ШАДАР гурвын САДАР улс төр

Он солигдох мөчид Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж шинэ оны мэндчилгээ дэвшүүлдэг уламжлал тогтоод уджээ. П.Очирбат тансаг цэнгүүн үзээгүйгээ гайхаж, Н.Багабанди титэм үгсээ холбож, Н.Энхбаяр ард түмэндээ хайр зарлаж, Ц.Элбэгдорж сүү өргөж мэндчилдэг байлаа. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудын зээлийг тэглэх амлалт өгч мэндчилгээ дэвшүүлэв. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн түүний үг хуурай өвсөнд ассан гал шиг түргэн дэгдэж, нэг хэсэг нь баярлаж, нөгөөдүүл нь эргэлзэж, зарим нь хурцаар шүүмжилж эхэллээ. Тэтгэврийн зээлтэй ахмадуудад гэнэтхэн хайр зарласан энэ үйлдэл 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааг албан бусаар эхлүүлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгахад таатай байна” гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван гишүүнээс бүрддэг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зөвхөн ЗӨВЛӨМЖ гаргадаг. Ямартай ч ийм зөвлөмж гаргая гэдэг дээр төр, засгийн удирдлагууд санал нэгдсэн гэж Ерөнхийлөгчийн үгээс ойлгогдов.

Ерөнхийлөгчийн он солигдох мөчид зарласан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх алхам настнуудад хийж буй буян уу, эсвэл улсаа хорлох популимз уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Яг өнөөдрийн байдлаар бол ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүй, УИХ, Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ямар нэг шийдвэр албажаагүй байна. Тэгэхээр энэ бол төрийн тэргүүний толгойд орж ирсэн санаа төдий байна гэсэн үг. Ер нь дээр өгүүлсэнчлэн ҮАБЗ бол зөвлөмж гаргаад ахмад настны зээлийг тэглэчихдэг бүтэц ерөөс биш.

Эдийн засаг бага зэрэг өндийгөөд, эсвэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ нэмэгдээд орж исэн орлогоо хавтгайрсан халамж болгоод баруун солгойгүй цацдаг гэм Монголын улстөрчдөд бий. Ялангуяа МАН, АН-ынхан сонгогчдын саналыг худалдаж авахын тулд нэг нь саяыг амлабал 1.5 сая болгож давуулж шидэх замаар улсаа хавтгайрсан халамжинд живүүлж, эдийн засгаа, ирээдүйгээ хорлодог эмгэгтэй. Энэ удаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 2020 оны сонгуулиар ахмадуудын саналыг татах гэж хуучин мэхээ дахин хийхээр шийджээ.

2019 оны 11 дүгээр сарын байдаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233.034 байна. Өөрөөр хэлбэл, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэвэл 776 тэрбум төгрөг шаардлагатай болно. УИХ-аас баталсан 2020 оны төсөвт ийм зориулалттай мөнгө огт суугаагүй. Хэрэв ахмадуудын зээлийг тэглэнэ гэвэл УИХ 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр хавтгайрсан халамжаа хумиж, үр ашиггүй зардлаа танаж, төсвөө тодотгол хийхгүйгээр зөв төлөвлөх чангахан шаардлага тавьж буй.

Ерөнхийлөгчийн амлалтыг буян гэж санаад хэрэгжүүлье гэж тооцвол ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөр зогсох эрсдэл дагалдана. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орж эдийн засгийн хориг тавиулах дээрээ тулчихаад байгаа энэ цаг үед ОУВС-тай тангараг тасрах нь арай гэж тогтворжиж байгаа эдийн засгаа дахин бужигнуулж улсаа хорлосон үйлдэл болно. Саарал жагсаалтад дээгүүрхэн заларчихаад, ОУВС-гаа хөөгөөд гаргачихвал Монгол ялж байгаа мэт харагдаж магадгүй л юм. Харамсалтай нь Монгол Улстай дэлхий нийт тал бүрийн харилцаагаа ядах юмгүй тасална, ганцаардуулна.

Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 2010-2016 онд Засгийн газраас Хүний хөгжил сангаар дамжуулж 3.1 их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан байна. Энэ бол асар их мөнгө. Ингэж халамжаа хавтгайрууллаа гээд монголчуудын амьдрал дээшилсэн үү, бидний бий болгох гэж олон жил зорьж байгаа ДУНДАЖ ДАВХАРГА бий болсон уу гэвэл үгүй. Харин ч гадаад өр зээл нэмэгдэж, улсын эдийн засаг дампуурал зарлах хэмжээнд тулж очин муудсаныг эрх баригчид ийм хурдан мартана гэж хэн санах билээ. Багш нар цалингаа нэмүүлье гэж шаардахад, тэтгэврийн насыг уртасгахыг МҮЭ эсэргүүцэхэд ОУВС-гийн нэрийг бариад гүлдийгээд зогсож байсан төр шүү дээ. 

Ахмадуудыг зээлийг нь тэглэлгүйгээр баярлуулах олон арга бий. Зээл тавихгүй хэмжээний тэтгэвэртэй болгохоос эхэлж болно. Насаараа улсад зүтгэчихээд гомдол тээж явдаг хөгшчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгаж, хөдөлмөрийг нь шударгаар үнэлбэл жинхэнэ буян болно, магнайг нь тэнийлгэнэ. Зээлийн хүүг нь бууруулбал бодитой дэмжлэг болно. Зээлтэй ахмадуудын өрийг тэглэлээ гэхэд зээл аваагүй настнуудыг яах вэ, нүдэн дээр нь ялгаварлаад бас л сэтгэлд нь юм хийх үү. Төр, засгийн өнөөгийн удирдлагууд шударга бус хуваарилалт хийх гэж байгаагийн ард 2020 оны сонгуулийн өчүүхэн эрх ашиг ханхлаад байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээндээ “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав гар сэтгэл нийлэн ажиллаж байна” хэмээсэн. Бие биедээ хяналт тавьж байх үүрэгтэй төр, засгийн удирдлагууд их л янаг дотно байгааг энэ үгээрээ нотлов. Гэхдээ энэ янаглалын цаана 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мань гурвыгаа дахиад сонгоорой гэсэн мэссэж улс төр гадарладаг хэнд ч шууд уншигдана. Гурван бие хүн хоорондоо шадар байж болох ч улсаа хорлож садар улс төр хийх эрх тэдэнд байхгүй. Н.Энхбаяр 2004 онд Ерөнхий сайд байхдаа сонгуулийн өмнө оюутнуудын сургалтын зээлийг тэглэх замаар залуусын саналыг худалдаж авахыг оролдоод суудлаасаа мултарсан танил улс төр Х.Баттулгын үед ахмадуудын тэтгэврийн зээлийг чөлөөлөх нэрээр эргэн ирлээ.

Төгсгөлд нь ҮАБЗ гэх цомхон хэрнээ том зорилготой бүтцийг гурван хүний улс төр хийдэг жижигхэн тойрог болгон хувиргаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн, төрийн институц хоорондын зааг ялгааг бүдгэрүүлсэн үйлдэл болж байгааг хуульчид сануулсаар байна. ҮАБЗ-өөс шийдсэн гэдгээр гул барьж УИХ-ын даргыг огцруулж, Дээд шүүхийн шүүгчдийг чөлөөлж, Ерөнхий прокурорыг зайлуулсан бол одоо ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргадаг хэмжээгүй эрхт бүтэц болон хувирлаа.

Б.ТҮВШИНТӨГС

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...