Жонн Ленноны христийнхэнтэй тэрсэлдсэн алдарт үг

ЭНЭ ӨДӨР

1966 оны гуравдугаар сарын 04-нд буюу 53 жилийн өмнөх энэ өдөр алдарт Битлз хамтлагийн гишүүн Жон Леннон “Evening Standard”сонинд ярилцлага өгөх үедээ “Бид Есүсээс  ч илүү алдартай болсон” гэж ам алдсан нь христийн шашинтнуудын дургүйцлийг ихээхэн хүргэж,  маш  их хэл ам эсэргүүцлийг дагуулсан  байдаг. Үнэндээ сонины сэтгүүлч Жонтой ойр харилцаатай найз шахуу байсан учир тэрээр ярилцлагын үеэр энэ үгийг санаандгүй л хэлчихсэн нь  маш том гал  авалцах үндэс болсон юм. Ярилцлагын дараа АНУ-ын “Datebook” сэтгүүл  түүний энэ үгийг томоор цонхлон нийтлэл гаргаж үүнийгээ дугаарынхаа нүүрэн дээр онцолсны дараа энэ эсэргүүцэл бүр ч илүү гаарсан байна. Зарим радио Битлзийн дууг дамжуулахаа зогсоож, төлөвлөсөн хэвлэлийн хурлууд цуцлагдаж, Жонд амь насанд нь халдана гэсэн үй олон дарамт ирэх болов. Зөвхөн АНУ төдийгүй, Мексик, Испани, Өмнөд  Африкын радионууд Битлзийн дууг явуулахаа зогсоож, Мексикт гэхэд эсэргүүцлийн жагсаал хүртэл болов. Ватикан хүртэл түүний хэлсэн үгийг буруушааж буйгаа мэдэгдэв.

Хамгийн гол нь Битлз 1966 оны наймдугаар сард АНУ-г тойрон тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан нь  Жоны дээрх үгээс болж маш их саад тотгортой учирсан байна. Тоглолтыг  цуцлах, Битлзд АНУд ирэх хориг тавихыг эсэргүүцэгчид шаардаж байв. Жон болон Битлзийн менежер хоёр хот бүрт хэвлэлийн хурал  хийж эсэргүүцлийг намжаахаар маш их зүтгэл гаргаж байсан ч шашны бүлэглэлүүдийн уур хилэн тийм ч амар дарагдаагүй гэдэг. Жон хэдий уучлал гуйх сонирхол байгаагүй ч асуудлыг  намжаахын тулд яах ч  аргагүй энэ үгэндээ уучлал хүссэн  байна. Гэсэн ч түүний уучлалыг үл хайхран Мемпис хот, Теннеси хотод Битлзийн тоглолтын  цуцласан байдаг.

1980 онд Жонн Ленноныг бусдын гарт амиа алдсаны дараа зарим эх сурвалж “Бид Есүсээс  ч илүү алдартай болсон” гэсэн энэ үг нь түүнийг үхэлд хүргэлээ гэж ч бичиж байв. Түүний аллагын талаарх  таамаглалууд дундаас энэ нь үнэний хувь муутай ч түүнийг алсан алуурчин христийн гүн бат шүтлэгтэн байсан гэдэг.

 

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ