Үндсэн хуульд зааснаар бол Ерөнхийлөгч монголчуудын эв нэгдлийг хангагч байх үүрэгтэй. Улсаа гадаадад төлөөлнө, бүх ард түмнээс сонгогдоно гээд ашиглаж чадвал хүч ихтэй институц. Гэвч өнгөрсөн 30 жилд Ерөнхийлөгч нь Монгол төрийн хамгийн том зовлон болж ирсэн. Сэнтийдээ бүтэн сууж амжаагүй байхдаа л улс төрийн өрсөлдөгчдөө намнаж, өс хонзонгоо тайлдаг. Ерөнхийлөгчийн суудалд суухдаа ч, буухдаа ч дандаа улсаа хорлох, улс төрийг бужигнуулах, хорлох ажил хийдэг нь даанч гутамшигтай.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат л парламентын засаглалыг хялайж хараад байдаггүй, улстөржих нь гайгүй байсан байх. Өөрөө Ерөнхийлөгч хэрнээ парламентын засаглалын талд баттай зогссон гавьяа бол бий. Гэхдээ “Алт” зэрэг хөтөлбөрийн ард мэдээлэлд ойр байсан хэсэгхэн хүн байгалийн баялагт эзэн суусан, алт, мөнгөний томоохон ордууд хэдхэн гэр бүлийн мэдэлд шилжсэн гээд яривал сэтгэл гонсойлгомоор баримтууд бий. Анхны Ерөнхийлөгчдөө зориулав гээд ард түмний хөрөнгөөр хотын төвд бариад өгсөн байшингаа газартай нь MCS-ийнхэнд арилжчихсан л хүн.
Ерөнхийлөгч Н.Багабанди ардчилсан хүчний Засгийн газруудаар тоглож, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг 7 удаа буцааж, гацааж бах таваа хангаж байсан удаатай. Гүйцэтгэх засаглал хэвийн ажиллах боломж Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед олдоггүй байв. Нэг намын угшилтай хэрнээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяртай хувийн харилцаа тун тааруу. Тэрхүү таагүй харилцаа нь төрийн ажилд хуваагдал, гацаа саад болж шууд илэрдэг байлаа. Шинэ сонголт, урт шар дээлт гэх зэрэг үгээр Н.Энхбаярыгаа байнга доош хийнэ. Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-аас бид дэвшүүлж та төрийн тэргүүн болсон шүү гэх утга бүхий сүржин бичиг үйлдэж Ерөнхийлөгч Н.Багабанди руу илгээж байв шүү. Сүргийн тоо өссөн нь Засгийн газрын биш эцэг малын хөдөлмөр гэх зэргээр үгэн дотор үг хавчуулсан өс хонзон тувт илэрдэг байлаа.
Н.Энхбаяр Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, УИХ-ын даргаас Ерөнхийлөгч болж монгол төрийн бүх том албан тушаал дамжсан ч улс төрийн жижигхэн өс хонзон нь арилаагүй. С.Баярыг намын дарга болгохгүй гэж бүх хаалт хориг тавтснаас гадна 60 тэрбумын автор М.Энхболдыг өөрийнхөө хойт дүрээр тодруулж намын дарга болгосон ч байдал эсрэгээрээ эргэсэн. Ерөнхийлөгч байхдаа ч, буугаад ч С.Баяр, Сү.Батболд нартай таараагүй учраас МАХН хэмээх хуучин нэрээр нам байгуулж Монголын улс төрийг 10 жил самарсан. Одоо ч Үндсэн хуулийн төслийг шинээр биччихээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байсан хүмүүс УИХ-д автоматаар ордог болох юм яриад шороо пурхийлгэж явна.
Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод Н.Энхбаярын цэцэглүүлсэн Эрдэнэт үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрийн ган бөмбөлгийн бизнесийг утгаар нь хөгжүүлсэн гэлцдэг. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалд ч далд оролцоотой байсан гэх хардлага одоо ч амь бөхтэй оршдог. Эрдэнэт үйлдвэрийн баялаг агуулсан овоолго дээр найз П.Цагаан нь эзэн сууж цөм баяжсан, 49 хувийг хувьчилсан Ч.Сайханбилэг гадаадад дүрвээд одсон. Засаглал төрийн институц хоорондын зааг ялгаа бүдгэрч, шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгч халааслах болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ойрын бүх хүнийг АТГ-аас баривчилж, шорон гяндангаар дарамталдаг байсан нь худал биш. Монгол Улсын гадаад бодлогын үндсийг УИХ тодорхойлно гэдэг хуультай байтал Ц.Элбэгдорж НҮБ-д очоод байнга төвийг сахина гэх мэтээр эрх хэмжээгээ хэтрүүлж байсан тохиолдол цөөн биш.
Х.Баттулга Ерөнхийлөгч болоод гадаад бодлогын хөх галыг шууд унтраасан. НҮБ-ын хурлыг үл тоомсорлож, жүдогийн тэмцээнийг илүүд үздэг байв. Монголыг ШХАБ-ын ломбардад тавих гэж чичирсэн. Нэг хүний дарангуйлал буюу Ерөнхийлөгчийн засаглалыг илтэд хүсэмжилж, УИХ-ыг тараах санаачилга хоёр удаа гаргасан байдаг. Улс төрийн өрсөлдөгч нараа шоронд ээлж дараалан илгээж, Шүүх, хуулийн байгууллагуудад Төрийн ордны 3-р давхраас удирддаг байсан тухай бодитой яриа хөөрөө Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад гарсан. Ерөнхий прокурорын газар оччихоод энэ хүмүүсийг яаралтай ялла гэж хараат бус байдалд нь халдаад, захиалга өгөөд зогсож байсныг хүмүүс мартаагүй байх. Одоо өндөр сэнтийгээс буугаад нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж явна.
Одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн цаг гүйж эхэлсэн байгаа. Бүрэн эрх нь 6 жилээр тооцогдох анхны тохиолдол боловч 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлээ ихээр тануулчихсан. Гэхдээ ашиглаж чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчид хангалттай эрх мэдэл бий. Өмнөх Ерөнхийлөгч нар шиг монгол төрийн хамгийн том зовлон, толгойн өвчин болдог жишгийг одоо зоригтой халахгүй бол дараагийн 30 жилийн хамаг бараан түүхийн цаг тоолол эхлэх гээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тогтолцооны шинэчлэл хийвэл Ерөнхийлөгчөө парламент дотроосоо сонгодог болж бие хүмүүсийн таагүй харилцаа төрийн институц хоорондын зөрчилдөөн болж томордог гажгийг л засах учиртай.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС