эвтэйхэн, хурд хүч сайтай, комбайны кабинаасаа оператор үр тариаг хаягдал хураах, алдагдлаа тооцох, тохируулга хийх боломжтой гэдгийг онцолсон.
Өнгөрсөн гурван жилд тохиолдсон ган, хэт халалтын улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орж, тариаланчдад томоохон сорилт тулгарч байв. Харин энэ хавар тариалалтын ажилд дэмжлэг үзүүлэх, тариалалтыг хэвийн явуулах зорилгоор бүхий л талын дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт өсөж, тариалалт нэмэгдэн, тариаланчид урам зоригтой байна. Ийнхүү тариаланчид ургацаа технологийн дагуу богино хугацаанд амжилттай хураан авах техник тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангасан учраас ургацын талбай руугаа замдаа гарлаа.