Монголын ард түмэн анх удаа бүх нийтийн санал асуулгаар улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн тэмдэглэлт өнөөдөр тохиож байна. 76 жилийн өмнөх энэхүү түүхэн үйл явдлын тухай зохиолч Түвдэннямын Жамбалдоржийн “Өнийн өдөр” өгүүллэгийг толилуулж байна. Энэхүү өгүүллэг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан зарласан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааны өгүүллэгийн төрөлд гутгаар байр эзэлсэн юм.
…Маршал, Ноён хоёрын яриа нэг үе зөрж нэг үе нийлэх бололтой, арын суудалд зэрэгцэн суугаад хүүрнэлдэх аж. Хэзээ ч юм жолооч болсон Дува, ихэд мэрийвч зам яалт ч үгүй хөтөлсөөр, намаг балчигтай гарам дээр ирэв. Өөр гарцгүй, үүгээр л гатлахаас өөр аргагүй. Машин гарамын яг дунд хүрээд, шаварт лагхийтэл суучихав. Яаж ч хаазлаад нэмэргүй, дугуй хий эргэсээр улам ухаж шигдээд, нөгөө дугуй дундаа хүртэл зоогдоод ямар ч хөдөлгөөнгүй, яах ч аргагүй болов. Дува айсандаа дуугарч чадаагүй байтал, маршал хувцсаа муухай болгохыг ер тоолгүй шавар дунд бууж,
–Дэмчигдонроов, хоёул түрье гэж байна.
Ноён бууж, маршал тэр хоёул дуу нийлүүлэн гурвалж машинаа араас түлхэж хүчилнэ.
–Дэмчигдонроов, олигтойхон түрээч ээ, чи… Одоо гарлаа, нэг… хооёр, гурав аа… гэж маршал хашгирна. Дува тэдний сүрлэг гоё хувцсыг шавар шавхай болгочих вий гэхээс үхтэлээ айж, олигтой хаазлаж чадахгүй өөрөө л цонхоор гарчих шахам урагш тэмүүлж жолоогоо мушгих аж… Маршал, ноён хоёул гурвалж түлхсээр… тэгсээр, машин нь бяслаг зүсэх адил, хамраасаа эхлээд ар талаа хүртэл тэн хагаслан цуу хуваагдаж, маршалын түлхэж буй тал шавар зүссээр намаг гатлаж, ноёны тал тэр чигээрээ шаварт зоолттой үлдэв.
Дува, машины өрөөл талтай шаварт үлдсэн хунтайж ноёныг их л өрөвдөж байтал маршал юу ч болоогүй мэт суудалдаа тухлаж,
Дэмчигдонров олигтойхон түлхэхгүй үлдчих юм… Одоо яая гэхэв? Явахаас даа гэлээ. Дува машинаа асааж хөдөллөө. Өрөөл тал машин нь, яг унадаг дугуй шиг хоёр дугуй дээрээ давгүй явах …
…Гэнэт морь янцгаах дуунаар цочин сэрвэл, Дува ходоог тэрэг дээр дээлээ өрөөлдөөд хэвтээстэй, бас ч зүгээргүй маршалыг зүүдэлж байгаа аж… Хаартчин найзын үгээр хөдлөж, цаадах чинь дуртай, бэлхэн байдаг юм гэснээр, Балжимын өвөрт орох гэсэнд, өнөөх чинь, Дуваг айл хэссээр бүр бөөстөж гүйцээд, Ононы шугуйд дотоожоо хүртэл тайлж булсныг мэдсэн юм шиг, пөөх паах, үмхий самхай, тонил цаашаа гээд хавьтуулсангүй. Тэгээд энэ тэргэн дээр хоносон хэрэг. Хөөгдсөн хүн буцаж оролтой биш, нэг тамхи шившиж аваад янгиа тэргэн дээр сүүжээ нухуулан жаал хэвтэв. Үүрийн цагаан гэгээ цайж, шувуу жиргэж хол ойрын бараа тодорч өглөө хар нялхаараа… Үүр удаан цайх нь өн болохын дохио гэх хуучцуулын үг санагдаж байна. Дува шартсандаа шаналаж, тийчилж хэсэг хэвтсэнээ босч ус уухаар очвол, ган дээр утгах шанага сав харагдсангүй. Гангийн амаар толгойгоо шургуулан, үхэр шиг зүтгэвэл ашгүй ус дээр байж, үхэлдэн залгилав. Тэгээд шээж аваад хэвтлээ. Нэг мэдсэн унтчихаж…
Айл хунарынхан эртлэн босч, морь малаа эмээллэн шуугиад явчихав. Тэгтэл хаартчин найз ирж,
–Зэ миний нюхэр хайн хонов уу? Яахан, Балжим та хоёр юу болхон? гэж байна. Дува зараа шиг амьтан өндийж дээлээ бүслэв.
–Мөнөө бид ханалаа үгэхээ явнав… Ши мөн явагтий гэхэд нь Дувагийн уусан архи тэр чигтээ гарчих шиг болж,
–Явна, явна… Харин ч нэг явна шүү гэлээ.
Айл хотынхон морьдоо эмээлэж буриад энгэртэй гоё дээлээ өмсөөд бүгд мордож давхилдав. Хөгшид ходоог тэрэг дээр овоорч суугаад, баавай нар жолоог атгаж, богино шилбүүр тас нясхийлгэн хөдөллөө. Ар гэрт хүүхдүүд л үлдэв бололтой. Дува, намрын шим хаагуур нь өнгөрөөв гэмээр ясан янгирцаг болсон, олойрт хөгшин хүрнээ эмээллэж уралдан одсон зоны араас цогиулахчаа болов. Морь гэж морь л гэхээс яахав. Гэрээс унаж гарсан суман хатираатай хоёр цоохорын хаана ч билээ. Эмээл гэж эмээл л гэхээс, Батноров хийцийн арван цагаан гэгдэх мөнгөн чимэг мөнгөн хяртай, угалзат гөлөмтэй эмээл байдаггүй шүү, чаавас ийм ч болох гэж. Дува уг нь зуны дунд сард гэрээс гарсан билээ. Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэгчээр, айлаас айл сумаас сум дамжсаар хаа байгаа Норовлин ирж, Онон Улзаар хэссээр буриад нарын нэрмэлд автаж хаартчингуудад мулзлуулсаар ийм болсон хэрэг. Нэгэнт өөрөө хийснээс хойш яалтай билээ. Наймаа хийж олз олох ч бүүр өнгөрч, байдгийгаа барж гүйцжээ… Урагш харваас уралдан одсон хүмүүс бараа туруугүй, хойноос бордоотой морьтой ходоог тэрэгтэй баавай нарын бараа тийм ч холгүй. Үгүй бас, бөөдий морьтой бөөн буриадууд дунд ингэж явах гэж…
…Арайхийж сумын төвд ирвээс, баяр хөөр дүүрэн олон тоймгүй. Улаанбулангийн үүдэнд хүн морь багшралдаж, энд тэнд байшингийн булан тохойд нюхэрнүүд яриа хөөрөө үүсгэж, лонхны бөгс сэмхэн дэлсэж, бэрээд басгад бие биесийн торгон дээлийн хийц хэв маягийг шивнэлдэж байх бололтой. Дувад тэр сонин биш тул, бүгдээрээ саналаа өгөгтүн гэсэн лозунгаар чимэглэсэн улаан булангийн хаалгаар орж явчив. Тэнд ч хүн олон. Дува дараалалд зогссоор ээлж болж, комиссынхны өмнө тулж ирлээ. Сумын орлогч дүнхүү Даваа, мөнгөн бааварыг нь мөрийд аваагүй юм шиг танихгүй царайлж, Дува Дува гэж өмнөх хуудсаа шүүн үзсэнээ,
–Бүртгэлд Дува гэж нэр алга. Чи нөхөөр, өөрийнхөө суманд очиж саналаа өгөх ёстой шүү, гар гар гэж дүрэмдэв.
Дүнхүү Даваатай хэрэлдэж байлтай биш, санал өгөх газраас гарлаа. Одоо яах билээ. Хаа байгаа Дархан хан уул, Дархан сум. Өнөөдрийн дотор яаж хүрэх билээ. Байгаа унаа морь… Тамхи татан зогсож байтал, хаана ч байсан юм, нэг тойрийсон өндөр шар толгойт санал авах байрнаас гарч ирээд Дувад хандаж байгаа бололтой, гуншигнан үглэв. Хэлмэрч залуу орчуулсан нь
–Энэ хүн америкаас ирсэн санал асуулгын ажиглагч хүн. Та яагаад саналаа өгч чадсангүй вэ? Та ноён тайж уу? гэж байна гэлээ.
–Үгүй ээ. Би ноён тайж биш. Явуулын хүн, өөр сумынх. Энд миний нэр бүртгэгдээгүй байна.
–Та тэгээд өөрийнхөө суманд очиж саналаа өгөх үү?
–Тэгнэ ээ
-Таны сумын нэр хэн гэдэг вэ? Хэдэн км зайтай вэ?
-Манай сум Дархан сум, гурван зуун км зайтай
-Та өнөөдөрт багтаж гурван зуун км зам мориор туулж чадах уу?
-Чадах ёстой… Америк ажиглагч Дува хоёрын хооронд ийм яриа болж, Дува ч мордож замаа хөөлөө.
Зураач Д.Ганболдын зургаас ашиглав.
Нар эрт, өдөр яагаа ч үгүй байгаа ч, унасан морины урагшгүй нь уур хүргэнэ. Намрын тал налайж өвөл хаяанд дөтлөн буй гэхэд итгэмээргүй дулаахан шаргал өдөр, ялаагүй зун л гэмээр. Бичин жилийн зуд өнгөрч, дайн дуусаж, одоо тусгаар Монгол Улс мөнөө бүгд нийтээр баталчивал, жинхэнэ аз жаргал, диваажингийн оронд жаргаж эхлэх босгон дээр бүгдээр ирээд буйгаа мэдрэхүй, Дува бухимдсан сэтгэлээ онгойтол дуу дуулмаар ч болох шиг. Гэхдээ дуулах дуу нь өнөөдөр бол утга учиртай баймаар санагдав. Хоолой засах аядаад
–Зээ ээ, Эртний сайхан ерөөлтэй
Энэ Монгол орондоо
Эзэн Чингис хааныхаа… гэж эхэлсэн ч хоолойн цараа, шүлгийн тогтооц хүрч цааш явсангүй. Дуваг багад, боржигин найрыг өвгөд энэ дуугаар эхэлдэг байсан ч сайн тогтоож авсангүй. Дараа нь бариа цаазын бэрх жилүүд залгаад феодалын дуунууд хаагдсан тул юун дуу сурах, дуулахтай манатай. Өнөө зун харин олз мөрийний хойноос хорхойсч, байдгаа барж явахад хаартчин буриадуудын согтуурхан дуулдаг дуу санаанд орж
…Хагаан Чингис изагууртай
Хал, буриад Монгол зон
Хамтаараа нийлэн оролдожэ
Хатан төрөө мандуулъяа…
…Баавай Чингис изагууртай
Байгалай Буриад Монгол зон
Бултаараа нийлэн орлцожэ
Бадархан төрөө мандуулъяа аа … гэж овоо цолгиун хэмнэлтэй дуулав. Бага үд болоогүй байна. Өнөөдөр заавал амжиж би саналаа өгөх ёстой. Энэ муу харшсан хүрэн морь юу юм. Морио солиод давхихад хүрэхээ л хүрнэ. Их үйлсийн төлөөд бага муу үйл юу юм. Морио сольё гэж бодов.
Дува ойр харагдсан адуун дээр балбаж хүрэв. Сайхан морьд ч байна аа. Даанч уурга байтугай урт ташуур ч байхгүй болсон нь гачлантай, яаж морь барих билээ. Муу согтуу Радан, тэнзэн ташуурт чинь гурван морь тавья, халз үзье гэсээр байгаад ташуураас минь салгасан… Дувад цааш шогшихоос өөр зам байсангүй. Энэ муу харшмал хүрэн, залуудаа сайн морь байж, шогшоо тасрахгүй байна шүү. Ингээд шогшоо тасрахгүй байвал Өндөрхааны босго өртөө хүрэх л бий. Өртөө гэснээс, нэг мэргэн ухаан орж ирсэн нь өртөөгөөр буухиалан давхиад буучина гэсэн бодол төрөв. Бодолдоо яаран, гуядаж шавдуулавч, хөгшин хүрэн хатирах цогихыг ер мартсан бололтой шогшихоос өөр явуургүй. Өчигдрийн уусан архинд бие сульдаж, ам цангаж, өглөө өлөн мордсоныг хэлэхүү өлсөж ядравч, Дува явах замаа тэмүүлсээр, хөгшин хүрэн буурь заан шогшсоор үд хэвийхэд Өндөрхааны босго өртөөнд арайхийн хүрч ирлээ. Явах газрын яг дунд гэсэн үг. Уяанд олон сайхан хөнгөрүү морьдыг гуухайтал уясан нь хувь заяаг нь тэнсэх шиг Дувад санагдав. Цагаан эсгий бүрээс дээр бүслүүр татуурга зээг юу нь тодорсон, том гэрийг өртөө даргынх гэж тааж орсон нь алдсангүй. Том гэрийн хойморт өндөр янхигар биетэй, тас хар ширвээ сахалтай, нас ахисан ч сүрлэг цогтой хар хүн, юуг ч юм мэргэлэх бололтой, дөрвөн бэрх ширмэл олбог дээр орхиж
–Өнөөдөр төрийн ажил сайхан бүтэх юм байна… Хятадын аман дээр алгадах цаг болоо вий гэж хэлэв. Тэгснээ Дуваг анзаарч,
–За ямар хэргээр явна гэж албархаг асуув
–Өртөөгөөр Дархан сум орох гэсэн юм
–Албан бичиг байна уу ?
–Байхгүй ээ. Би өнөөдөр л хүрэх хэрэгтэй байна. Ширвээ сахалт сүрлэг дарга,
–Миний бие болбоос, өнөөдөр санал өгөхтэй холбогдуулан тусгаар Монгол Улсын төлөө хүчин зүтгэх албаны бүх хүмүүнийг үтэр саадгүй зорчуулах үүрэг хүлээн, хүлэг морьдыг бэлэн байлгах өртөө даамал бөлгөө. Тийн хүмүүнийг гагцхүү албан бичгийг үндэслэн өртөөгөөр үтэр шуурхай хүргэх билээ. Бичиг үгүй болвоос би хэрхэн чадах гэж хэллээ. Гэрийн эзний ард хоймор авдар дээр догшин Жамсран сахиус залаатай агаад мянган малтан гэсэн мөнгөн бичээст агар, таван хушуу малын мөнгөн шуумал, маршал Чойбалсангийн хөрөг залаатай, ханын толгойд цагаан хааны үеийн урт винтов, мөнгөн тоногт сэлэм өлгөөтэй нь, гэрийн эзний сүр хүчийг илтгэх ажаам… Дува, зунаар гэрээс гарч олз мөрийд хорхойсч, нэрмэлд автсаар өдий хүрсэнээ нууж,
–Би амин хувийн ажлаар Онон, Улзаар явсаар өнөөдөрт тулж, санал өгөхөөр яаран харьяат сумаа зоривч, унаа муудаж хүрэх аргагүйд Таныг туслана уу хэмээн явна гэж сүрлэг даргын аяст нийцүүлэн хариулав.
Өртөө дарга
–Цэгийеэтрүү гэж хараагаад, агтачийг дууд гэж бараг л хашгирав. Гаднаас агтчин орж ирсэнд
–Энэ харалмарт суман халтрыг барьж өгөөд бушуу явуул… Уржигдар уяж хоносон хөнгөрүү байгаа гэж тушаав. Харин чи суман халтрыг маань гурав хоногийн дотор авчирч өгнө шүү. Чамайг өнөөдөрт багтаж саналаа өгсөн эсэхийг би мэднэ шүү гэж Дуваг чандлан захирав. Агтчин суман халтрыг барьж өгөөд,
–Чи манай даргыг нэг л танихгүй байх шиг байна. Хиагтад гэминг дайрсан журамт цэргийн дөрвөн хорооны нэгний нь дарга партизан Пунцаг жанжин шүү дээ. Суман халтрыг хэлсэнд нь авчрахгүй бол сэлэм гялс л гэж мэдээрэй гэлээ. Дува ямархан хүнтэй аймшиггүй ярилцсанаа ойлгож, өнөөдрийн хоринхоёр цагаас өмнө амжих ёстойгоо улам ч гүнзгий ухаарч, яаран мордлоо.
Суман халтар ч үнэхээр, суман халтар юмаа. Газар эвхэгдэх шиг л амархан өнгөрч байв. Юун харшмал хүрэн. Гэхдээ хөөрхий минь, залуудаа сайн морь явсны хуйх аргагүй л мөн. Шогшоо тасралгүй байсаар Өндөрхааны босго өртөө хүргэж, Пунцаг жанжинтай учруулав шүү дээ… Суман халтрын сул давхианд Мөрөн гол, Баагийн хоолой, Цэнхэрийн гол, Баянмөнх уул, Дааган дэл, Хар тал, Хэрлэн гол дорхноо л тулаад ирлээ. Дува, Хэрлэнгийн хөвөөнд бууж, мориныхоо амьсгааг дарж жаал байзнаад, услаад мордов. Намрын Хэрлэн мяралзсан сүлжээ урсгалтай. Хэрлэнгийн олмоор гарахдаа, морин дээрээс тонгойн алгаар утгаваас, илбэж аргадсан зөөлөн усан, чи минь хаагуур явав даа гэж мэлтрэх шиг… Орой болж байна, одоо ч газар ойрхон. Амжих ч амжина аа… Цэнхэр Бүрдний зүүн хөвөөгөөр гарч хатируулав.
Айлууд аль хэдийнэ намаржаалжээ. Дува ганцаар үлдсэн гэрээ хараад, Сэндэрийг, хоёр хүүхдээ аргагүй л өрөвдөх сэтгэл төрж, гэр орондоо буумаар байсан ч, цаг давчуу тул сумын төвийг яаравчлав. Суман халтрын хатираа сульдах гэдгийг мэдэхгүй нь таатай. Үдшийн бүрий өнгөрч байхад Дува сумын төв дээр дөрөө мултлав. Санал өгөх байранд оруутаа л ажиглагч байгаа эсэхийг хайж үзэв. Комиссынхны эсрэг талд ажиглагч гэж бичсэн ширээнд халзан толгойтой хижээл насны хятад, өдөн цагаан малгайтай цэнхэр торгон дээлтэй залуу хүүхэн хоёр суух аж. Хүүхний царай нэг л танил санагдсан ч тэр гэж нэр оноож чадсангүй.
Нэрсийн жагсаалтад бүх хүмүүс гарын үсэг зураад, өөрийнх нь нэрийн ард сул зай онгойн байх аж. Дува хичээнгүйлэн гарын үсгээ зураад, саналын хуудас дээр “ТУСГААР ТОГТНОСОН БҮРЭН ЭРХЭТ УЛС” гэдэг үгийг сонгон тэмдэглэж, хуудсаа нугалан саналын хайрцагт хийгээд, сая сэтгэл ханаж гарахдаа, комиссынхноос эхнэрээ ирж саналаа өгсөн эсэхийг лавлавал,
–Сэндэр аль өглөө ирж саналаа өгөөд буцсан. Чи хаагуур тэнэсээр ингэж оройтов, гэрээ мартсан Гэсэр минь. Чи хамгийн сүүлчийн хүн боллоо гэлээ.
Дува, гарч тамхилж, энэ өдрийн явдлаа бодон зогсож байтал, цэнхэр дээлт ирж,
–Сайн уу? Дува. Чи намайг танихгүй байна уу? гэж гар барив. Анзаарахнаа Хуар, бүдүүн Заяатын гуанзны Хуар мөнөөс мөөн.
–Өө, Хуар сайн уу? Чамайг энд явна гэж яаж санах билээ. Яасан, чи ажиглагчаар сууж байгаа юм уу?
–Манай Дундад иргэн улсаас ар Монголын санал хураалтад ажиглагч ажилуулж, Улаанбаатарт суудаг биднийг орчуулагчаар тавьсан л даа. Тэгээд энд томилогдож ирсэн чинь харин чамтай таардаг байна шүү. Комиссынхон ганц Дува л ирээгүй байна гээд байхаар, лавтай чамайг байх… ирээсэй л гэж бодож байлаа.
–Тэр Дува нь намайг гэж чи яаж мэдээв?
–Яахав дээ, чамаас өөр ийм эртний нэртэй хүн байхгүй байлгүй дээ гэж Хуар аальгүйтэн хөхрөнө. Дува хүүхнийг татаж үнсээд,
–Хоёулаа явах уу? Хүйсэн дээрх сувдыг чинь дахиад нэг үнэсэж үзмээр байна шүү дээ гэлээ.
–Хүүе болохгүй… Манай дарга харчихна… Хот орохдоо л уулзаарай гээд Хуар тэврэлтээс уран гоёор гулган мултарч, бөгсөө хаялсаар хаалгаар орж явчихав. Дува хэсэг алмайран зогсч, Монгол Улсын санал асуулга гэхгүй, Ар Монголын гэж байна шүү муу янхан чинь гэж бодов.
Дува ноднин намар мал борлуулж хот ороод, бүдүүн Заяатын гуанзанд хэдүүл нийлж наргиж дарвиж, энэ Хуартай танилцаж билээ. Хуар, арын нууц дян буудалд дагуулж ороод Дуваг урин билбүүрдэж, янагийн цэнгэлийг ёстой нэг ханатал эдлүүлж, мөнгийг нь харин ч нэг сэгсрэх шиг болсон. Хуар, хүйсэндээ чигчийн толион чинээ сувд суулгасныг үзээд, Дува чухам л галзуурч билээ. Дуваг галзууруулж байсан хятад хүүхэн өнөөдөр халх дүр төрхтэй, албархаг болчихсон Дундад улсыг төлөөлөн яваа нь итгэхэд бэрх.
Дува, дэвэлзсэн эргэлзсэн, шаналсан шулуудсан хачин сэтгэлтэй хүн морио тайлж мордов. Суман халтар эзнийхээ хаа хүрэхийг олж ядах мэт, хэсэгхэн эргэцсэнээ, ирсэн чигтээ товолзтол алхлав.
Дува, за ердөө л харья, Сэндэртээ, хоёр хүүхдэдээ очъё. Маргааш гэрээ нүүлгэе. Тэгээд Пунцаг жанжныг зорино доо гэж бодож явлаа. Нэг мянга есөн зуун дөчин таван оны арван сарын хорины өдөр улираагүй байлаа.