Улсад нийт 42 жил ажиллахдаа 40 жилийг хүүхдийн бөөрний мэс заслын эмгэгийг эмчлэх, ялангуяа бага насны хүүхдэд тохиолддог бөөр, шээс болон бэлэг эрхтний гаж хөгжлийг мэс заслын аргаар эмчилж 162 мянган өвчтөнг эмчилсэн ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Энхравдантай ярилцлаа.
- Сайн байна уу? Таны ажлын сүүлийн 5 жилийн тайланд жил бүр 200-300 хүүхдэд шээс бэлгийн эрхтний гаж хөгжлийн хагалгааг амжилттай хийсэн мэдээлэл байсан. Хүүхэд яагаад ийм гажигтай төрдөг вэ?
- Үр хөврөлийн явцад үүссэн гажиг гэж ойлгож болно. Жишээ нь бэлэг эрхтэн үүсэн бүрэлдэх үйл явцад төмсөгний хөгжил зогсож доошоогоо сунаж амжилгүй сувгандаа байрлах зэрэг гажиг зарим хүүхдэд тохиолддог. Гэхдээ ингэлээ гээд тухайн хүүхдэд ямар ч зовиур, мэдэгдэх зүйл байхгүй. Харин ирээдүйд насанд хүрээд бэлгийн харьцаанд ороход үрийн шингэнээ гаргаж чадахгүй болдог аюултай. Яагаад гэвэл төмсөг гэдэг эрхтэн халуун биeд наалдаж биш биeэс тусдаа сэрүүн байж үрийг боловсруулах үүрэгтэй эрхтэн юм. Тиймээс 2-5 насанд нь хүүхдийн төмсгийг доош буулгаж хэвийн байрлалд оруулах хагалгаа хийх хэрэгтэй байдаг.
- Тээж буй хүүхэд нь ямар нэг гажигтай байгаасай гэж хүсэх хүн байхгүй. Тэгвэл яавал эрүүл хүүхэд тээж төрүүлэх вэ? Юунаас болоод дээрх гажиг үүсдэг юм бэ?
- Эх хүн биеэ бэлдээд дараа нь төрөх хэрэгтэй. Ямар нэгэн архаг үрэвсэлтэй байж хүүхэд төрүүлж болохгүй. Тэгээд жирэмсэн болсон бол хяналтандаа сайн орж ямар нэг гажиг байгаа эсэхийг тодорхойлуулж байх хэрэгтэй.
- Тэгвэл залуу эцэг эхчүүд хүүгийнхээ төмсгийг хэвийн байгааг мэдэх арга байдаг уу?
- Хүүхдээ нярай байхаас нь л усанд оруулахдаа хоёр төмсөгийг нь шалга. Хэвийн төмсөг гарт баригдах ёстой. Дутуу буусан төмсөг цавьныхаа суганд орсон байдаг. Буугаагүй төмсөг баригдахгүй гэсэн үг.
- Бас эхо-д харуулж болох байх тиймээ?
- Тэгэлгүй яахав. Нэг үеэ бодвол манай орны эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан. Жишээ нь дуранг нэрлэж болно. Дурангаар хүүхдийн бөөрөнд үүссэн чулууг илрүүлж дурангийн хагалгаа хийж байна.
- Та нийт 424 хүүхдэд мэс засал хийж 1388 ширхэг чулуу авсан байсан. Хүүхдийн бөөрөнд яагаад чулуу үүсдэг билээ?
- Шээсэнд үүссэн тундас бөөрөнд хуримтлагдаж нягтаршсаар байгаад чулуу болчихдог. Өмнө нь ийм чулууг нээлттэй хагалгаа хийж авдаг байсан бол одоо дурангийн аргаар гаднаас нь буталж авдаг болсон. Авсан чулуугаа шинжилгээнд оруулж үндсэн оношийн дагуу бодисын солилцоог сайжруулах эмчилгээ хийхэд бөөрөнд дахин чулуужих өвчин үүсэлгүй бүрэн эдгэрдэг юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэддээ ус, шингэн сайн уулгаж аль болох тундасгүй шээс гадагшлуулах хэрэгтэй.
- Амархан хийдэг хагалгаа гэж байхгүй байх, өнгөрсөн 42 жилийн хугацаанд хамгийн мартагддаггүй ямар хагалгаа байдаг вэ?
- Олон л доо. Манайд долоон настай охин ирж хагалгаанд орсон. Тэр охин төрөлхийн дөрвөн бөөртэй. Тэгээд ажиллагаагүй буюу илүү 2 бөөрийг нь авах том хагалгааг маш амжилттай хийсэн. Гэтэл яг хоёр жилийн дараа охины аав ээж нь салаад, охин сэтгэл санаагаар унаж гэдэсний халдвар аваад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд өрөөнийхөө цонхоор унаад нас барсан байсан. Тэрийг бодоход их харамсалтай санагддаг. Том хагалгаа амжилттай даваад сайхан амьдрах ёстой байтал тэгэж чадаагүй. Харин сэтгэлд сайхан санагддаг зүйл гэвэл эрэгтэй хүүхдийн эрхтний сүвний гажиг гэж байдаг. Тийм хүүхдийг эмчлэхгүй бол насанд хүрээд бэлгийн харьцаанд ороход үрийн шингэн нь салтаагаар нь гардаг. Ийм тохиолдлыг мөн л арьс залгах мэс засал хийж хэвийн байдалд оруулдаг. Дараа нь нөгөө хүүхдүүд маань том болчихоод “Эмчээ би хүүхэдтэй болсон” гээд инээгээд хүүхдээ тэврээд ирж үнсүүлэхэд маш сайхан санагддаг. Хүнд эрүүл амьдрал бэлэглэж, үр удмаа үлдээхэд нь тусалсан гэж бодохоор энэ ажлаараа бахархах сэтгэл төрдөг.
- Танд ажлаасаа гармаар санагддаг үе байсан уу?
- Байлгүй яахав, зах зээлийн үед цалин багатай хэцүү байсан. Өдөржин оройжин хагалгаа хийгээд маргааш нь дахиад олон цагаар хагалгаа хийгээд, шантармаар болимоор санагдах үе байсан. Гэхдээ л хагалгаа хийсэн хүүхэд маань маргааш нь инээгээд ээж аавтайгаа тоглоод сууж байхыг харахад улам сайн ажилламаар санагддаг. Хүүхэд гэдэг чинь томчуудыг бодвол хурдан сэргэдэг. “Баярлалаа эмчээ” гэж хэлээд эмнэлгээс гарах хүүхдүүдийг харах үнэхээр сайхан шүү дээ. Олон жил ажиллалаа, төр улс маань ч гавьяаг минь үнэлж, өгдөг шагналаа өгсөн.
- Шагнал гэснээс өнгөрсөн онд та “Энхийн шагнал” авсан байсан. Жилд нэг л хүнд өгдөг их хүндтэй шагнал гэж сонссон.
- Тиймээ. Энэ шагналыг авахад надад маш сайхан санагдсан. Яагаад гэвэл би хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Хүүхдүүд эрүүл байвал ирээдүй эрүүл гэсэн үг. Тэгэхээр ирээдүйн төлөө өгсөн болов уу гэж боддог. Миний эмчилсэн хүүхдүүдээс хэн нь энэ орны хувь заяаг авч явахыг би мэдэхгүй ч тэд ирээдүйд мундаг хүмүүс болж л таарна.
- Танд хүрч чадаагүй зорилго, хийж амжаагүй ажил байдаг уу?
- Байгаа. Хүүхдийн бөөрний үрэвслийн нэг ном гаргасан. Одоо хоёр дахь номоо гаргах гээд амжихгүй байна. Хүүхдийн бөөрний тасгийн 30 жилийн ой 2020 онд болно. Түүнд зориулж түүхэн ном гаргах санаа байгаа. Бичих найруулахаас хол хүн болохоор чадахна уу үгүй юу. Ажил гэж явсаар докторын судалгаа бас хийж чадсангүй.
- Ажлын найман цагтай юу?
- Тийм, гэхдээ заримдаа хүнд хүүхэд байвал үүрээр таван цаг гээд эмнэлэг дээрээ ирнэ. Дуудлагаар хөдөө гадаа их явна. Амралтын өдөр ч дуудлага гарвал шууд л явна. Хагалгаа хийсэн хүүхдүүд маань бие нь сайжраад нүд нь сэргээд ирэхэд л миний сэтгэл амардаг юм. Хүүхэд гэхдээ залуу эд эрхтэнтэй болохоор эдгэрэлт хурдан байдаг.
- Танд ажил мэргэжилтэй холбоотой айдаг зүйл байдаг уу?
- Гайгүй л дээ. Гэхдээ хавдар хүндэрсэн тохиолдолд айдаг. Жаахан эрт хүрээд ирэхгүй дээ гэж бодох үе байдаг.
- Олон жил ажилласан туршлагатай эмч нар хувийн эмнэлэг байгуулсан байдаг. Та хувийн эмнэлэг байгуулах бодолтой явдаг уу?
- Би хувийн эмнэлэгт дургүй. Улс надад цалин өгч байна. Гэтэл өвчтэй хүүхдээс дахиж би мөнгө авахыг хүсдэггүй.
- Таны үргэлжлэл болсон залуу эмч оюутнуудад юу гэж зөвлөж захих вэ? Таны залуу нас бас сургамж дүүрэн өнгөрсөн байх.
- Тэгэлгүй яахав. Анх сургуулиа төгсөөд суманд эмчээр очиход мэдэхгүй чадахгүй зүйл их байсан. Өвчтөн орж ирээд ”Эмчээ миний энд өвдөөд байна” гэхэд чагнаж үзээд юу гэж хэлэхээ мэдэхгүй, ямар эмчилгээ бичихээ мэдэхгүй “За гарч бай” гэж хэлчихээд ширээн доороосоо номоо гаргаж хараад эмчилгээ бичдэг байсан үе бий. Эмчээр ажилласан амьдарлын минь эхэн үе хөдөө өнгөрсөн. Хөдөөнөөс би маш их зүйл сурч, арвин туршлага хураасан. Тэгэхээр би залуучуудад дандаа хөдөө ажиллаж үзэхийг зөвлөдөг. Бас хэл сурах хэрэгтэй. Хэлтэй бол хаана ч очоод шинжлэх ухааны дэвшилтэт технологи сурч болох байна. Тасгийнхаа хоёр эмчийг солонгосруу явууллаа, олон улсын хурал чуулганд эмч нараа их явуулдаг.
- Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа
- Ярилцсан Д.Хүрэлчимэг