2012 онд АНУ-аас гаргасан судалгаагаар ирэх 10 жилд олон оронд усны хомсдол, усны чанарын алдагдал, үерийн гамшиг нь улс үндэстнийг тогтворгүй байдал, бүс нутагт хурцадмал,түгшүүртэй байдлыг бий болгох, мөхөлд ч хүргэх эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй болохыг мэдээлсэн байдаг. Тэгвэл дэлхийн улс орнууд цэнхэр алт усаа хэмнэхийн тулд ямар, ямар арга хэмжээ авч байгааг уншигчиддаа цувралаар хүргэе. Энэ удаад Израйль улсын туршлагыг танилцуулъя.
Израйл улсын газар нутгийн 60 хувь нь элсэн цөл, хүн ам нь 1948 оноос хойш арав дахин өссөн, өөрийн усны эх үүсвэр нь угаасаа хангалтгүй, үнэн хэрэгтээ хөрш орноосоо ус импортолдог байв. 1930 онд Английн эрдэмтэд бүх Палестин одоогийн Газын зурвас Израилыг оролцуулаад 2 сая хүнд хангалттай усны нөөцтэй гэж урьдчилан таамаглаж байсан. Харин өнөөдөр энэ газар нутаг 12 сая хүн амын дийлэнх нь усны хамгийн сайн төлөвлөлт, менежменттэй Израилд харьяалагдаж байна. Израил улс, ус ашиглалтын хамгийн оновчтой, бодитой үнэлгээг бий болгосон орон ба ухаалаг зөв үнийн тогтолцоогоор тулгамдсан асуудлын шийдлийг хурдасгах боломжтойг баталж чадсан орон юм.
Израил хүн бүр “дусал болгон үнэтэй” гэдэг ойлголтыг хүүхэд наснаасаа ойлгож мэдэрсэн байдаг ба усыг хамгаалах асуудал үе үеийн анхан шатны сургуулийн программд орсон байдаг байна.
Израил улс нь өөрийн газар нутагтаа ургац хураах усжуулалтад ашиглах том голгүй бөгөөд зөвхөн бороо хурын усанд найдаж амьдрах бүс нутгийн улс үндэстнүүдийн нэг ч гэсэн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд усны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, хаягдлыг эргүүлэн ашиглах, давсгүйжүүлэх, усны зөв бодлого, хэрэглээний соёлыг баримтлан амжилттай ажиллаж байна.
Усалгааны хэмнэлттэй дуслын аргыг ашигласнаар ашиглах усныхаа 40хувийг хэмнэхээс гадна ургуулсан мод илүү өндөр, ургац хэд дахин өсөх боломжийг ч бүрдүүлж чаджээ.
Израил улс, ганд тэсвэртэй үр боловсруулалтаар 1939 оноос хойш ажиллаж хуурай бүс нутагт өндөр ургац өгөх чадамжтай үрийг гарган авч, үр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, усны хэмнэлттэй аргаар ургуулсан хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзэлж чадсан улс. Мөн 1950-иад оноос хойш цэвэр ус ашиглахгүйгээр олон төрлийн өндөр шимтэй ургац авах боломжтойг нээн илрүүлжээ. Сонгино, гуагийн төрлийн ногоонуудыг муудсан усаар, өргөст хэмх, гуагийн төрлийн ногоонуудыг давстай усаар услахад амт нь илүү нэмэгдэж байгааг нээн илрүүлсэн байна.
Дэлхийн олон оронд төвлөрсөн ус хангамжийн сүлжээний шүүрэл, усны алдагдал, хаягдал ихтэй, даралт тогтмол бус, засварын ажлын хугацааалдах, хойшлох зэрэг шалтгаанаар маш их усыг алдаж байдаг. Гэтэл Израил улс нь шугамын алдагдлыг автомат нарийн мэдрэмжтэй технологийг ашиглан, газар ухалгүйгээр, цаг алдалгүй шугам дотор нь засварладаг байна. Ерусалим хотын усны алдагдлыг 11 хувьд хүргэж бууруулсан бол хөрш хөгжингүй орнууд усны алдагдлын түвшингээр 6 хувьтай байдаг байна. Калифорни 2025 он гэхэд усны алдагдлаа 20 хувь хүргэж бууруулах үүрэг хүлээсэн бол хөгжиж байгаа орнуудын хувьд өндөр үзүүлэлттэй (Кайр хот 60%) байна.
Израилчууд, эдийн засгийн хөгжлийн болон хүн амын өндөр өсөлттэй ч жилд 500 тэрбум галлон хэрэглээгээ өсгөлгүй харин ч эсрэгээр цэвэр усны хэрэгцээгээ бууруулсаар байна. Өнгөрсөн жилүүдэд хаягдал ус болон далайн давстай усыг боловсруулж ашигладаг болжээ. (1 галлон = 5 литр)
Израилчууд цэнгэг усны эх үүсвэр буюу нийт хэрэглээний гуравны нэгийг хангагч Галилее далай буюу Киннегел нуурын усыг тогтмол хянаж, орой бүр зурагтын мэдээгээр усны түвшин ямар хэмжээнд байгааг мэдээлдэг.
Мөн хэрэглээний гуравны 2-ыг хангадаг газрын доорх ус нь шавхагдаж байгаа ба ихээр ашиглавал хомсдож устах аюул байгааг судалсан байна.
Хуурай жилүүд үргэлжилбэл, Израил улсын усны нөөц шавхагдах аюултай.
Хэдхэн жилийн өмнө, өнгөрсөн арван жилд Туркээс далайгаар ус импортлох тухай санаа гарч байсан бол одоо Израил улс нь өөрийн орны усны хэрэглээгээ бүрэн хангаж усны эрх чөлөөнд хүрчээ.
2005 онд Израил улс Газар дундын тэнгисийн эрэгт Урвуу осмосын /УО/ шүүлтүүр ашиглан давсгүйжүүлэх үйлдвэрийг амжилттай барьж байгуулан ашиглаж эхэлсэн бол түүнээс хойш 4 үйлдвэрийг байгуулаад байна. 2014 оноос эдгээр үйлдвэрүүд Израилын ундны усны тал хувийг хангаж байна.
Израил улс нь Ойрхи Дорнодод нүүрлээд байсан эрчимтэй хуурайшилд дархлаатай болж цэвэр ус боловсруулах хүч чадлаа нэмэгдүүлснээр өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах боломжтой болсон байна. Өнгөрсөн 10 жилд давсгүйжүүлэх үйлдвэрт Урвуу осмосын технологийг дэлхий нийтээрээ ашигладаг болжээ.
Израилчуудын усны технологид хийсэн өөр нэг хувьсгал нь хаягдал бохир усыг боловсруулж эргүүлэн ашигласан юм. Ихэнх орон хаягдал бохир усаа байгаль орчноо хамгаалах зорилгоор цэвэрлэдэг, зарим нь бүр цэвэрлэлгүйгээр хаядаг бол харин Израйль бохир усаа эргүүлэн ашиглах боломжтой цэнхэр алт болгож чаджээ.
Израилд, өндөр технологиор цэвэрлэсэн хаягдал бохир усны 85%-ийг ХАА-н хэрэглээнд зарцуулж байна. Бусад 10 хувийг голын урсацыг нэмэгдүүлэх, ойн түймэртэй тэмцэхэд ашиглаж, зөвхөн 5 хувийг далайд хаяж байна.
Дуслын усжуулалт, ганд тэсвэртэй үрээс гадна цэвэрлэж боловсруулсан хаягдал ус нь ХАА-н хөгжлийг хурдасгаж, хур тунадас багатай, хуурай жилээс хамаарахгүйгээр Израил өөрийнхөө хүнсний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй ХАА-н гол экспортлогч болжээ.
2000 оны сүүлчээр Израил улсын хэмжээнд усны менежментээ хөгжүүлэхэд төвлөрч ажилласан байна.
Усны нөөцийн менежмент нь зөвхөн Усны газарт төвлөрч, хуулиар бүх усны
нөөц (хурын усыг оролцуулаад) улсын өмч бөгөөд ашгийн бус байна гэж
хуульчилсан байна. Энэ нь бүх зардлыг хэрэглэгчид төлнө гэсэн үг
Унд ахуйн хэрэглээ нэмэлт төлбөртэй, тариаланчид бага төлөхөөр зохицуулсан өгөөд энэ нь эргээд хүнсний үнэ өсөхөөс сэргийлсэн арга хэмжээ байжээ.
Удалгүй хүн бүр усны үнийг мэдэрсэн ба дараа жилээс хувийн салбарын
ус ашиглалтын нэхэмжлэл 40 хувиар нэмэгдсэн байна. Хүмүүс дургүйцсэн
ч усыг хэмнэлттэй ашиглах болж, ахуйн ус хэрэглээ 15 хувиар буурч,
тариаланчид ч илүү хэмнэлттэй аргыг хайж эхэлсэн байна. Усны үнийн механизмыг ашиглахын өмнөхөн бүс нутаг айхтар хуурайшилд өртөж Усны хороо хэрэглэгчдэд яагаад хүн бүр усаа хэмнэх ёстой вэ гэсэн эрчимтэй суртал, ухуулгыг зохион байгуулсан нь маш үр дүнтэй болсон байна. Одоо тус улс
улс, жилд 2.2 тэрбум ам долларын усны технологи, ноу-хауг экспортолдог. Энэ нь
зөвхөн сайн бизнес гэхээсээ илүү Израил улсын дипломат харилцаагаа хөгжүүлэх боломжийг бий болгодог байна. Израил улсын усны технологийн бүтээгдэхүүнийг дэлхийн 150 гаруй орон ашиглаж байна.