Сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах” төслийн нээлт боллоо. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв анх удаагаа cүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг нэвтрүүлж эхэллээ.
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОЙКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн үргэлжлэх шатыг 2022-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр болж, энэ оны 4 дүгээр сарын 11-ээс хэрэгжиж эхэлсэн.
Ингэснээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна. Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.
Арга хэмжээг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ “Халдварт өвчнөөс сэргийлэх, хяналтанд оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах эрсдлийг бууруулахад байдаг. Ялангуяа сүрьеэ өвчний үед түүний ойрын хавьтлуудыг илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулах, хяналтанд оруулах, эрүүлжүүлэх нь тандалт сэргийлэлтийн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Сүрьеэ өвчин нь архаг явцтай, урт хугацааны эмчилгээ, хяналт хийгддэг, ялангуяа ойрын хавьтлуудыг 2-3 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн давтамжтай үзлэг, шинжилгээнд хамруулахад хүн хүч, орчин үеийн шинэ технологи бүхий тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт хийж байгаа нь хэд хэдэн чиглэлээр ихээхэн ач холбогдолтой болж байна. Тухайлбал, үйлчлүүлэгчийн амьдарч буй гэрт хамгийн ойр ӨЭМТ, хороонд очиж үйлчлэх, мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ирэх боломжгүй алслагдсан болон хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, урт хугацааны асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд гэрт нь хүрч үйлчлэх үйлчилгээг шинээр эхлүүлэхийн зэрэгцээ, сүрьеэгийн халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг нэвтрүүлснээр иргэдэд чирэгдэлгүй, олон удаа эмнэлэгт ирэх тоог бууруулах зэргээр үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл улам бүр сайжирч байна.
Сүүлийн 8 жилийн хугацаанд хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гардан ажиллаж байгаа НЭМГ, Нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүрьеэгийн диспансер, ӨЭМТ, хороодын дарга, удирдлага, эмч, ажилтанууд болон бидний хүрч чадахгүй орон зайг гүйцээж хамтран ажиллаж байгаа ТББ-уудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ өмнөх олон жилийн туршлага дээр суурилан шинэ төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Микобактерийн лавлагаа болон судалгаа шинжилгээний хэлтэсийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сатоши Митарай танд талархал илэрхийлье. Олон жилийн хугацаанд манай төвтэй хамтарсан төслийг тогтвортой, үр ашигтай, амжилттай хэрэгжүүлж буй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Монгол дахь төлөөлөгчийн газар, мөн КОЙКА олон улсын байгууллагад дахин талархал илэрхийлж, өнөөдрийн арга хэмжээнд амжилт хүсье” гэв.