Цагаан сарын өмнө “ЭТТ” ХК-ийн ногдол ашгийг ард түмэнд тарааж өгөхөөр шийдсэн. 2022 онд тус компани 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоолыг өчигдөр баталсан ба ингэснээр тус компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ. Тиймээс компанийн цэвэр ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараана гэдгийг албаныхан хэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ашгаас иргэн бүрд 110-120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгохоор төлөвлөөд байгаа бөгөөд 2023 оны ногдол ашиг 300 орчим мянган төгрөгийг дөрөвдүгээр сард олгох юм байна.
Ногдол ашгийн талаар УИХ-ын гишүүд доорх байр суурьтай байна.
Д.Тогтохсүрэн:
2023 оны гүйцэтгэлээр ЭТТ ХХК ашигтай ажилласан. Ашигтай ажилласан учраас ногдол ашгаа заавалөгөх ёстой. Тэр компани дампуурна уу, үгүй юу гэдэг дараагийн асуудал. Нэгэнт хувьцаат компани ашигтай ажилласан бол ногдол ашгаа өгөх ёстой.
Б.Энх-Амгалан:
1072 хувьцааны ногдол ашгийг олгох хэрэгтэй гэдэг талд байгаа. Ард түмэн баялгаасаа хүртэх ёстой. Харин яаж вэ гэдэг дээр бодоох ёстой. Эрдэнийн сан гэдэг хөтөлбөрөөр дамжуулаад хөрөнгө оруулалтад мөнгөө оруулж өсгөх бололцоо бий. Чили улс энэ тал дээр хамгийн их туршлагатай. Чили ард иргэддээ эрдэнийн сан бий болгоод тэр сан дандаа өсч байдаг. Баялаг хэзээ нэгэн цагт дундарна, харин сан дундрах ёсгүй гэж үздэг.
С.Одонтуяа:
Ногдол ашгийг хуулийн дагуу авах ёстой хүмүүст нь хүртээж байх ёстой. Өмнө нь олон удаа сонгуулийн өмнө хуурч мэхлээд бага багаар амсуулаад энэ хувьцаа биежиж өгөхгүй байна. Ногдол ашгийг иргэдэд олгоно л гэсэн бол олгож байх хэрэгтэй. Янз бүрийн хэлбэрээр ногдол ашгийг олгож болдог туршллагууд бусад оронд бий.
Ч.Пүрэвдорж:
Ногдол ашгийн 580 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө өгчих ёстой юм байгаан. Гэвч сонгууль дөхүүлж өгөх нь МАН-д оноо авахад нь хэрэгтэй байгаа юм шиг байна. Мөн 580 мянган төгрөг ч өгөхгүй юмшиг байна лээ. Миний ойлгосноор нийт 430 орчим мянган төгрөг өгөх юм шиг байна. Үлдсэн 150 мянган төгрөг заавал өгөөрэй та нар. Эрдэнэс таван толгойг хувааж идэх болохоороо гурван жилийн хугацаанд коксжсон нүүрс дундажаар 350 ам доллар байхад аман дээрээс нь та нар 60 ам доллараар зардаг. Тэр их зөрүү мөнгийг гэрээний зуулчлал тээврийн асуудлууд гээд угааж идсэн шүү дээ. Дээрээс нь том дарга нар нь оффтейк гэрээгээр хусаад дуусгасан. Янз бүрийн мухар замаа хэд дахин өндөр үнээр тавив аа та нар. Өөрсдөө энэ мэтээр ууж идчихээд ард түмэнддээ өгөх болохоор аль болох багыг өгье л гэж дайрдаг төр засаг байж болохгүй шүү дээ.