Ойрмогхон “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж их хотынхоо ундны усыг тойрсон бүхий л асуудлаа мэргэжлийн хүмүүс ярилцсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр цаашид анхааралгүй орхиж боломгүй нэгэн тоо баримтыг мэргэжлийн хүмүүс дэлгэсэн нь хамгаалж, хайрлах ёстой ундны усны хамгаалалтын бүсэд олгосон газар олголтын тухай байсан юм.
Хот суурин, ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17-д зааснаар хотын доторх цэвэр усны дамжуулах түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байхыг хуулиар тогтоож өгсөн. Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтоож, бохир ус татан зайлууллах тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно гэсэн заалттай.
Гэвч нийслэлийн ундны усны эрүүл ахуйг хангах бүс нутаг бүхий хориглолт, хязгаарлалтын бүсэд 3784 байгууллага ААН үйл ажиллагаа эрхэлж, 10539 иргэн, хуулийн этгээд буюу нийт 14 мянга гаруй газар олголт байна гэсэн харамсалтай тоо байна.
Тэндээс нь хэдхээн жишээ сугалаад дурдахад Баянзүрх дүүрэгт гэхэд ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүсэд 5345, хориглолтын бүсэд 969 газар олгосон бол ХУД-д хязгаарлалтын бүсэд 3968, хориглолтын бүсэд 2249 газар олгожээ. 2020-2021 онд гэхэд хамгаалалтын бүсэд 20 гаруй хашаа шинээр хатгасан байна. Ингэж ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд замбараагүй газар олголт, төлөвлөлт хийж байшин барилга барьж байгаа нь угтаа бол нийслэл хотынхны ундны усны аюулгүй байдалд заналхийлж байгаа маш хорон үйлдэл гэж хэлж болно. Учир нь ундны усны эрүүл ахуйг хангах бүс нутагт замбараагүй олгосон газар олголт, байшин барилгыг дагаад хогийн цэг үүсч, өнгөн хөрс элэгдэх, шатах тослох материалаар бохирдох зэрэг аюул дагадаг. Мөн ихэнх аж ауйн нэгж байгууллагууд гүний худаг ашиглаж, худаг нь паспортгүй, тоолуургүй, усны шинжилгээ хийлгээгүй, байгалийн нөөц ашигласны төлбөр төлдөггүй, бохир усны шугамд холбогдоогүйгээс хашаандаа нүхэн жорлон, муу усны нүх ухаж ашиглах зэргээр тэр хавийнхаа хөрс, газар доорх усыг бохирдуулдаг байна.
Мөн үүнээс гадна цэвэр, бохир усны шугаман дээр баригдсан 280 гаруй цэвэр, бохир усны хамгаалалтын зурвасын зай баримтлаагүй 300 гаруй барилга байгууламж нийслэлд байдаг байна. Энэ нь бас л эргээд уух усны маань чанартай холбогдоно. Бохир усын шугам гэмтвэл хөрс болон газар доорх ус бохирдож, бохир ус хөрсний устай нийлж Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмдэг ажээ. Ииймээс газар доор усыг бохирдох хомсдохоос сэргийлж энэ мэт газар олголтыг цуцалж өгөх шаардлагатайг УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр сануулсан юм.
Ус бол хүний амин чухал хэрэгцээ. 2030 он гэхэд нийслэлийн иргэдийг хангах усны түвшин хүрэлцэхгүй болж, усны хомсдолд орж болзошгүй гэсэн тооцоо судалгаа нь ч гарчихаад байгаа юм билээ. Гэтэл ийм амин чухал хэрэгцээг давсан, дайрсан энэ мэт буруу үйлдлүүд, шийдвэрүүд гарсаар байх нь зүгээр үү??? Нэг гар нь зурахад нөгөө нь баллуурдаж арилгахтай адил зөрүүтэй, буруутай ийм асуудлуудаа хаа хаанаа анхаарч даруй цэгцлэх цаг болжээ.