Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна.
Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.
Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлаж байсан. Тусгаарлалтыг цуцлахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.
Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.
Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 мянган төгрөг байна
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.