Тунг нь тааруулсан “ТРИО”…

Би кино урлагийг үнэлж, дүгнэх хэмжээний мэдлэгтэн биш. Энгийн үзэгчийн хувиар “Трио” киног нэгэн үеийн “Монгол 98” нэгдлийн найзуудтайгаа үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм. Хамгийн түрүүнд киноны хөгжим зүрх сэтгэлийг хөвсөлзүүлсэн. Одоо бидний дунд байхгүй ч бүтээл туурвилаараа оршсоор буй З.Хангалын хөгжим… Гайхалтай гэдэг үг ч чамлагдана. Эгшин зуурт уясал, хайр, бодол, гэмшил, итгэл, зөгнөл, мөрөөдөл рүү хөтлөн оруулав. Заавал нүдээр үзэхдээ биш, чихээр сонсож, оюун тархиараа мэдэрч, уусан шингэж, бодол төсөөлөлдөө хөвөнгөө киноны өгүүлэмжийг ухаарч болдгийг “Трио” надад ойлгуулсан. Гадаад хүмүүс үзээд шүтээд байгааг гайхах зүйлгүй. Киноны дүр сонголт үнэхээр супер.
Агуу Шекспирийг хайр дурлалыг гурамсан хэлбэрт оруулсан гэж тухайн цаг үед нь урлаг судлаачид, зохиолчид шүүмжилж байсан юм гэнэ лээ. Хоёр хүн бие биедээ хайр сэтгэлтэй болоход гуравдагч этгээд заавал гарч ирдэг. Монголоор бол “Учиртай гурван толгой”-н Юндэн, Нансалмаа, Балган гурав юмуу даа. Дурлалын гурвалжин ч гэдэг. Тэгээд хэн нэг нь заавал муу хүн, муухай дүр байх ёстой. “Трио” кинонд ямар ч буруутгал агуулагдсангүй. Дауны хамж шинжтэй хүүхдийг ялгаварлах хандлага өнөөгийн нийгэмд байдаг ч тэр хүмүүсийг адгийн амьтад болгож харуулахыг огтхон ч зориогүй нь найруулагчийн гоё хандлага байлаа. Бид яагаад заавал орчин тойрноосоо буруутныг эрэн хайж, өсөрхөн тарчилж, амьдралд олсон багахан цаг хугацаагаа хорслоор өрдөх ёстой юм бэ. Хүний эрхийг хангана гэдэг бусдыг буруутган чичлэхийн нэр яавч биш. Ойлгуулна гэдэг энгийн хэрнээ агуу ялалт.
Кинонд харилцан яриа тун цөөн. Үг, үйлдэл, харцаар ойлголцоно, үлдсэнийг нь эргэх дөрвөн улирал аяндаа чиглүүлээд өгнө. Ургаж мандсан наранд шингэн одох цаг гэж бий. Хүний амьдрал ч ялгаагүй. Нүүдэлч соёл иргэншлийн хамгийн том философи нь байгалаасаа урган төлжиж, байгалдаа эргээд шингэн уусдаг гэдгийг энэ кинонд элдэв хашгираан, эрээ цээргүй үйл явдал, хэтийдсэн уянга яруусалгүйгээр үзүүлсэн нь хүний сэтгэлийг хөндөж чаджээ. “Трио” киноны гайхамшиг нь тунг нь тааруулсанд л байгаа юм шиг санагдсан. Агуу бүхэн энгийнээс л эхэлдэг гэдэг дээ. Кино академиуд, нэр хүндтэй наадмууд, тэр ч байтугай НҮБ талархан үнэлж байгаа энэ уран бүтээлийн талаар үүнээс цааш өгүүлэх нь илүүц мэт. Киноны нийт хамт олонд баяр хүргэе.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...