Дандаа залуучуудтай харилцдаг хүн нас тоолохоо больдог юм байна

1
234

“Бидний цөөхөн Монголчууд” төслийг санаачлагч, Зам тээврийн сайд асан М.Зоригттой ярилцлаа. Төслийн агуулга, цар хүрээг товч тодорхойлбол Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд хүрч, өнөөдрийн монголчууд хэрхэн аж төрж байгааг түүх болгон үлдээнэ. Энэхүү ярилцлагаар “Бидний цөөхөн Монголчууд” юуны төлөө зорьж, чухам юуг бүтээх гээд байгаатай илүү “дотно” танилцана уу. Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүн ямар учраас “Зам л тавьж болохгүй” гэж хэлсэн юм бол... Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

                     Энэ цагийн түүхийг авч үлдэхээр дэндүү “шуналтай” ажиллаж байна

-“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаа хэрхэн төрсөн талаар ярилцлагаа эхэлье?

-Нүүдэлчин маягийн уламжлалнүдэн дээр алга болоод байгаа юм шиг санагддаг. Бид маш хурдацтай хотжиж, суурин амьдрал руу орсноор өдөр тутмын хэрэглээнд байсан монгол зүйлс, уламжлал, харилцаа энэ бүхэн улам бүдгэрээд байсан учраас төслөө санаачлах болсон гэх үү дээ. Би Монгол зурганд их дуртай. Би багын л аавыгаа дагаж, зураг авдагбайсан. Зураг авахдаа юм болгоныг анзаарч, харж явдаг.Тэр маань явсаар байгаад ингээд урвуулчих шиг боллоо.

Өнгөрсөн жил ажлаа өгснийхөө дараагаар БНСУ-д унадаг дугуйгаар аялсан. Унадаг дугуйгаар аялж явахад нэг бодол орж ирсэн. Өмнөд Солонгос, Хөвсгөлийн газар нутаг хоёр яг тэнцүү. Тэнд 58 сая хүн амьдарч байхад Хөвсгөлд 130 мянган хүн амьдарч байгаа. Тэр үед “Бид чинь яасан цөөхүүлээ юм бэ” гэж бодсон. Бас “Хүний нутагт дугуйгаар аялж чадаж байгаа юм чинь өөрийнхөө эх орныг тойрч чадахгүй байхаараа яадаг юм” гэсэн бодол орж ирсэн. Энэ ч мөн л түлхэц өгсөн зүйл.

Гэхдээ бид “Бидний цөөхөн Монголчууд”-ын талаар бодохгүй бол болохоо больчихжээ. Хэн хүнгүй бодох цаг болчихсон байна. Бид цөөхүүлээ гэдгээ мартчихаж. Нэг л их олуулаа улс шиг олон арван нам, нутгийн зөвлөл байгуулж, нутаг нугаараа талцдаг. Ийм цөөхүүлээ байж эв эеэ сахиж амьдрах ёстой юм байна, эв нэгдэлтэй байх ёстой юм байна гэж бодсон. Бидний цөөхөн монголчуудад нэг амь нас, нэг айл өрхийн гал бадарч явах нь дэндүү үнэ цэнэтэй. Тийм учраас төсөлдөө зориулж хийсэн “Шүүдэр дундуур” киногоороо хүнд хүн илүүддэггүй юм шүү гэсэн санааг хэлсэн. Ядарсан нэгнээ түшээд авдаг, хайр энэрэлээр дутаадаггүй байх нь ирээдүйд биднийг цааш авч явна гэж монголчууддаа хэлмээр санагдаад болдоггүй. Энэ цагийн түүх нүдэн дээр үгүй болж байгаа учраас амжиж авч үлдэх гэсэн харам сэтгэлээрээ жигүүрлээд л явж байна. Ингэж л энэ төсөл бүтсэн түүхтэй.

-Аяллаа Хөвсгөл аймгаас эхэлсэн нь учиртай байх?

-Аливаа зүйлийг хийх, эхлүүлэхдээ бэлгэдлийг тооцдог. Монгол орныхоо хоймор болсон тэр сайхан нутаг, бүр хоймрын хоймор Ханх сумаас төслөө эхлүүлсэн. Хөвсгөл аймгийн 23 суманд 57 хоног ажиллалаа. Дэндүү сайхан нутаг. Нүүдэлчин өв соёл алслагдсан сумдад хэвээр үлдсэн байна. Тэнд нүүдэлчин амьдралын хэв маяг, уламжлал, хүмүүсийн хоорондын харилцаа, элгэмсэг байдал, байгальтайгаа харилцаж байгаа байдал, бүх юм хэвэндээ байна. Дэндүү үнэ цэнэтэй. Тэр бүгдийг мэдэрч, энэ бүх хүмүүстэй уулзаж явна гэдэг үгээр хэлэмгүй гоё л доо.

-Хөвсгөл аймгаар аялсан аяны богцоо задлахгүй юу?

-Бид дэндүү “шунамгай” хандсан. 57 хоноод ирэхдээ 32 терабайт материалтай ирсэн байна. Аливаа цагийн үүх түүх, хөгжлийг тодорхойлдог нэг гол зүйл бол урлаг байдаг. 50, 100, 500 жилийн дараа урлагийг үзэж, сонсоод ойлгож мэдэрдэг. Тиймээс бид сум бүхэнд очихдоо шилдэг гэсэн таван урлагийн бүтээлийг бичиж авдаг. Соёлын төвд, гэрт, гудамжинд гэх мэт янз бүрээр бичиж авч байгаа. Мөн таваас доошгүй хүнээр тухайн сумын үүх түүх, домог туулийг яриулдаг. Таван айлд тарж хонохдоо таван өөр ахуй амьдралын зургийг буулгадаг. Тэр нь сэтгэлд жаахан дутуу санагдаад байсан учраас сумынхаа бүх айлыг мэддэг, мотоцикльтэй хүний ард зурагчингаа суулгаад өдөржин явуулж, бүх айлын зургийг буулгадаг. Ахуй амьдрал, хашаа хороо, гэр орон, бурхнаас эхлээд эгэл амьдралын зургууд авдаг. Мөн бид бүх албан байгууллагаар ордог. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, захиргаа, соёлын төв гээд нэгийг нь ч үлдээлгүй ордог. Үүний дараагаар гудамж талбайн зураг авна. Мөн агаараас дрон зураг авалтууд хийнэ. “Сумын төв боллоо” гэж үзсэн тохиолдолд тухайн сумын нутагт байгаа түүхийн болон байгалийн өвөрмөц газруудын зургийг авдаг. Бидний хувьд Монгол орны 400 гаруй сум суурин газрын бүгдийг нь тойрно гэж зорилго тавьсан ч хүрэхгүй байгаа баг алга. Зөвхөн сумаас гадна бүх л багт нь очих бололтой. Энэ цагийн түүхийг авч үлдэх гээд дэндүү “шуналтай” ажиллаж байна.

-Төслөө эхлүүлээд авж байхад дутуу тооцоолсон зүйл хэр их гарч байна вэ?

-Хөвсгөл аймагт ажилласны дараагаар бид маш их дадлагажлаа. Олон зүйлийг сурлаа, бас олон зүйл дутуу бодсоноо олж харлаа. Зураг видеонд түүхийг буулгаж авахаас гадна тэмдэглэл хөтлөх ёстойг ойлгож хүн бүр тэмдэглэл хөтөлж байна. 15 хүн нэг үйл явдлыг 15 өөр өнцгөөс бичиж байна. Бидний тэмдэглэлийн дэвтэр түүх болох байх. Дээрээс нь дуу авиа гэж чухал зүйл байдгийг ойлголоо. Гол мөрний цөн түрж байгаа, Хөвсгөл далай дээгүүр машинаар явахад гардаг дуу чимээ зэрэг олон зүйлийг бичиж авлаа. Энэ чимээ хүртэл тэр чигээрээ түүх. Цөөнгүй тоног төхөөрөмж нэмж авах, олон зүйлийг анхаарах хэрэгтэй болж байгааг ойлгосон. Дараагийн аялалд гарахад маш их нэмэр болж байна.

-Төслийн багаа хэрхэн бүрдүүлсэн юм бэ?

-“Шүүдэр дундуур” кино хийх явцад манай баг бүрдсэн гэж хэлж болно. Багт маань гэрэл зурагчид, видео бүтээгч, дуу авиа, гэрэлтүүлгийн инженер багтаж байна. Манай багийн хамгийн сайн ажиглалт хийдэг нь сэтгүүлч С.Батзаяа. Эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу аль эсвэл сэтгүүлчийн мэргэжил нь нөлөөлдөг юм уу, их гярхай. Сонин содон зүйл олж хардаг. Нэг сумын номын сангийн эрхлэгч залуу номын санд нь байсан 1000 номыг акталсан байсан. Стандарт юм байлгүй, акталсан л байсан. Сумынхан номгүй байсан учир С.Батзаяа энэ асуудлаар твиттер, фейсбүүкээр олон хүнд хүргэж, тэр суманд 700 гаруй ном цуглуулж өгсөн. Маш чанартай номнууд шүү. Ингэж нэг сум номуудаа бүрэн шинэчилж, номын баяр хүртэл хийсэн. Энэ давалгаа нь зогсож өгдөггүй, сүүлд өөр нэг суманд 500 гаруй ном хандивласан. Энэ аян цаашдаа ч үргэлжлэх бололтой.

                               Бид цаатнуудыг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадахгүй байна

-Хөвсгөл аймгийн онцлох зүйлийн нэг нь цаатан үндэстэн. Цаатнуудын амьдрал ахуйтай танилцсаны дараа танд ямар бодол үлдсэн бэ?

-Цаатнуудын 20 гаруй гэр бүлийн 300 гаруй хүн тэнд амьдарч байна. Өнөөдөр олонхи болсон бид “Хөөрхий цаатнууд” гэж ханддаг ч үнэн сэтгэлээсээ хайрлаж чадахгүй байна. Олуулаа болоосой гэх сэтгэл байхгүй байна. Монголын төрөөс цаатнуудад зориулж олон арга хэмжээ авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч цаатан болгонд сар болгон бэлэн мөнгө өгдөг болсон. Ер нь нэг айлд 1-2 сая орчим мөнгө очдог юм байна. Хайр хишиг их байдаг боловч сэтгэл дутсаны хор хөнөөл мэдрэгдэж байсан. Жишээлбэл, цус ойртолт их байна, архи их ууж байна. Бид тэндээс юу олж харсан бэ гэвэл гурван сая гаруй монголчуудын дэргэд 300 цаатан дэндүү өчүүхэн хэсэг нь. Гурван сая монголчууд эвгүй, буруу ганц шийдвэр гаргахад цаатнууд устаад үгүй болох аюултай болсон байна гэдгийг мэдэрсэн. Цөөнхдөө яаж хандана, ямар аргаар халамжилна, ямар бодлого хэрэгжүүлнэ, энэ нь өөрөө дэлхий нийтийн соёл болон түгэх ёстой юм шиг байгаа юм.

-Сэтгэл дутсаны гай их байна гэлээ. Таны хувьд үүнийг шийдэх шийдэл нь юу байсан гэж харсан бэ?

-АНУ-д өнөөдрийг хүртэл нутгийн уугуул иргэд индиануудынхаа асуудлыг шийдээгүй л байна шүү дээ. Индианууд нь архи уудаг. Жуулчин ирэхээр бүх хувцсаа тайлж нүцгэлж байгаад чулуу мод үрж галаа асааж харуулаад доллар аваад сууж байдаг. Дээрээс нь тэдэнд бэлэн мөнгө өгдөг. Дэлхий даяараа индиануудын ч гэсэн асуудлыг хэрхэн шийдэх арга аргачлалыг гаргаж ирээгүй байна. Цаатнуудын хувьд ч адил. Хүсэхгүй байна уу, анзаарахгүй, зав гарахгүй байна уу, мэдэхгүй юм.

Энэ нь том асуудал гэдгийг би яаж мэдэрсэн бэ гэхээр жишээлбэл, Хятадын тэрбум 400 сая хүний дэргэд Монголын гурван сая хүн ам юу юм бэ. Бид цаатнуудад хандах хандлагаа өөрчилвөл дэлхийд жишиг соёлыг бий болгох боломжтой. “Олонхи нь цөөнхөө ингэж авч явдаг юм шүү” гэсэн соёлыг бий болгож чадах юм бол энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын түүх соёл мөнхөд байхын баталгаа юм байна гэдгийг тэндээс олж харсан.

Бид цаатнуудын амьдралаас сэдэвлэн “Тайгын доктор” гэж баримтат кино хийж байгаа. Зураг авалт хийх явцад утга агуулга нь илүү томорсон. Тиймээс баримтат уран сайхны киноны хэлбэрт оруулж хүргэх ёстой юм байна гэж бодсон. Үүнийг зөвхөн монголчууддаа, бас дэлхий нийтэд асуудал болгож, дэвшүүлэх ёстой юм байна гэж бодоод дахин Цагааннуур явах ёстой гэж шийдсэн.

-Олон онцгой содон хүмүүстэй уулзаж байгааг фейсбүүкээс тань харсан. Заримаас нь сонирхуулбал уншигчдад содон байх болов уу?

-Монголчууд бид их өгүүлэмжтэй. Байгалийн сайхнаас гадна хүний сайхан ихтэй. Үе тэнгийнхээ хүүхдийг нүдгүй цасан шуурган дунд 10 гаруй км үүрээд, мөлхөөд амийг нь аварсан хүүтэй уулзлаа. Анх төсөл эхлүүлэхдээ үүнийг бид олж хараагүй л байсан. Хүний өөрийн нийлсэн 20 гаруй хүүхэд өсгөж байгаа буурай, тэтгэврийнхээ зээлээр сумандаа гүүр бариад өгчихдөг өвөө, 130 сая төгрөг хувиасаа гаргаад сумандаа спорт заал бариад өгсөн сийлбэрч залуу зэрэг олон сайхан хүмүүстэй уулзлаа. Д.Дамдин аваргын садан төрлийн улсууд байх юм. Д.Дамдин аваргыг буриад хүн гэдгийг сая очихдоо л мэдлээ. Хотод ганц л удаа ирж байсан сургуулийн галчтай уулзлаа. Сумд байгаа бүх номыг уншаад дуусгасан, хот орох хүсэлгүй тийм нэг сонин хүнтэй уулзлаа. Одоо аймгийнхаа номын сангийн номуудыг уншаад дуусгах гэж байгаа гэсэн. Яриад байвал маш олон хүн байгаа.

-Төслийн ажлаа хэдийгээр тайлан болгож гаргах вэ. 21 аймгаа тойрсны дараагаар уу, аль эсвэл аймаг бүрт ажилласныхаа дараа юу?

-Бид ч гэсэн өөрсдөө догдлон хүлээж байна. Цаашдаа шууд нэвтрүүлэг хийе гэж бодож байгаа. Харилцаа холбооны хамтрагч “Unitel” компани Монгол орны бүх сум сууринг интернетийн 4G хурдтай болгосон. Интернет нь Улаанбаатар хотоос хурдан гээд бод доо. Хөвсгөлийн тайлан болгож 100 гаруй зургаар үзэсгэлэн гаргах гэж байна. Бид Монголын үндэсний радио телевизтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн “Нэпко”-той хамтарч 30 гаруй бүтээл хийхээр болсон. Үндэсний телевизтэй хамтран 800 гаруй нэвтрүүлэг хүргэнэ. МҮОНТ 50 жилийнхээ ойд зориулан барьж буй олон бэлгийн нэг нь манай төслийн нэвтрүүлгүүд юм. Очсон газар бүрээсээ хоёроос цөөнгүй нэвтрүүлэг хийнэ. Хөвсгөл аймгаас 60 гаруй нэвтрүүлгийн нөөц бололцоотой орж ирсэн. Есдүгээр сарын 20-ноос гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн нэвтрүүлгүүдээ онлайнаар цацна.

-Соёлын өвийг хадгалж үлдээх нь төслийн нэг зорилго байсан. Онцлох ямар соёлын өв байна гэж харсан бэ?

-Дархад сумдаар явж байхад хүмүүс нь их шогч гэдгийг анзаарсан. Хөгжөөнтэй, дуу хуургүй байна гэж байхгүй. Газар дээр нь дуу зохиочихдог юм билээ. Бидний төслийн санаа зорилгыг сонссоныхоо дараа дуу зориулж, бичиж, 40, 50 ахмад хүн нийлж байгаад дуулж өгсөн. Газар нь дээр нь дуугаа бичиж, дуулж, бэлэглэдэг юм билээ. Ийм зүйл анх удаагаа харлаа. Сумынхан нь өөрсдөө мэдэхгүй байсан зүйлийг хүртэл энэ төслийн хүрээнд ил гаргаж чадсан. “Манай сум чинь ийм түүхтэй юм уу” гэж уулга алдаж байх жишээтэй. Тэгэхээр бид түүхийн олон олон олдворыг ил гаргаж байна.

                 Төв суурин газраас хэдийчинээ алслагдана, тэр хэрээр соёлоо хадгалж чадсан байна

-Орон нутгийн иргэдийн уугуул сайхан зан чанарыг эвдэж байгаа зүйл юу байна гэж харсан бэ?

-Хойд талын сумдын иргэд өөрийн гэсэн нийгмийн төлөвшилтэй, зан харилцаа, соёлоо маш сайн хадгалсан байгаа нь харагдсан. Тэнд өндөр хурдны 4G интернеттэй, 24 цагийн цахилгаантай, олон сувгийн телевиз үздэг болж. Гэхдээ энэ нь хүмүүст маш бага нөлөө үзүүлж байна. Тэр хүмүүс монгол сайхан зангаа, үүх түүх уламжлалаа аваад үлдсэн байна, монгол хүний ген, Монголчуудын бахархалт зан чанар тэнд байгаа монголчуудад хамгийн сайн хадгалагдаж байна. Тэр хүмүүсээ хайрлаж хамгаалах ёстой. Би өөрөө Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүн. Гэхдээ энэ хүмүүсийг хамгаалахын тулд зам л тавьж болохгүй юм байна гэдгийг ойлголоо. Уржнан жил 40 мянган приус Хөвсгөлийг дайлаар мордож, байгалийг авах юмгүй болгосон. Хатгал сумын эргээр байсан сайхан зүйлийг бүгдийг нь арчаад гараад ирсэн. Одоо хойд талын сумд руу засмал тавьчихвал 40 мянган приус давхиад л очно. Засмал зам тавьж болохгүй юм байна гэдгийг анх удаа монголчуудад хэлмээр байна. Сайныг агуулсан чанарыг авч үлдье гэвэл зам л битгий тавь.

Ер нь бид хөгжихийн тулд яах вэ гэдгээ бодож л байх ёстой. Зам л хөгжил авчирна, зам л бариад байвал юм хөгжинө гэж бодож болохгүй санагдсан. Мөрөнгөөс Хатгал руу явж байгаа засмал зам тавихаас өмнө Алаг-Эрдэнэ сум нь сум шиг л сум байсан. Тэнд хүмүүс зам дөтөлж очиж хоноод өглөө эрт цаашаа явдаг, зочид буудал, хоолны газар, дэлгүүр гээд бүгд байсан. Гэтэл одоо засмал зам тавьснаар Мөрөнгөөс Хатгал ороход 30-40-хөн минут давхидаг. Алаг-Эрдэнэ дээр зогсох ямар ч шаардлагагүй болсон. Буудал, дэлгүүр, үсчин, гуталчин юу ч байхгүй. Тэр бүү хэл тус сумынхан үсээ засуулахдаа Хатгал юм уу Мөрөн ордог болсон гэж байна. Засмал зам хөгжил авчирдаг байсан бол тэнд зочид буудал нь арван давхар болох ёстой биз дээ. Гэтэл эсрэгээрээ байгаа юм. Бид Хатгалаас хойшоо Хөвсгөлийн хойд сумд руу зам тавина гэж байна. Тэгвэл тэр замыг тавьснаар өнөөдөр миний амтархан яриад байгаа тэр байгаль, тэр амьдрал, орчин, соёл, ёс заншил баллуурдсан юм шиг алга болно. Тэгэхээр хамгаалах хэрэгтэй, зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Олон төрлийн л санаа орж ирэх юм. Фэйсбүүк дээр энэ санаагаа илэрхийлээд, зам тавьж болохгүй гэхэд хэдэн зуун хүн шэйр хийж, хэдэн арван мянган хүн үзээд, бүгд зам барихгүй байх нь зөв гэж байгаа юм. Бид явах л ёстой, явж байж юмаа мэдэж, асуудлыг харах юм бол зөв өнцгөөс харж, зөв шийдлүүд гарах юм билээ. Суусан мэргэнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ.

Хөвсгөлийн хойд алслагдсан сумдад 24 цагийн цахилгаан, өндөр хурдны интернет, олон сувгийн телевизээс болж нэг их эвдэрсэн зүйл алга. Тэгэхдээ хот руу ойртоод ирэхээр суурин амьдралын хэв шинжүүд ихэсч байна. Төв суурин газраас хэдийчинээ алслагдана, тэр хэрээр соёлоо хадгалж чадсан байна. Бид улам л хотжиж уугуул сайхан чанараа гээсээр байна. Нэг жишээ хэлье л дээ. 20-хон жилийн өмнө хичээлээсээ тарж ирээд гэрийнхээ түлхүүрийг авах гэж орцныхоо бүх айлын хаалгыг тогшиж олдог байлаа. Аав ээж ажилдаа явахдаа хүн байгаа айлд түлхүүрээ үлдээгээд явдаг. Дуртай айлдаа түлхүүрээ орхидог байсан цаг саяхан шүү дээ. Өнөөдрийн өндөр байшинд амьдарч байгаа хүмүүс бие биенээ танихгүй шахам байна. Суурин амьдралын хэв маяг руу бид маш хурдан орж байна.

-Хөвсгөлийг тойроод ирэхэд үнэхээр зөв зүйл хийж байгаа юм байна гэсэн бодол төрүүлсэн зүйл олон тохиолдсон байх. Төслийг санаачилснаараа хэзээ хамгийн их бахархав?

-Ер нь бол их эрэлттэй, хэрэгтэй төсөл болж байгаа нь байнга мэдрэгдэж байсан. Монголчууд өөрөө өөрсдийнхөө түүхийг нэгдсэн том зорилготойгоор хийж байгаагүй, хийх цаг нь болсон, бид өөрсдөө хийх ёстой гэсэн хандлагатай угтаж байсан. Хаа газар биднийг монгол уламжлал ёс заншлын дагуу хадаг, сүүтэй угтдаг. Биднийг очих сургаар сумдад цагаан сар, наадам болж байгаа мэт хүн болгон гангарчихна. Бид уг нь өнөө цагийн бодит дүр зургийг авах зорилготой байдаг. Гэтэл сумынхан нь бүгд ганган алхаад байхаар зураг авч ч болохгүй. “Та энгийн хувцсаа өмсөөд өгөөч” гэж гуйгаад ч нэмэр байхгүй, бүх нийтээрээ хөдөлж байгаа юм.

Нэг суманд яваад ирэхэд өмнө очсон хоёр, гурван сумынхантай аль хэдийнэ холбогдоод, туршлагажаад бэлдчихсэн, кинон дээр гардаг шиг “Шинэ халаадаа өмсөөд, ширээнийхээ бүтээлгийг дэвсээд” угтана. Зарим газар хана туургаа будчихсан, эсвэл урлагийн номерынхоо хүүхдүүдийн хувцсыг шинээр оёсон байх жишээтэй. “Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн хаана явна, юу болж байна гэх тэр санаа зовнил, бүтчихээсэй гэсэн сэтгэл, энэ бүгд хэрэгтэй зүйлээ хийж байна гэсэн мэдрэмжийг бидэнд байнга өгдөг болохоор илүү хариуцлагажуулж байна. Бид налайгаад хэвтчихэж болохгүй болчихож. Ховд, Баян-Өлгий, Увсынхан аль хэдийнэ биднийг хүлээгээд сууж байна. Товлосон хугацаандаа очихгүй бол тэр олон хүлээлтийг бид хөсөрдүүлнэ шүү дээ.

-Энэ төслийг амжилттай болгоход хөрөнгө мөнгөний асуудал маш чухал. Тусалж дэмжих хүмүүс олон байна уу?

-Хариуцлагаас гадна дэмжигчид олноор бий болж байна. Дугуйг чинь сольж өгөх үү, унд усныхаа асуудлыг яаж шийдэж байна, мөнгө цаас хүрч байна уу гээд байнга асууж санаа тавьж байна. Хэдийгээр бид энэ төслийг эхэлсэн ч түрлэг болоод монголчууд нийт олноороо хамарсан том арга хэмжээ болох юм шиг байна. Манай бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ маш сайн болжээ. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллагууд олон бий. Харилцаа холбооны гол дэмжигч, биднийг интернэтээр дамжуулж та бүгдтэй байнга холбож өгч байгаа “Юнител” компанийг нэрлэх хэрэгтэй. Бид киногоо сумын Соёлын төвд гаргахдаа “Тэнгис”-т кино үзэж байгаагаас дутахааргүй тийм мэдрэмж төрүүлэхийн тулд хамгийн том, хамгийн гоё нягтралтай дэлгэцээр хүргэж, үзүүлж байна. Хамгийн мундаг дуу авианы төхөөрөмжүүдтэй явж байна. Хэзээ ч хөдөөний ард түмэнд хүрч байгаагүй мундаг хүчин чадалтай төхөөрөмжүүдийг маань “PC mall” бүгдийг шийдэж өгсөн. Бидний гэрэл зураг, видео дүрсний зураг авалтууд бол техник хэрэгслээс хамаардаг. Бидний ашиглаж буй “Сони”-гийн хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжүүдийг тус компанийн Монгол дахь төлөөлөгч “ВSB” бүрэн шийдээд өгч байна. Гэх мэтчилэн цаашаа яриад байвал маш олон байгууллага, компани бий. Энэ төсөл маань аажимдаа бүх нийтийн бүтээл болох юм шиг байгаа юм.

-Танай төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гэж зарласан шүү дээ. Ингэснээр хэр ач холбогдолтой болж байх юм?

-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гээд байхын ач холбогдлыг сайн ойлгодоггүй байсан юм. Ерөнхийлөгч биднийг замд гарахын өмнө хэд хэдэн удаа уулзаад зөвлөгөө өгсөн. Ерөнхийлөгчийн ивээл дор авлаа гээд захирамж гаргасан. Тэр нь их нэмэртэй юм. Хаана ч явсан, БСШУЯ, БОНХЯ, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд долоо хоногт нэг удаа заавал холбогдож байна. Явж байгаад үнэхээр арга байхгүй бол застав дээр очоод хоночихно. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам биднийг номоор хангаж байна. Хаа нэгтэй явж байгаад танихгүй ургамал харагдвал зургаар нь хайхад тэр байна гээд гаргаад ирнэ. Суман дээр ирэхэд бидний байрласан газарт савтай хоол, талх, масло аваад ирнэ. Хоолны мах жижигхэн, зөөлхөн бол цэцэрлэгийнхэн хоол хийж явуулсан байна, арай том махтай бол сургуулийнх гэх мэтчилэн махных нь хэмжээгээр хүртэл бид аль байгууллагын хоол вэ гэдгийг мэддэг болчихсон байгаа юм. Ийм байдлаар төр нь ч оролцоод, орон нутаг, аймаг, сумдын удирдлага, ард иргэд нийтээрээ л оролцож байна.

                                        Би бол насны ажлаа олсон гэж ойлгоод байгаа

-Өмнө нь та бүхэн нэг суманд тэд хононо, жилд 4-5 аймагт очно гээд төлөвлөгөө гаргасан байсан. Гэтэл зөвхөн нэг аймагт ийм хэмжээний хугацаа зарцуулж байгаа болохоор төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа болов уу. Цаашдаа энэ төслөө хэрхэн тогтвортой авч явах талаар төсөөллөө гаргасан байх?

-Түрүүнд би хэлсэн дээ, эрэлт байна, хүлээлт байна гэж. Нөгөө талаас үүнийг хийхгүй бол болохгүй гэх хариуцлага нэмэгдсэн. Эхлээд бид зураг авах гэсэн хоббигоор энэ ажлаа эхэлж байсан бол одоо маш өөр харилцаа орж ирэн, хариуцлага болоод хувирчихсан. Хөвсгөл нутагт биднийг аялсны дараа дараагийн аймгууд өөр хоорондоо өрсөлдөж бидэнтэй ярьж байна. Та нар баруун аймгуудаа болиод зүүн талаасаа яваач, эсвэл манай аймгаас эхлээч гээд. Ер нь бензин тос бүх юмыг даая манайх руу ирээч гэсэн аймгууд ч ярьж байна. Энэ бол маш хэрэгцээтэй юм гэдгийг бүх нийтээрээ ойлгочихжээ. Бид ч хөрөнгө санхүүгээр дутахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр бид нэг л зүйлд анхаарах хэрэгтэй юм. Ур чадвар бүхий хамт олон, баг хэрэгтэй. Өнөөдөр бидэнтэй хамт явъя гэсэн хэдэн зуун гэрэл зурагчид, хэдэн зуун зураглаач байна. Бидний нэг нь ханиад хүрлээ гэхэд дараагийн хүн нь бэлэн байна. Машинд багтдагсан бол бүгдийг аваад явмаар байдаг. Гэхдээ бас энэ нь хэм хэмжээтэй байх ёстой. Бид арав, хорин машинтай явж болно, бензин тос хангалттай байж болно. Гэхдээ 20 машинтай бүрэлдэхүүн суманд яаж багтах вэ. Тэгэхээр гурван машинаас хэтрүүлж болохгүй юм байна гэж бодсон. Бид бас зүгээр явахгүй, хүмүүсийн сумдад өгөөрэй гэсэн ачаа, номнуудыг авч явж байгаа болохоор чиргүүлүүдтэй явж байгаа.

-“Бидний цөөхөн Монголчууд” төсөл хэдий хугацаанд үргэлжлэх бол. Лав анх төлөвлөсөн шиг гуравхан жилээр тогтохгүй биз?

-Төслөө эхлүүлэхдээ нэг суманд гурван хоног л болно гэж төлөвлөж байсан. 360 гаруй сумаар нэг жил явна гэж төслөө эхлүүлж байсан. Хөвсгөл аймгаар тойроод ирсний дараа энэ төслийг хэрэгжүүлэхэд бидэнд гурав байтугай гучин жил ч хангалтгүй санагдаж байна. Амьдрал өөрөө баялаг. Төслийн хүрээнд олон сайхан хүмүүстэй учирна гэж төлөвлөөгүй учир нэг жилд болчихно гэж төсөөлж байсан. Одоо бол 5, 10 жил, 20, 30 жил ч хэрэгтэй юм шиг бодол төрж байна. 21 аймгаа тойроод л энэ төсөл дуусчихгүй. Улаанбаатар хотынхоо айлууд болоод гадаадад байгаа монголчууддаа ч гэсэн хүрнэ. Гадаадад байгаа монголчууд өнөө цагийн бас л нэг түүхийн хэсэг. Яагаад эх орноосоо явсан юм, хүний нутагт байгаа ч гэсэн Монголоороо байж чадаж байгаа юм уу зэргийг харуулна. Монголчууд очсон газар бүртээ монгол сургууль, цэцэрлэг бий болгож байна. Мөнгө төлж хүүхдэдээ монгол хэл заалгаж, монгол дуу шүлэг сургаж байна. Эндээс Монголоо авч үлдэх гэсэн сэтгэл харагдаж байгаа биз. Энэ бүхнийг багтаана гэхээр төслийг тэдэн жил үргэлжилнэ гэж хэлэх итгэлгүй болчихоод байгаа юм. Би энэ төслийг зогсохгүй гэж ойлгож байна. Бид байх, байхгүйгээс үл хамаараад олон жил үргэлжлэх болов уу. Би бол өөрийнхөө насны ажлыг олчихсон гэж ойлгоод байгаа. Энэ бол зүгээр нэг зураг аваад явах ажил биш, монголчуудын эв нэгдлийн түүчээ, манлайлал болж, “Бидний цөөхөн монголчууд” бид чинь цөөхүүлээ шүү гэдгийг дахин дахин хэлж байх шиг байна.

Буриадууд хэдхэн жилийн өмнө гэхэд цөөхүүлээ, цалгар байлаа. Буриад хэлээ мартаж эхлэн, буриад дээл хувцас өмсдөг хүн бараг байхгүй болсон байсан. Нэг л өдөр Хэнтийн Дадал сумынхан “Алтаргана” гэдэг наадмыг сумандаа хийж эхлэн, тэр наадмаараа буриадууд бид цөөхүүлээ, хэл соёлоо мартаад эхэллээ, буриад дуу дуулдаг хүүхэд байхгүй боллоо, дээл хувцсаа өмсөхөө байлаа гээд яриад эхэлсэн. Гэтэл одоо, түүнээс хэдхэн жилийн дараа “Алтаргана” олон улсын том арга хэмжээ болсон байна. Ямар ч арга хэмжээ Улаанбаатарт болсон, буриадууд зохион байгуулалттай ирдэг, бүгд дээл хувцсаа өмсдөг болсон. Хүүхдүүддээ буриад хэл заадаг, тэр байтугай Монголын үндэсний радио телевиз буриад хэлээр мэдээ явуулдаг болсон байна. Цөөхүүлээ гэдгээ ойлгож, болохоо байж байгаагаа мэдэрч чадах юм бол ингэж нэгдэж чаддаг юм байна. Монголчууд ч гэсэн өнөөдөр цөөхөн гэдгээ мэдрээд, ойлгож чадах юм бол буриадууд шиг болж чадна.

Би сошиал медиаг нэлээд хардаг. Яагаад гэхээр, залуучуудын хандлагыг тэндээс мэдэрч болдог юм. Залуучууд үндэснийхээ дээлээр гоёх дуртай болж эхэлж байна. Энэ зөв эрүүл хандлага. Илүү спортлог болж, ууланд алхдаг болж байна, архи уудаг нь багасч байна гэх мэтчилэн олон зүйл мэдрэгдээд байгаа юм. Одоо бид олон талцлаа зогсоож чадах юм бол, эв нэгдлээ хичээж чадах юм бол, хамгийн чухал нь хариуцлагаа мэдэрч чадвал хөгжиж чадна. Япон, Солонгос, Сингапурын хөгжлийг хараад байхад хариуцлага, эв нэгдэл хоёр л хамгийн чухал байгаа юм. Мэдээж үүнд цаг хугацаа шаардлагатай ч бололцоотой нэгийг хийгээд явж байх ёстой. Тийм учраас энэ төсөл эв нэгдлийн түүчээ, манлайлал болж байх ёстой гэж ойлгодог.

-Энэ олон хоног олон ч газраар явахдаа дандаа л сайхан зүйлтэй таараагүй байх. Халагламаар харуусмаар санагдаж байсан зүйл ч гэсэн байсан биз дээ?

-Байлгүй яахав. Хаа газар хувь удирдагч, манлайлагчийн сэтгэлгүйн гор их байна. Хилийн цэргийн амьдрал дэндүү цэмцгэр. Сайн ажилтай эхнэртэй айл шиг харагддаг. Тэнд сэтгэл, сахилга бат мэдрэгдэж байгаа учраас ийм байна. Гэтэл сэтгэлгүй дарга нарын үйлдлээс болж иргэд хэрхэн хохирч байгааг харж бухимдаж явлаа. Өвлийн хүйтэнд, гадаа цасан шуурга тавьж байхад нэг ч цонхгүй дотуур байр харлаа. Цонхнуудаа гялгар уутаар битүүлчихсэн, гялгар уутнууд нь цоорчихсон, тэрэн дунд жаахан хүүхдүүд амьдарч байх юм. Шил байхгүй гэхэд хулдаасаар яагаад битүүлж болдоггүй юм гэсэн бодол төрж уцаарлаж л байлаа. Энэ бүхэн чинь сэтгэл л дутаж байгаагийн шинж биз дээ.

-Сэтгэл байвал бүтээж болж байна гэдгийг харуулсан зүйлүүдтэй таарсан байх?

-Бид жишээ нь, нүүдэлчин соёл гээд малаа дагаж хэдэн тийшээ тарж бутарч амьдардаг. Хүний, айлын мал нийлж болдоггүй, аль алинд нь бэлчээр хэрэгтэй байдаг, тэрийгээ дагаад явдаг. Өвөл цагт л бие биедээ жаахан ойртож айлсана уу гэхээс зуны цагт бол бие биенээ олж харахын аргагүй аль болох хол нүүдэллээд явдаг.

Монгол нүүдэлчин төрх гэдэг бол өөрийгөө бодсон, өөрийнхөө амьдралыг эхлээд болгочихдог хандлага. Суурин амьдрал гэдэг хэв маяг руу бид шилжиж байна. Нэг орцонд байдаг хорин хэдэн айл орцоо цэвэрхэн байлгахын тулд СӨХ, жижүүр гээд хүчээр л нэгдэж байна. Тэгэхэд Хөвсгөлийн нэг суманд улсын гар харахгүйгээр амьдраад сурчихсан байх юм. Соёлын төв хэрэгтэй гэхээр, баг багийнхан хурал хийгээд, хонь малаа нийлүүлж хөрөнгө босгоод Соёлын төв барьчихсан. Гүүр эвдэрлээ гэхэд 50-60 метрийн урттай, дээгүүр нь машин унаа явдаг гүүрийг өөрсдийн хүчээр барьчих юм. Гэх мэтчилэн бүх юмаа өөрсдөө болгоод байдаг. Мундаг аж ахуйч хүмүүсийнхээ хийж бүтээснийг одоо хүртэл үргэлжлүүлээд явдаг сум ч байна.

Ренчинлхүмбэ сумын дарга байсан хүн 69 дүүрэн хөлдөөсөн загастай хот руу орж ирээд, Засгийн газрын ордон руу ухарч зогсож байгаад л ордонд өлгөөтэй байсан хоёр том люстрыг аваад явчихсан гэдэг. Ренчинлхүмбэ сумынхан өөрсдийн гараар барьсан гурван давхар, маш өндөр таазтай Соёлын ордондоо тэр хоёр люстрыг өлгөчихсөн, одоо хүртэл тэрийгээ гамтай, өнгөтэй авч явж байна гэж жигтэйхэн. Эвтэй хийсэн юм урт настай байна. Тэнд тийм уламжлал байна. Ер нь сум болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн соёлтой, өөрийн эв нэгдэлтэй, хамтарч чаддаг, тэр нь тэдний үнэ цэнэ болж байна. Тэр бүгдийг бодохоор тэр сум хүртэл 40 мянган приусын замыг битгий тавьж өг гэмээр байна. Тэгэх юм бол нэг овсгоотой эр нөгөө хоёр люстрыг ачаад явчихна шүү дээ.

                              УИХ-ын сонгууль энэ тэрийг март. Надаас тийм юм бүү асуу

-Та нүүр номондоо хоолны зураг их оруулж байсан. Онцлог хоолыг нь бас судалсан уу?

-“Номадс” рестораныхан өмнө нь монгол хоолны тухай сайхан ном хийсэн юм билээ. Тэр номын хоёр дахь цувралыг бидэнтэй хамтран хийх болж биднийг мөнгө санхүүгээр дэмжиж байгаа. Бид очсон газар болгондоо брэнд хоолыг нь судалж, хоёр ч шинэ хоолны жор олсон. Мөн хоол хийх нутгийн онцлог аргууд гэж байна аа. Банш хийдэг арга их сонин санагдсан. Бид банш хийхийн тулд махаа жижиглэнэ, амтална, гурилаа зуурна, элдэнэ, дээр нь махаа хийж, чимхэнэ. Гэтэл тэнд махаа хэрчээд амтлаад, бөөрөнхий болгоод гурил руугаа шидчихдэг юм билээ. Махаа гурилд хутгаад, хооронд нь зуралдуулаад котлет болдог гэдгийг бид мэднэ. Харин тэдний тэр шидсэн мах чанахаар гадуураа цав цагаан бүрхүүлтэй банш болоод гараад ирж байгаа юм. Яаж байна гэхээр, гурил дотроо хөлдөх ёстой юм байна. Гэх мэтчилэн хөөе гэмээр юм гэнэт гарч ирээд байдаг. Хөвсгөл загастай нутаг болохоор загасыг их сайхан ашиглаж, загасыг наадуулах юм. Шарж, жигнэж, давсалж их гоё олон төрлийн юм хийдэг юм байна.

-Та төрийн хүн байсан. Одоо хөдөөгүүр “тэнэж” явахад хэр эрх чөлөө мэдэрч байна вэ?

-Би хамт олон удирдаж яваа, хамт олны этик, соёл, зорилго гэж байна. Цаана нь биднийг хүлээж байгаа хүлээлт байна. Энэ бүгд юун эрх чөлөө. Бидэнд цаг хугацааг маш нарийн хэмжиж өгч байна. Өдөрт хийж байгаа уулзалтууд маань багтахаа болиод өглөө 07.00 цагаас эхэлж, сүүлийн уулзалтыг 12-т хийдэг болсон. Бид Хөвсгөлд 57 хоносон. Хүмүүс ямар удаан яваа вэ гэдэг. Бидэнд бол харвасан сум шиг өнгөрсөн. Хөдөө явж байхад сайхан энергитэй явдаг юм байна. Ямар ч стрессгүй, замд түгжирч, автобусанд шахцалдаж уурлахгүй. Бид дараагийн аялалдаа гарна гээд хугацаа төлөвлөчихсөн байгаа ч хүн болгон л хурдан гарахын хүслэн. Яваад сурчихдаг юм байна. Ингээд яваад сурчихсан хүмүүс эргэж сууна гэж байхгүй. Надад бол эргэж буцах хүсэл алга. Бүх монголчууд нийтээрээ хамтарч үүнийг хийх гэж байна. Энд энэ, тэр нам гэхгүй, бүгд ирж оролцож байна. Биднийг холбож нэгтгэж чадаж байгаа юм. Тийм учраас амжилтад хүрнэ гэдэг бидний эв нэгдлийн том шалгуур болох ёстой. Тийм болохор УИХ-ын сонгууль энэ тэрийг март. Надаас тийм юм бүү асуу.

-Танай багийнхан дан залуучууд байна. Багийн залуусаасаа та их юм сурч байна уу?

-Одоо бид 14, 15-уулаа байгаа. Төсөлд нэгдэе гэсэн хүмүүс олон байна. Бид болж л өгвөл багтаа авахыг хичээж байна. Жишээлбэл, Э.Миеэгомбо гэж АНУ-д сурч, ажиллаж байсан залуу манай багт нэгдэе гээд ирсэн байна. Улаанбаатар хотын шөнийн гэрэл авдгаар нь сайн таних Х.Түшиг гээд гэрэл зурагчин баруун аймгуудаас эхлээд манай аялалд нэгдэх гэж байна.

Би энэ залуусаас олон зүйлийг олж харж байна. Бидний үеийнхэн замд таарсан асуудал болгон руу “Ээ хөөрхий” гэж хутгалдаад явдаг. Бидний үеийнхэнд хамаагүй асуудал гэж байдаггүй юм шиг байгаа юм. Гэтэл одоогийн залуучууд их айхтар. Яг өөрийн гэсэн бодол санаатай, хийнэ гэсэн юмаа яс хийдэг. Тэгэхээр хүн илүү зохион байгуулалттай болж, хийж байгаа ажилдаа илүү анхааралтай хандаж, илүү чанартай бүтээл гаргадаг. Залуусын юмыг харж байгаа өнцөг бас их өөр. Өнгийг ондоо харна. Бид улаан өнгийг улаан л гэж хардаг бол тэд арай өөр улааныг олж харж байна. Намайг яасан хөгширдөггүй юм гэдэг. Би дандаа залуучуудтай харилцаж явдаг. Ингээд явж байгаа хүн нас тоолохоо больдог юм байна.

-Одоо аль аймаг руу явах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаатай холбогдуулан түр зогсолт хийж байгаа. Сонгууль дундуур намираад байж болдоггүй. Гэхдээ түр зогсолт гээд зүгээр суухгүй. Дүрс бичлэгээ эмхэлж цэгцлэх олон нийтэд хийсэн ажлаа таниулах, үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа. Хотод байх хугацаандаа хотын дүүрэг хороодоор явна. Гэр хорооллын айл, хотын төвийн айл, хотын соёлын талаар өгүүлмээр байгаа юм. Энэ хугацааг их л үр дүнтэй өнгөрөөхийг хүсч байна.

Бид зургадугаар сарын 20-д гаргаад Увс, Ховд, Баян-Өлгий рүү аялалд гарах гэж байна. Гурван аймгаар яваад арваннэгдүгээр сарын сүүл юм уу арванхоёрдугаар сарын эхээр орж ирэх байх. Ирснийхээ дараагаар Өмнөговь аймагт ажиллахаар бэлтгэл хийж байна. Түүний дараагаар Европын холбооны орнуудаар явж, тэнд байгаа монголчууддаа хүрье гэж бодож байна. Ирэх онд хэдэн аймгаар явсны дараагаар өөр гаднын улсууд руу явах болно.

1 сэтгэгдэл

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here