Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжих суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буй “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулган Ховд аймагт болж өндөрлөлөө. Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчнийг татах, таатай орчин, нөөц боломжийг танилцуулах зорилгоор энэ чуулганыг зохион байгуулжээ.
Ховд бол нийслэлээс 1500 км зайд оршдог аймаг. Эрдэнэбүрэний УЦС-ын төсөл, “Шинэ Ховд” аж үйлдвэрийн парк, шинэ нисэх буудлын төсөл, нефть боловсруулах үйлдвэр гээд аймагтаа төдийгүй баруун бүс нутагт нэн чухал ач холбогдолтой төслүүд хэрэгжих учиртай. Ховдынхон хөрөнгө оруулагчдыг хөөх биш урьж, төрийн байгууллагаас шалтгаалдаг шийдвэрүүдийг гацаа түгжрэлээс гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлэх амлалт өгөв. Хүнд сургтал, хүйтэн харилцаагүйгээр тосож угтана гэдгээ илэрхийлсэн.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа Ховдынхны өрхийн орлогыг өсгөж, амьдрах орчныг сайжруулахыг нэн тэргүүний зорилт болгож ажиллана гэдгээ чуулганд оролцогчдын өмнө хэлсэн. Энэ зорилтын эхлэл болгож Хөшөөтийн уурхайгаас өмнөд хөрш рүү гаргаж байгаа нүүрсний тонн тутмаас татаас болгон авдаг 1 ам.долларыг аймгийн ИТХ захиран зарцуулдаг байсныг орон нутгийг дэмжих сан руу шилжүүлжээ. ИТХ-ын төлөөлөгчид биш иргэд өөрсдөө энэхүү хуримтлалыг юунд зарцуулахаа хэлэлцэж шийддэг зарчимд шилжсэн гэсэн үг.
Цаашлаад баялгийг тэгш хуваарилдаг байх зарчмын хүрээнд “Ховд карт”-ыг гаргахаар төлөвлөжээ. Энэ картаар дамжуулж Ховдынхон том төслүүд, байгалийн баялгаас хувь хүртэх боломжийг нээж өгөх зорилготой гэв. Гэхдээ энэ нь халамж өгнө гэсэн үг биш. Үндсэн хуулиар олгосон байгалийн баялгаас тэгш зарчмаар хувь хүртэх, бүс нутгийн хэмжээний том төслүүдэд оролцоогоо жинхэнэ утгаар хангах эрхийг нээж өгөх зорилготой гэж тайлбарлав.
Хоёр өдөр Ховд аймагт болсон чуулганы үр дүнд онцлох хөрөнгө оруулалтуудыг энд дурдъя.
Мобиком корпорац Ховд аймагт 40 ажлын байр шинээр бий болгож, харилцагчийн үйлчилгээний төв-Call Center байгуулахаар боллоо.
“Номин холдинг” компани энэ онд Ховд аймагт найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо байгаагаас зургаа дахин том агуулах бүхий худалдааны төв байгуулна. Ховдын тариаланчдаас ногоог нь шууд худалдан авч, 70 сүлжээ дэлгүүрээрээ борлуулна.
“Аэро Монголиа” компани Ховд нисэх буудлын менежментийг хариуцан ажиллах боломжтойгоо мэдэгдлээ. Энэ нь нислэгийн тоог нэмнэ гэсэн үг.
“Худалдаа хөгжлийн банк” баруун бүсийн анхны салбараа Ховд аймагт байгуулахаар боллоо.
“Монгол шуудан” ХК баруун бүсийн логистикийн төвийг Ховд аймагт байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдэгдлээ.
Монголын үнэт цаас арилжаа эрхлэгч холбоо орон нутгийн анхны бонд гаргахад биржийн бус зах зээлийн салбар дэмжинэ.
“Моннис” компани онгоцны шинэ нисэх буудал концессоор барих санал тавьсан, энэ санал хүчинтэй хэвээр гэдгээ дахин илэрхийллээ. Ингэвэл Турк, Казахстан, Үрүмч, Новосибирск, булангийн орнууд руу шууд нислэгтэй болох боломж нээгдэнэ.
“Тайж” групп Дөргөн нуурыг түшиглэн Ховд, Завхан, Говь-Алтай гурван аймгийн заагт олон улсын стандартад нийцсэн цогцолборыг эхний ээлжинд 15 тэрбум төгрөг гаргаж барина гэв.
Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулган энэ мэт бодит үр дүнтэй өндөрлөв. Хөрөнгө оруулагчдад welcome гэж хэлчихээд, хөрөнгө оруулалтаа даатгачихаад орон нутаг зүгээр суухгүй. 2023 онд Ховд-Улаангомыг холбосон 200 орчим км хатуу хучилттай замын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар эхэлнэ. Энэ онд аймаг доторх автозамыг шинэчилнэ. Эрдэнэбүрэний УЦС-ын төслийн танилцуулга, ач холбогдлыг орон нутгийн төвшинд ойлгуулна, нөхөн олговрын гэрээ байгуулах ажлыг шуурхайлна. Холын цэнхэр Ховд гэдэг байсан бол хөгжлийн голомт, төв цэг болох амбицаа хөрөнгө оруулагч нарт ийн танилцууллаа.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

