УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат сүүлийн өдрүүдэд тувт хүний эрх ярьж яваа. Парламент дахь сөрөг хүчний тэргүүний хувьд хүний эрх, эрх чөлөөний манаанд зогсох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ сайн анзаарч харвал наагуураа хүний эрхээр халхавч хийгээд цаагуураа хүний эрхийг уландаа гишгэж байгаа ноцтой баримт олон нийтэд ил болсон. АН-ын бүлэг дотор өрнөж байгаа эрх мэдлийн булаалдаан, хагарал тэмцлийг тооцвол далай болно. Гишүүд нь эрх баригчдаас сайдын суудал нэхэж хуйвалдахаар завдсан гэх үндэслэлээр Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлснөө зарласан.
Үүнд нь уурссан Д.Ганбат бүлгийнхээ зарим ажилтныг халж эр бяраа үзүүлжээ. Ингэхдээ өрх толгойлсон гурван хүүхэдтэй нэгэн эмэгтэйг ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халж хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчжээ. Хэрэг бишдээд эхэлмэгц гаргасан шийдвэрээ өөрчилж ид хөдөлмөрийн насны бүсгүйг эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй гэж шийдвэрийнхээ зүсийг хувиргасан байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд хувирах гэсэн Д.Ганбат хүний эрхийг уландаа гишгэгчийн үнэн төрхөө ил гаргасан нь энэ. Орных нь хүнийг ордонд оруулах гэсэндээ хүчилж хийсэн ядмагхан үйлдэл. Үүнийхээ төлөө удахгүй шүүхийн хаалга татах гэж байна.
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд УИХ-ын албан ёсны бүтцэд хамаардаг хуультай. Хэн нэгнийг ажилд авах, чөлөөлөхөд хуулийг ягштал баримтлах үүрэгтэй. Тэр тусмаа хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хууль болон бусад хуулийг хэлбэрэлтгүй мөрдөнө гэж тангараг өргөдөг. Парламентад хоёр удаа сонгогдсон гэж гайхуулах дуртай Д.Ганбатад төрийн хуулийг ёсчлон биелүүлэх, хүний эрхийг хангах наад захын төлөвшил байхгүйг энэ жишээнээс харж болно. Жэнко Х.Баттулгыг хормойдож улс төрд орж ирсэн тэрбээр бүлгийн даргынхаа албан тушаалдаа үлдэхийн тулд С.Эрдэнэтэй нэг хөнжилд орсныг намынх нь гишүүд ил цагаан шүүмжилж байгаа.
Нөгөө талаас Д.Ганбат эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө яваад байна уу, С.Эрдэнийн хүүгийн төлөө гүйгээд байна уу гэдэг зайлшгүй асуух ёстой асуулт. АН-ын Онц их хурал өнгөртөл бүлгийн дарга хэвээр үлдээж өгөөч гэж гуйж гувшиж явааг нь шоолон тавлах болцгоосон. УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга Д.Ганбат зангарагтайсан бол өрх толгойлсон эмэгтэйд биш улс удирдаж байгаа үнэмлэхүй олонхид эр бяраа үзүүлж суух учиртай. Даанч тийм зангараг алга. Одоо бол Д.Ганбат ардчиллын нэр зээлдсэн, хүний эрхээр халхавч хийсэн хөгийн коммунист болон хувирчээ.