Мод тарихад хэлбэрдэлт ИЛҮҮЦ

Монголчууд мод тарих дуртай болцгоов. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед мод тарих Үндэсний өдөртэй болж, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилснаар Тэрбум мод тарьж ургуулах бодитой зорилготой боллоо. Ногоон дэлхийг хүсэхгүй хэн байх вэ. Энэ бол үндэстнээрээ байгаль дэлхийгээ хайрлах, нөхөн төлжүүлэх, цөлжилтийг хазаарлах сайхан үйлс. Ухдаг гэх муу нэртэй уул уурхайн компаниудаас авахуулаад аж ахуйн нэгжүүд, албан газрууд, хамт олон, найз нөхдөөрөө мод тарихыг чухалчилдаг боллоо. 

Гэхдээ сайны хажуугаар саар муу байсаар л байх юм. Моод Монголоос эхэлж Монголоор дуусдаг гэдэг шиг мод тарих хөдөлгөөнийг хэлбэр хөөсөн, нэр алдар хөөцөлдсөн, утга учрыг нь гажуудуулсан үр өгөөжгүй, сүрнээс цаашгүй кампанит ажил болгочих гээд байх болжээ. Мод тарихад дарга нарын газар тусдаа, өмсдөг бээлий нь шинэ, барих хүрз нь гялгар байх ёстой гэнэ. УИХ-ын гишүүд мод тарьж байгаа зургаа авахуулах гэж бөөнөөрөө энд тэнд тоос манаруулаад, мөрөөрөө байсан хүмүүсийг ажил хийлгэхгүй хөлдөө чирдэг боллоо. Мод тарих нэрээр мод тайрч пайз хийсэн ч байх шиг. Нэр, хаягаа бичиж хэлбэрдэх гэж шүү дээ. Шившигтэй шүү. 

Тоглолт хийх гэж байгаа юм шиг далбайсан том тайз засчихна, дуучид урина, хэвлэл дуудна, зурагчин зогсооно. Нүд сохолчих шахсан хурц өнгөтэй, загвар хийц, утга агуулга муутай дүрэмт хувцас захиалж ижилсэнэ. Дээгүүрээ төсөв хэмнэнэ гэж дэлхийгээр нэг сүржигнээд, доогуураа дүрэмт хувцас, улаан тууз, хайч, хүрз болж баян айл шиг үрэлгэн загнаж байна. Мод тарих бол үнэндээ л энтэртаймэнт болж хувирлаа. АН нэг саяыг амлангуут МАН 1.5 сая болгож давуулж гуяддаг шиг тарих модныхоо тоогоор уралдаад ч байх шиг. Дарга нарын мод тарьдаг газар гэж шинэ тусгай хангамжтай болсон юмуу даа.

Тооны араас хэт хөөцөлдөх аюултай. Тарьснаа тоолбол Монголд өнөөдөр хөл гишгэх зайгүй шахам олон модтой байх ёстой. Тарьсан нь олон ч үхсэн нь түүнээс хэд дахин олон. Тиймээс тарьсан модоо арчилдаг, эргэж тойрдог соёлд нийтээрээ суралцмаар байна. Шинээр тарьсан модыг дор хаяж 3-5 жилийн дараа албан ёсны тоонд оруулахгүй бол хэд нь үхэхийг, үхэрт идүүлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс тарьсан биш ургуулсан модыг бүртгэж байя. Үндэсний мод тарих өдрөөр өмнөх жилүүдэд суулгасан модоо эргэж тойрч, усалж, арчилдаг болцгооё. Заавал бэлдсэн, тайз зассан, дарга нар бөөгнөрсөн газарт биш гэрийнхээ хажууд, гэр хороололд, шороо бужигнасан газарт модоо тарьж ургуулцгаая. Хүн төрөлхтөн монгочуудыг тэрбум мод тарьснаар биш ургуулснаар нь үнэлнэ, бахархана. 

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...