Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 8-нд тохионо.
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтаж намар мод тарихад юу, юуг анхаарах талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэе. Юун түрүүнд модоо зөв сонгох хэрэгтэй. Хүмүүс нахиалсан, аль болох том модыг нь сонгох гээд байдаг. Үүний оронд модны үндэс нь нарийн саглагар, багсгар модыг сонгоорой. Нарийн багсгар үндэс ус сордог ба үндэс муутай мод хэчнээн арчилж,тордоод ч ургахгүй. Мөн модны мөчрийг хатсан эсэхийг,уян хатан чанарыг нь гараараа туялзуулан шалгах хэрэгтэй. Гараараа бага зэрэг нугалахад хугарч байгаа модыг тарих хэрэггүй. Үүнээс гадна нахиа нь задраагүй, задрах дөхөж хөөсөн модыг авах хэрэгтэй. Нахиа нь задарсан буюу цэцэглэсэн модыг суулгавал нахиа,навч нь ургаад байдаг ч үндэс нь орчин нөхцөлдөө дасан зохицож чадахгүй учраас мод амжилтгүй ургах талтай.
Намар модыг унтаа байдалд орсны дараа тарьж байгаа учраас тарьсны дараахь 2-3 өдөр ханатал усалсны дараа усалгааг зогсоодог байна.
Намар тарьсан мод гадаад орчноо илүү мэдэрч чаддаг учраас илүү сайн ургадаг давуу талтай ажээ. Учир нь намар тарьсан модны үндэс орчин нөхцлөө 6 сарын турш мэдэрч, улмаар дулаан орж, хавар болоход тухайн газартаа зохицсон, нахиалахад бэлэн болсон байдаг байна.