ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа.
ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт хийгдсэнээр Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эмнэлэг олон улсын улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болж байгаа юм. Ерөнхий сайд биечлэн энэхүү засварын хөрөнө оруулалтыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлсэн. Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 04 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35 жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулж өгсөн. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн. Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байна. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.” гэлээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа мөн энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан. Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ.
ЭМЯ-аас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна.