Жуулчдаа үргээсэн ЖУУЛЧНЫ ГУДАМЖ

Баруун талаасаа Гандангийн дэнжийн баас шээс, муу усаар, хойд талаасаа “Тэди” төв орчмын түгжрэл, зүүн талаасаа Барилгачдын талбайн авто зогсоолд шахагдсан хөөрхийлөлтэй нэгэн гудамжийг Жуулчных гэнэ. Уг нь олноо Урт цагаан хэмээн алдаршсан, урт түүх намтартай нийслэлийн ууган гудамж. Төр, засаг нь мартаж шоовдорлоно, түрээслэгчид хоноцын сэтгэлээр хандана. Жолооч нар машины зогсоол төдийхнөөр харна, валютын чэнжүүд түгжрэл нэмж өнгө гутаана. Нийслэлийн зүрхэнд оршдог энэ гудамжийг жуулчдад зориулсан гэвэл одоо хэн ч үл итгэнэ. Жуулчнаар овоглосон ч жуулчин огт очдоггүй, жуулчинд зориулж наад захын стандарт хангасан ганц ширхэг нийтийн бие засах газаргүй учраас хэн итгэх билээ. Өөр хотуудын жуулчдад зориулсан гудамжуудын хажууд ичмээр дамшиг. Ерөөс ямар ч стандарт, хэм хэмжээ үйлчилдэггүй газрын сонгодог жишээ гэвэл Урт цагааны одоогийн дүр төрх. Энэ гудамж уг нь ийм гундуу байгаагүй юмаа. Өмнөх нийгмийн үеийн Урт цагаан. Ногоон байгууламж сайтай байсныг зураг гэрчилж үлджээ
Их хүрээ 1778 онд одоогийн байршилд нүүн суурьшихад үүссэн анхны худалдааны төв гудамж бол одоогийн бидний нэрлэж заншсанаар Урт цагаан юм. Орос, Англи, Япон, Төвд, Хятад зэрэг орнуудын пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байсныг нийслэлийн түүх судлаач Г.Очбаяр нэгэнтээ өгүүлсэн байдаг. Хэзээнээсээ л их хөлийн газар байжээ. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрийдсэн байдаг. Тэртээ 2002 онд Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор “Discovery Mongolia” буюу Монголд зочлох жил болгон зарласан. Энэ түүх 11 жилийн дараа давтагдаж, Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил болгон зарлаж, нэг жилд 1.5 сая жуулчин авах зорилт дэвшүүлээд байгаа. Зориг, зорилго, санаа бол гоё. Гэвч жуулчин татах төрийн бодлого жуулчны гудамжныхаа босгыг ч давалгүй бардам ам болоод унтрах аюул бодитоор оршсоор байна.
Урт цагаан жуулчны гэх тодотголтой болсноос хойш урт хэрүүл тасраагүй. Шинэчлэх нэрийн дор Урт цагааны түүх, архитектур, орон зайн төлөвлөлтөд дураар халдсаар байгаад одоо төрөлх нийслэлийнхэн өөрсдөө ч танихааргүй болтлоо зэрэмдэглэгджээ. Энд түрээсээр худалдаа эрхлэгчид жагсах цуглах дээрээ тулж бөөн хэрэг мандаж байгаад намжсан. Энэ гудамжинд жуулчинд зориулсан, жуулчныг татах юу ч байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь байтугай ямар ч стандартгүй, хүнд халтай, айдас хүйдэс төрүүлсэн цэг болон хувирчээ. Манай нийслэлд хүнд ээлтэй стандарт биш, өчигдөр ярьснаа өнөөдөр мартдаг уймраа, урагшгүй түшмэд засагладаг учраас энэ түүхт гудамж мөхлийн ирмэгт тулж иржээ. 100 айлын захыг хотоос нүүлгэнэ гэж 100 удаа худал ярьсан шиг Урт цагааныг шинэчилнэ гэж барилгыг нь нурааж орхиод жуулчин ирэх цагаар балар цагийн үлэг гүрвэлийн яс шиг сэрийсэн балгастайгаа сууцгааж байна. Нэг амаараа урих авч нөгөө амаараа үргээдэг байж болохгүй.
Хүн итгэмээргүй хэдэн жишээ өгүүлье. Жуулчинд зориулсан гудамжинд жуулчдад зориулсан мэдээллийн төв байхгүй. Жуулчин тээвэрлэдэг их багтаамжийн автобус орох зориулалтын зогсоолгүй. Үйлчлүүлэгчдийн биш түрээслэгчдийн өөрсдийнх нь машин бөгс эргэх зайгүй битүү. Автомашины зогсоол болон явган хүний гарцыг цагаан будгаар тэмдэглээгүй. Зүлэг ногоо ургуулах зорилготой хавтан дэвссэн хэрнээ машин зогсоочихсон. Машинтай байтугай явган явах эцэс байхгүй. Зочин гийчин авчрах нь байтугай яаж амьд гарах вэ гэдэг бодол толгойд зурсхийх нь аягүйцмээр. Гадна хаяг бол бүр утгаа алдсан. Дурын хэл, үсгээр бичсэн нүд эрээлжлэм дүр зургийг эндээс харж болно. “Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага” MNS 5824: 2007 https://estandard.gov.mn/standard/v/1145 стандартад “Байр сууц нь заавал монгол хэл дээр бичсэн оноосон нэр, лого, хаягтай байна. Үйл ажиллагааны төрлийг заасан самбар хаягийг товч тодорхой байрлуулсан байна” гэж заажээ. Аялал жуулчлалын салбарын энэ стандарт Жуулчны гудамжинд лав мөрдөгдсөнгүй.
Монгол Улсад 2023 оны байдлаар 6510 стандарт хүчин төгөлдөр байгааг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээлсэн. Стандарт гэдэг нь аливаа үйл ажиллагаа эсвэл бараа, бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт, шаардлагыг зохих журмын дагуу хамаарал бүхий ашиг сонирхолтой талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаар хянаж батлуулсан хэм хэмжээг илэрхийлсэн бичиг баримт юм. Эрүүл мэндийн салбарт 703, барилгад 638 тогтоосон стандарт байдаг боловч Урт цагаан буюу Жуулчны гудамжинд нэг нь ч “амьдарсангүй”. Стандартыг ягштал мөрддөг газар хүнд ээлтэй орчин аяндаа бүрддэг. Зохист хэм хэмжээ ганц хором алдагдахад эрдэнэт хүний амь хохирдог. Алхам тутамд аюул отож байдаг Жуулчны гудамж хатуухан хэлэхэд хотын төвд орших стандартын хамгийн том оршуулга болчихжээ. Жуулчдын нэрийг зээлдчихээд жуулчнаа үргээдэг байж яавч таарахгүй. Дэлхийн нийслэлүүд, хотуудын жуулчдадаа зориулсан гудамжаар манай дарга нар төсвийн мөнгөөр зөндөө л зочилсон байдаг даа. Өөрдөө чадахгүй, хүсэхгүй байгаа бол хувийн хэвшлийнхэндээ итгээд хариуцуулж болохгүй юу. Монголд зочлох жилээ Жуулчны гудамжинд жуулчин ирдэг болгох ажлаас эхэлбэл ямар вэ, дарга нар аа…
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...