Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өчигдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Вакцинаторуудаа зөв хуваарилж, зөв газарт нь, зөв цагт ажиллуулах үүргийг тэд хүлээж байгаа. Харин зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүйгээр дэмжиж байгааг дуулгая. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “Ковид-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ” гэлээ.
Аравдугаар сараас эхлэн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ хамтран вакцинатор бэлтгэх сургалт явуулж, нийт 45 вакцинатор бэлтгэн гаргажээ. Мөн сувилагч нарт ХӨСҮТ-ээс богино хугацааны сургалт явуулсан байна. Ийнхүү вакцины мэргэжилтнүүдээ хангалттай бэлтгэгдсэн аж. Сэргээх тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхээр дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувьд вакцины түр цэг ажиллуулснаар үйлчилгээ иргэдэд ойртож, вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.