Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан 2026 оны аравдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. Тодруулбал, аравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгийн зарим сумдыг нутгаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн зүүн сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Харин аравдугаар сарын 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Аравдугаар сарын16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-оос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15…-20 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 хэм, бусад нутгаар -4…-9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 хэм, бусад нутгаар -2…+3 хэм дулаан байна.

