Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатарт хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа. Тэрбээр томилогдохоосоо өмнө давс мэт шорвог шийдвэр гаргана, над руу нэг сарын хугацаанд угаадас битгий цацаарай хэмээн хэлж байсан удаатай. Түүний танилцуулсан төлөвлөгөөг бүхэлд нь харвал 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн шинэчлэлүүдээс “будаа идсэн”, хуулбарласан санаа олон байна. Хур асуудалдаа живсэн, түгжрэлдээ дийлдсэн нийслэлд Х.Нямбаатар ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тоймлон хүргэе.
Ойрын хугацаанд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төслүүдэд тусгасан. Автомашины дугаар эзэмшигчдийн одоогийн эрхийг хязгаарлах бодлого барихгүй. Дугаар эзэмшигчид дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү тухайн иргэн өөрөө шинэ машин авах тохиолдолд өөрийнхөө эзэмшиж буй автомашиныг хөдөө орон нутагт худалдаалах, автомашинаа бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирнэ.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хийнэ. Ногоон автобусны тендерийн дуулиан дарагдаагүй байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой олон улсын тендер зарласан. Ирэх арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тендер шалгаруулах төлөвлөгөөтэй. 700 орчим евро 5 стандартын шаардлага хангасан автобусаар парк шинэчлэлийг амжилттай хийнэ.
Улаанбаатар хотын арын өндөр дэнжүүдийг авто замаар бүрэн холбох, дунд оврын эргэлтийн автобусыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.
Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, авто замын зохицуулалтыг 2024 онд хийнэ.
Авто замын сүлжээг өргөсгөх, кольцо тойрог замыг өргөсгөх төлөвлөлтийг хийх зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тавих төлөвлөлт хийгдэнэ. Зураг төслийн ажлууд ид дундаа орж байна.
Иргэд торгуулиа төлөх, авто зогсоолын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг шаардана.
Төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирнэ. Эхний ээлжид баруун 4 замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно. Төлбөртэй бүсэд орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчимд төлбөргүй зогсоолуудад машинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй унах, скүүтэр гэх мэтээр явах хангах бэлтгэл ажлыг хийж байна.
Улаанбаатарт гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх бодлогыг дэвшүүлж буй. БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компанитай нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг судалж, танилцуулах асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулна. Метроны асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахална.
Гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулна. 2013 онд Э.Бат-Үүлийн эхлүүлсэн гэр хороолын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн дэд бүтцэд суурилж, газар чөлөөлөлтийг хийж цогцоор нь хөгжүүлнэ. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дууссан. Бусад дэд төвүүдэд дэд бүтэц хийх, инженерийн шугам сүлжээ татах ажил хийж байна. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц босно. Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц босно. Сая өргөн барьсан хуулиар газар чөлөөлөлттэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгасан. АХБ-ны санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ буюу Долоон буудал орямын дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан. Сэлбэ дэд төвд 12.000 орчим, Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц барина.