Улаанбаатарт жолоо мушгидаг хүн бүрийн машинд цахим гэрчилгээ олгож, чип суулгах ажил энэ сарын эхний өдрөөс эхлэв. Шинэ соргог бүхнийг жадлан эсэргүүцдэг эртний сайхан уламжлалын дагуу энэ муу чипийг үхэж байсан ч суулгахгүй, хүний эрхэнд халдах гэж байна, 13 тэрбум төгрөгийг салхинд хийсгэлээ гэх мэтийн шүүмжлэлүүд цахим орчинд хөвөрлөө. Гоё гоё. Үг хэлэх, шүүмжлэх эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлдэг ардчилсан Монгол Улс шүү дээ. Өөр үзэл бодол, хардалт, ялгаатай байдал чинь эрх чөлөөт нийгэмд л оршин байдаг юм.
Хэл ам дагуулсан чипний тухайд замын хөдөлгөөний ухаалаг, нэгдсэн тогтолцоог нэвтрүүлж байгаа хэрэг. Хотын аль хэсэгт замын хөдөлгөөний ачаалал их байна, осол аваар хаана гарав, дараагийн автобус хэлэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг нэгдсэн байдлаар баталгаажуулж, түгээх боломжтой болно гэсэн үг. Мэдээлэлд суурилаад түгжрэлийг бууруулах зохицуулалтуудыг шуурхай хийх боломж бүрдэнэ. Энэ дагуу RFID уншигч төхөөрөмжүүдийг нийслэлийн 138 уулзвар, бусад 161 цэгт суурилуулжээ. Яваандаа хотын төв хэсэг, эсвэл ногоон бүсэд зорчихдоо хураамжаа галын хайчинд даатгахгүй зайнаас цахимаар төлчихнө. Энэ бол дэвшил.
Амьдрал баян учраас хувийн мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлол байгааг буруутгах арга байхгүй. Хувийн мэдээллийг хамгаалах тал дээр тусгай хууль санаачилж батлуулах юм билээ. Дэлгүүр гарлаа гэчихээд загасанд явчихсан нөхрийг явсан маршрут, нэвтэрсэн уулзварынх нь дагуу илрүүлэх зэргээр бага сага гэлтгүй асуудал гарч мэднэ. Амьдрал баян учраас хувийн мэдээллийг хуулиар хамгаалах нь зөв. Уг чип нь ямар нэгэн дуу, дүрс дамжуулахгүй тул тагнаж чагнах боломжгүй.
Нөгөө 13 тэрбумын тухайд Албан журам даатгагчдын холбооноос санхүүжүүлж байгаа юм билээ. Уг даатгалаас тодорхой хэмжээний санг бүрдүүлдэг ба хуулиар үүнийг жолооч нарт зарцуулах үүрэгтэй байдаг. Машинд үнэгүй суурилуулж байгаа гэх боловч зардал нь бидний төлсөн даатгалын мөнгөнөөс гарч байгааг мэдээд авчих хэрэгтэй. Төсвөөс мөнгө царайчлаагүй. Шинээр импортоор орж ирж байгаа машинуудад төлбөртэй суулгана. Жолооч хүний хувьд урьдын галын хайчийг биш ухаалаг технологийг итгэлтэйгээр сонгоно. Бид урагш алхаж, хөгжих ёстой.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС