УИХ төрийн эрх барих доод байгууллага болсон…

Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүйг харлаа. Үндсэн хуулийн манаач байх үүрэгтэй Цэц Үндсэн хуульд улс төрийн захиалгаар гар хүрч, дээлээ давхарлаж сайд болох гэсэн УИХ-ын гишүүдийн хүслийг гүйцэлдүүлэв. Мөрөөрөө ажиллаж байсан Засгийн дан дээлтэй сайд нараа явуулж, давхар ээлтэй сайд нараар бүл нэмэв. Засгийн газар туршлагатай улстөрчдөөр эгнээгээ өргөтгөв гэж байгаа ч танхимаа өөрөө сонгодог, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтолцоог УИХ нурааж орхив. 2019 он буюу гуравхан жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдсэн зарчмаасаа Монголын паарламент няцаж, Үндсэн хуулийн цэцийг гэмт хэргийн хамсаатан, яс баригч болгов.

УИХ-ын 76 гишүүн хоёр удаа сонгогдсон бол сайд хийж болох бичигдээгүй хууль Монголын улс төрд амь бөхтэй тогтлоо. Улс төрийн болоод эдийн засгийн мөнгө ихтэй бүлэглэлд хэд хэдэн хүн УИХ-д сойж, улиран сонгогдох нөхцөлийг бүрдүүлэх шиг амархан зүйл үгүй. Ялангуяа жижиг можаритор тогтолцоогоор сонгууль явуулж байгаа үед тойрогт нь хэдэн төгрөг хаяад л хүүхэлдэйнүүдээ УИХ-ын гишүүн болгочихно. Цаашлаад Засгийн газарт давхар дээл өмсгөөд суулгачихна. Ингээд нөгөө мөнгөтэй бүлэглэл, компаниудын шунал хүсэл нь төрийн хууль, бодлого болон биежиж, том төсөл, тендерүүд эзнээ олдог.

Монголын парламент үнэн чанартаа төрийн эрх барих доод байгууллага болсон. Гишүүд нь Засгийн газарт давхар дээл нөмөрч орно, яамд, агентлагууд, нийслэл, дүүрэг, аймгуудын дунд доод шатны томилгоонд тувт гар дүрнэ, нөлөөлнө. Ганц танхимтай, 76-хан гишүүнтэй парламент хууль тогтоох үндсэн үүргээсээ илүү гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хүсэж тачааддаг аж. Тойрогтоо очоод гоё хууль баталсан, сайн бодлого боловсруулсан гээд ярихаар сонгогчид нь чулуугаар шидэх нь холгүй хөөнө, тоохгүй. Сургуулийн дээвэр барих мөнгө олоод ирлээ гэвэл алга ташна. Даанч тэр тендерийг нь их, бага гэж голохгүй өнөөх л УИХ-ын гишүүн нь өөрөө дээрэмдэнэ. Ийм л чөтгөрийн тойрог үүссэн. 

Засгийн газрыг барьцаалах донтой УИХ, энэ тогтолцоо хэвээр байгаа цагт хэнбугай ч Ерөнхий сайд болсон өөрийнхөө танхимын хувь заяаг өөрөө мэдэж чадахгүй. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар давжаа парламентын өсөлтийг дэмжих шаардлагатай. УИХ олон гишүүнтэй болбол Засгийн газарт цөөн тоогоор ажиллахад онцын нөлөө, савлагаа үзүүлэхгүй болно. Сонгогчдыг төлөөлөх бодит хувь өсөж, хууль тогтоох үндсэн ажилдаа анхаарна. Элдэв бүлэглэл, гадаадын хүчнүүдийн лобби УИХ-ын босго давахаа больж, гишүүдийг худалдаж авч утсан хүүхэлдэй болгодог гажуудал засагдана. 

Ерөнхийлөгчийг УИХ дотроосоо сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд яаралтай оруулах цаг болсон. Популист амлалтыг гааруулж, илүү зардал гаргадаг гэсэн шүүмжлэл үнэн. Угаас парламентын засаглалтай улсуудад ийм л сонгодог тогтолцоо үйлчилдэг. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээний суудалтай байгаа дээрээ энэ тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийвэл засгаа самарсан, давхар дээлийн босгыг үгүй хийсэн гэх мэт гэм нүгэл нь нимгэрч, улс төрийн түүхэнд тогтолцооны шинэчлэл хийсэн УИХ гэж бичигдэнэ. Хэрэв чадахгүй бол дээлээ давхарлахын тулд Цэцээр Үндсэн хуулийг “нухуулсан” хөгийн парламент нэрээрээ л түүхэнд бичигдэнэ. 

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

АН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын...

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...