Тулгар төр байгуулагдсны 2232, Их Монгол Улс байгуулагдсны 817, Ардын хувьсгалын 112 жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Баатархүү:
Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороод 218 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бэлтгэл ажлын явц 80 орчим хувьтай байна. Энэ нь өмнөх онуудынхтай харьцуулахад өндөр хувь юм. Тулсанүед цаг хугацаанд хавчигдахгүй ажиллахад комисс анхаарч ажиллаж байгаа. Наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг өнгөрсөн жил цахимаар борлуулсан. Энэ жил серверийн хувьд олон хүн хандахад асуудал үүсгэхгүй, хүчин чадал хангах компанитай гэрээ хийгээд бэлтгэл ажлыг хангаад явж байна. Долдугаар сарын нэгний өдөр тасалбарыг худалдаалах төлөвлөгөөтэй байгаа.
Энэ жилийн нэг онцлог нь долдугаар сарын 11,12-ны өдрийг нэг багц болгодог байсан бол тус тусад нь борлуулахаар шийдсэн.
Хүй долоо худаг дээрх зогсоолын багтаамж хүртээмж судалгааг үндэслээд автомашины зөвшөөрлийг олгодог” гэлээ.
Тасалбар борлуулалт хариуцсан Shoppy ХХК гүйцэтгэх захирлын хэлснээр наадмын тасалбар сүүдрэвчтэй, сүүдвэрчгүй гэсэн төрлүүдтэй байх бөгөөд сүүдрэвчтэй нь 52500, сүүдрэвчгүй нь 32500 төгрөгийн үнэтэйгээр enaaadam.mn сайтаар дамжуулж худалдаалах ажээ. Хүргэлтийг Монгол шуудан компани хийх юм байна. Зөвшөөрлийг 21 мянган төгрөгөөр борлуулна. Тасалбар худалдан авахын тулд эхлээд бүртгэл хийлгэж нэвтэрсэн байх шаардлагатай, утасны дугаараар бүргэл үүсгэж, хаяг мэдээллээ оруулна. Тасалбар долдугаар сарын 01-05 хүртэл борлуулна. Нэг хүн өдөр өдрийн тасалбараас хоёрыг авах боломжтой ба долдугаар сарын 11, 12-ны өдрийн тасабараас алль алинаас авлаа гэхэд дээд тал нь дөрвөн тасалбар авах боломжтой ажээ. Тасалбарын тоо цөөн үзэгчдийн тоо олон тул урьдчилаад enaadam.mn сайт орж бүртгэлээ хийсэн байх хэрэгтэйг зохион байгуулагчид санууллаа. Суудлаа сонгоод сагсласан тохиолдолд нэг цагийн хугацаанд төлбөрөө төлөх боломжтой, аль болох дансаар шилжүүлэг хийхийг зөвлөж байна гэж зохион байгуулагчид зөвлөлөө.
Жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуучлалын газраас тур компаниудын ирүүлсэн хүсэлтийн дагуу хуваарилж ажиллах юм байна.