Иранд сүүлийн дөрвөн сарын хугацаанд 1200 орчим оюутан, сурагч охид хордож эмнэлэгт хэвтээд байна. Охидыг сургуульд сургахгүй гэсэн зорилготой энэ халдлага Тегеран болон бусад гурван хотын сургуулиудад гарсан билээ. Тегераны өмнөд хэсэгт орших ариун Кум хотод 800, баруун хэсэгт орших Боружерд хотод 400 орчим охин хордсон гэж Ираны парламентын эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Захра Шейхи мэдэгдэв.
Хохирогч охидын хэлснээр охидод хордохын өмнө сонин үнэр үнэртдэг бөгөөд удалгүй бөөлжиж, амьсгалахад хүнд болдог байна. Ираны Засгийн газраас энэ хэргийг шалгаж байгаа ч сэжигтэнг олоогүй хэвээр байгаа.
Кум хотын сургуулиудаас олдсон бодисноос бордоонд голчлон ашигладаг азотын ул мөр илэрсэн гэж Ираны парламентын цахим хуудсанд AFP мэдээлэв.
Охидыг хордуулж байгаа нь нь тус улсын иргэдийн бухимдлыг хүргэж, эрх баригчдыг буруутгасан жагсаал цуглаан болсоор байна. Охидыг хордуулсан этгээдүүдийг охидын боловсролыг эсэргүүцдэг Афганистан дахь Талибан, Сахел дахь Боко Харам бүлэглэлийнхэнтэй адилтгаж, Засгийн газрыг дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилсэн иргэдийн бухимдал улам ихэссээр байна.