Луйврын ТОГТОЛЦОО нурахад хулгайчдын ХИЛЭН БАДАРДАГ

Туулай жилд монголчууд Тавантолгойн ордын нүүрсээ анх удаа биржээр дамжуулж арилжаалж эхлэв. Ингэхдээ АМ үнээр бус ХИЛ үнээр тооцон борлуулж буй. Өмнө нь энэ ордоос экпортод гаргах нүүрсийг уурхайн АМ үнээр борлуулдаг байсан. Ам үнээр борлуулахад алдагдал ихтэй байснаас гадна нүүрсний хулгай учир тоймоо алдсан гэдгийг монголчууд нийтээр мэддэг болсон. Улс төрийн зарим намын мэдэгдэж байгаагаар нүүрсний хулгайчид улсад 44 их наяд төгрөгтэй тэнцэх хохирол учруулсан, үүнийг эсэргүүцсэн залуус хөхөө өвлийн хүйтэнд төв талбайд олон хоног жагсаал хийсэн дээ. Тэвчээр нь туйлдаа хүрээд л ирээдүйнхээ төлөө залуус тийм олуул талбай дээр жагсахад хүрсэн.

Нүүрсийг биржээр арилжаалж эхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд маш их саад бэрхшээл, дарамт шахалт ирж байсныг Уул уурхайн сайд асан Г.Ёндон нэгэнтээ хэлсэн байдаг. Бүлэглэлүүдийн тэрхүү эсэргүүцэл одоо ч ил, далд үргэлжилсээр байгааг хэлэх ёстой. Ганц жишээ дурдахад, хятадууд Монголоос нүүрс авах сонирхолгүй байна гэх зэргээр “бор шувуу” нисгэж, ил тод, нээлттэй арилжаанд дэгээ тавьж, татаж унагах гэсэн ажиллагаа цахим орчинд идэвхтэй өрнөж байна. Хулгайчид мөнгөтэй, бас хүчтэй. Энэ зэргийн хорлон сүйтгэх ажиллагааг өлхөн хийнэ. Тээврийн асуудлыг Монголын тал дангаар шийддэг болсон тул өмнөд хөршийн зарим бизнесийнхэн таатай хандахгүй тал ч байгаа байх. Луйврын тогтолцоо нүдэн дээр нь нурж, хэн ч, хэзээ ч хянаж, хариуцлага ярьж болдог цахим арилжаа руу шилжихэд хулгайчид баярлахгүй нь лав.

Нүүрсийг уурхайн АМ үнээр борлуулдгийг зогсоож, биржээр дамжуулан ХИЛ үнээр дөрвөн удаагийн арилжаа хийгээд байна. Үр дүнд нь экспортын орлого нэмэгдэж, борлуулалт өмнөхөөс нэмэгдсэнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК албан ёсоор мэдээлсэн. Бид 2011 оноос хойш зөвхөн коксжих нүүрсээ ХИЛ үнээр борлуулсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байжээ. Энэ бол 15 орчим их наяд төгрөг. “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт өнгөрсөн онд нэг 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байдаг. Эндээс ямар их орлого, боломж алдагдсаныг харьцуулан дүгнэж болно.

Улсын эрх ашиг хангагдахад улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн хилэн бадрах нь аргагүй л дээ. Хүнийг нь сольсон ч тогтолцоог нь засахгүй бол хулгай тасрахгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах нь “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 оноос хойш нийт дүнгээр 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байдаг бөгөөд хулгай хийгээгүй, ХИЛ үнээр тооцсон бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байж дээ. Алдагдсан 4.2 тэрбум ам.доллар буюу 15 орчим их наяд төгрөг өмнө нь манай цагаан захтай цөөхөн хулгайч болон өмнөд хөршийн олз болон үлддэг байлаа. Цуурах тусам нягтлах л хэрэгтэй юм даа. Хөхөө өвлийн хүйтэнд нүүрсний хулгайг эсэргүүцэн зогссон тэр олон мянган залуусын шударга ёсны хүсэмжлэлийг ийм хурдан мартах гэж үү.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...