Дэлхийн хүн амын 64.6 хувь нь интернэт хэрэглэдэг буюу 5.18 тэрбум интернэт хэрэглэгч байна.[1] Филаделфийн Их сургуулиас хийсэн судалгаагаар таван хүн тутмын дөрөв нь өглөө эрт сэрснээс хойш 15 минутын дотор ухаалаг утсаа ухаж мэдээлэл авдаг гэжээ.[2]
Өөрөөр хэлбэл ухаалаг утас, интернэтийн хэрэглээ хүн төрөлхний амьдралын салшгүй хэсэг болж, цаашид ч интернэтийн нэн шинэ үед дэлхий нийт хөл тавьж байгааг харилцаа холбоо, технологийн салбарынхан онцолж байна.
Интернэт хүн төрөлхний өдөр тутмын амьдралд олон давуу боломжийг олгож байгаа ч донтолт, цахим хуваагдал, аюулгүй байдал, цахим гэмт хэрэг, залилан, хувийн нууц алдагдах болон интернэтийн зүй бус хэрэглээ зэрэг олон асуудлыг мөн авчирч байна.
Интернэтийн өвөрмөц, хил хязгааргүй шинж чанараас хамаарч эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэг байгууллага, улс орон, салбар ганцаарчлан оролцох боломжгүй. Харин интернэт засаглалын тухай ойлголтыг түгээж, тэр дундаа интернэтийг засаглахад улс орны төр, засгийн газар, харилцаа холбоо, технологийн салбарынхан, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл төдийгүй НҮБ, үндэстэн дамнасан корпорациудын оролцоо нэн чухал байгаа юм.
Тиймээс НҮБ-аас санаачлан Интернэт засаглалын форумыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд интернэтийн хөгжил дэвшил, хурдацтай өөрчлөлтийг даган гарч буй бодлогын асуудлыг уг форумаар авч хэлэлцдэг уламжлал тогтжээ.[3]
Уг форум нь хүрээгээ тэлж бүс нутгийн, үндэсний болон залуучуудын форум хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, олон талын оролцоог хангаж, интернэтийг хүн бүрт ээлтэй, хүртээмжтэй байлгахад анхааран уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлсээр иржээ.
Монгол улсын хувьд үндэсний хэмжээний интернэт засаглалын форум хараахан бүрдээгүй байгаа бөгөөд цаашид интернэт, сошиал медиа, хуурамч мэдээлэл, цахим дарамт хүчирхийлэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд үндэсний хууль тогтоомжоо сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарж байгаа орны хувьд ийм үндэсний форумыг хөгжүүлэх нь нэн шаардлагатай юм.
Ази номхон далайн бүсэд интэрнэт засаглалын форумыг амжилттай ажиллуулж буй зарим улс орны жишээг харвал:
Тайвань
TWIGF буюу Тайванийн Интернэт засаглалын форум нь олон талын оролцоог хангах бүрэлдэхүүн бөгөөд засгийн газар, судлаачид, техникийн бүрэлдэхүүн, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхийг хамруулж, харилцаа холбоо болон интернэт засаглалын асуудлыг хэлэлцдэг байна. Форум 2015 оноос хойш идэвхтэй ажиллаж, тогтвортой хөгжлийг дэмжсэн, аюулгүй, баталгаатай, хариуцлагатай Интернэтийн хөгжлийг бий болгоход шаардлагатай дүрэм журмыг бий болгоход чиглэн ажилладаг байна. Түүнчлэн орон нутгийн оролцогчдыг чадавхжуулах, интернэт засаглалд оролцогч талуудын үүрэг оролцоо, харилцаа холбоог нэмэгдүүлэх, сурталчлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.[4]
Япон
Japan IGF буюу Японы Интернэт засаглалын форум нь 2016 оноос эхэлж ажилласан. Интернэт засаглалын үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй, ашгийн бус хэлбэрээр зохион байгуулах зарчимтай. Сар тутмын уулзалт, сэдэвчилсэн хэлэлцүүлэг зэргээр интернэт, технологийн салбартай холбоотой нарийвчилсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Япон улсад дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд ажилладаг тул тэдний оролцоог үндэсний форумд хангадаг тиймээс ч форумын оролцогчийн 40 орчим хувийн бизнесийн салбарынхан, 30 орчим хувийг технологийн салбарынхан эзэлж байна. Харин интернэт засаглалийн хэрэлцүүлэгт засгийн газар, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид 10 хувьтай оролцож байгааг үндэсний форумын сайтдаа мэдээлжээ.[5]
Өмнөд Солонгос
KrIGF буюу Өмнөд Солонгосийн Интернэт засаглалын форум нь 2012 оноос эхэлж, 10 дах жилдээ ажиллаж байгаа. Форумын гол зорилго нь үндэсний засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, судлаачид, технологийн салбарынхантай интернэт зохицуулалтын асуудлаар харилцаа холбоо, яриа хэлэлцээрийг өрнүүлэхэд чиглэдэг. Интернэт орчинд хүний эрхийг хамгаалах, хиймэл оюун ухаан болон засаглалын асуудал, залуу үе, ахмад настнуудыг дижитал эрины суурь боловсрол зэрэг олон асуудалд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж байжээ.
Энэ мэтчилэн үндэсний бодлого тодорхойлоход олон талын оролцоог хангасан бүтцийг бий болгох нь олон оронд үндэсний бодлого хууль тогтоомжоо сайжруулахад амжилттай хэрэгжүүлсэн туршлага болоод байна. Дээрх улс орны жишээг харвал үндэсний форумыг өрнүүлснээс хойш бараг 10 жил болж эхэлсэн байгаа бөгөөд төдий хугацаагаар бид хоцорсон байна.
“ChatGPT”, “AI”, “VR” зэрэг шинэ эринг илэрхийлэх үгс, “цахим гэмт хэрэг”, “худал мэдээлэл”, “цахим хил хязгаар”, “цахим дипломат харилцаа” гэх зэрэг томъёоллыг зөв ойлгож, технологийн дэвшил болон сорилтод бэлэн байхын тулд Монгол улс хөл нийлүүлэх хэрэгтэй.
Тиймээс ч дэвшилтэт технологийн шинэлэг байдлаас “айх” айдсаасаа гарч, 50 жил болж буй интернэтийн засаглалд хөл тавьж, бүс нутгаасаа барагцаалцал 10 жилээр хоцроод байгаа үндэсний санаачилгыг эхлүүлэх шаардлагатай байна.
Ж.Оюунцэцэг
Бүсийн Интернэт засаглалын форумын оролцогч
[1] https://www.statista.com/statistics/617136/digital-population-worldwide/
[2] https://www.cbsnews.com/philadelphia/news/study-80-of-people-grab-smartphone-within-15-minutes-of-waking
[3] http://www.intgovforum.org
[4] https://www.igf.org.tw/
[5] https://japanigf.jp/