Дэлхийн олон улс орон, хотуудад аливаа гэмт халдлага, осол аваар, дарамт, дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөх эрсдэл үүссэн, өртсөн тохиолдолд шүглийг бусдаас тусламж дуудах хэрэгсэл болгон ашигладаг ба энэ чиглэлийн төсөл, аянууд идэвхтэй өрнөдөг. Шүгэл нь хүний дуунаас илүү чанга дугарч, ойр орчимд байгаа олон хүнд зэрэг хүрч чаддаг төдийгүй гэмт хэрэгтний анхаарлыг сарниулах, хохирогчийн эсрэг хэрэглэгдэх боломжгүй, хамгийн хямд төсөр, энгийн бөгөөд үр дүнтэй хэрэгсэл гэж олон улсад үздэг.
“Аюулгүй сургууль” аян – Солонгос улс
Хамгааллын үйлчилгээ үзүүлдэг Солонгосын ADT Caps компани “Аюулгүй сургууль” аяныг 2016 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Сөүл хотын Дэхён бага сургуулийн хүүхдүүдэд өөрийгөө хамгаалах хэрэгсэл болох шүглийг тараан өгч, шүгэл ашиглахын ач холбогдол, заавар зөвлөмжийг таниулан сурталчлах үйл ажиллагаа явуулсан нь олон нийтийн хүлээлтэд хүрч, сайшаагдсаар иржээ.
Дэлгэрэнгүйг: https://m.blog.naver.com/adtkorea77/220644432619
“Хамгаалах шүгэл” аян – Филиппин, Индонези, Этиоп улс
Олон улсын Хүүхдийн сангаас Филиппин, Индонези, Этиоп зэрэг улсад зохион байгуулсан “Хамгаалах шүгэл” аян нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэхэд голлон анхаарсан байдаг. Хүүхдүүд дарамт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд насанд хүрэгчдэд мэдээлдэг байх дадал зуршлыг суулгаж, харилцан туслалцдаг байх хандлагыг шүглээр дамжуулан бий болгосноороо чухал ач холбогдолтой. Хүний наймаа, хүүхдийн хүчирхийлэл, байгалийн гамшигт үзэгдэл ихсэж буй энэ үед шүгэл, дуут дохиог ашиглаж хэвших зөвлөмж, мэдээллийг төслийн хүрээнд олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг: https://www.childfund.org/content/content.aspx?id=2147492773
Сургуулийн орчны дарамт, дээрэлхэлтийн эсрэг шүгэл – Виржиний Хамтын нөхөрлөл
Виржиний хамтын нөхөрлөлийн их сургууль, цагдаагийн газартай хамтран гудамжинд үйлдэгдэж буй дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг шүглийн хэрэглээг нэвтрүүлэх санаачилгыг гарган ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь шүглийг хэрэглээг нэвтрүүлэхээс гадна гудамж талбайд тохиолдож буй дарамт, дээрэлхэлт, хүчирхийллийг зогсооход олон нийтийг чадавхжуулах зорилготой. Цагдаа нар оюутан, багш, ажилчдад аливаа дарамт, дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөх, эсвэл тухайн тохиолдлыг харсан даруйд тусламж дуудахад ашиглах шүглийг үнэ төлбөргүйгээр тараан өгсөн байна.
Дэлгэрэнгүйг: https://police.vcu.edu/services/whistles-against-street-harrassment/wash
#Whistle_for_whistle – Энэтхэг улс
Энэтхэн улсад мөн гудамж талбайд ялгангуяа охид эмэгтэйчүүдийг доромжилж, дээрэлхэх тохиолдол ихэссэн учраас үүний эсрэг шүгэл үлээх кампанит ажлыг зохион байгуулсан байдаг.
Дэлгэрэнгүйг: https://stopstreetharassment.o…
“Шар шүгэл” кампанит ажил – АНУ
АНУ-д өрнөсөн “Шар шүгэл” кампанит ажил нь Азиудын ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг олон нийт анхаарч, дарамт дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн үндэсний хэмжээнд өрнөөд зогсохгүй дэлхий нийт анхаарлаа хандуулахад хүргэсэн чухал арга хэмжээ болсон байдаг.
Ковид цар тахлын дараа Европын улс орнуудад амьдарч, зорчиж буй Ази хүмүүс ялгаварлан гадуурхалт, дарамт, гэнэтийн дайралт, халдлагад өртөх нь ихэссэн. Тиймээс “Шар шүгэл” кампанит ажлыг өрнүүлсэн нь Ази хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг зогсоохоос гадна хүчирхийллийн эсрэг олон нийтэд мэдлэг олгох, бие биеэ хамгаалдаг нийгэм, хамт олныг бүтээх болон бусдын дэмжлэг, соргог байдлыг төлөвшүүлэхэд чиглэжээ. Төслийн хүрээнд анх 10 мянган шүгэл тарааж эхэлсэн нь 500 мянган болж өргөжсөн байна.
Дэлгэрэнгүйг: https://www.theyellowwhistle.org/
Ази-Америк, Номхон далайн орнуудын иргэдийг (AAPI) үзэн ядах явдлыг зогсоох төсөл #WhistleAgainstAAPIHate
Энэхүү төсөл, арга хэмжээ нь мөн л ковид цар тахлын дараа гаднын улс орны иргэд тэр дундаа Ази-Америк, Номхон далайн орнуудын иргэдийг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, дарамт, шахалт үзүүлж, хүчирхийлэхтэй холбоотойгоор хэрэгжсэн бөгөөд тэр дундаа эмзэг бүлгийнхэн болон ахмад настнуудад түлхүү чиглэсэн. Ахмад настан болон хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүст шүгэл тараан өгсөн нь аюулаас урьдчилан сэргийлэх, аюул, дарамт, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тусламж дуудах хэрэгсэл болон ашиглагдаж байна.
Дэлгэрэнгүйг: https://www.qariusa.org/whistle-against-aapi-hate
https://www.cpc-nyc.org/news/3479/cpc-joins-yellow-whistle-campaign
Тусламжийн шүгэл – Япон улс
Япон улсад хүүхэд болон эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг өссөнтэй холбоотойгоор сургуулиуд болон Онцгой байдлын газраас шүгэл, дуут дохиог тараан өгч байнга биедээ авч явахыг зөвлөдөг байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж дуудах зорилгоор шүглийг биедээ авч явдаг аж
Улаан загалмай нийгэмлэг, АНУ
АНУ-ын Улаан загалмай нийгэмлэг нь шүглийг аюулаас хамгаалах хэрэгсэл гэж үзэн яаралтай тусламжийн хайрцагт багтаасан байдаг. Хүүхдүүд аюул, эрсдэлт нөхцөл байдлын талаар мэдлэгтэй байж, аюул, эрсдэл үүссэн үед өөрийгөө, гэр бүлээ хамгаалах, тусламж дуудахад шүгэл ашиглахыг санал болгодог байна.
Дэлгэрэнгүйг: https://www.redcross.org/get-help/how-to-prepare-for-emergencies/survival-kit-supplies.html
Олон улсын цагдаагийн дарга нарын холбоо (IACP)
Тус холбооны зүгээс Цагдаагийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалтын хүрээнд иргэдийн оролцоо, харилцан туслалцааг идэвхжүүлэх, дэмжих нь хамгийн чухал үйл ажиллагаа хэмээн үзсэн. Энэ хүрээнд ахлах сургуулийн сурагчид, ахмад настнууд, коллежийн хотхоны аюулгүй байдал, олон нийтийн газар үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийг буруулахад зориулан шүгэл, дуут бугуйвчийг авч явж байхыг санал болгон ажиллаж байна. Тэр дундаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд эрсдэлд орсон тохиолдолд цаг алдалгүй тусламж дуудаж өөрийгөө хамгаалуулдаг байх, эрсдэлт нөхцөл байдлаа мэдэж, бусдад мэдээлж сурахад шүглийн сонгон хэрэглэж байгаа сайн туршлага бий.
Дэлгэрэнгүйг: https://www.theiacp.org/