Тойргуудыг жижиглэж, УИХ-ыг 108 гишүүнтэй болгох сураг

Сонгуулийн цикл дууслаа, одоо улстөрчид хөшигний ард, ханцуй дотроо наймаалцсан тохироонуудаа төрийн шийдвэр болгох гэж зүтгэх цаг. Сонгуулийн өмнө гэнэтхэн тэврэлдэж нэгэн дээвэр дор орсон МАН, МАХН хоёр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоо хийсэн тухай хэвлэлүүд битүү мэдээлсэн. УИХ-ын тойргуудыг дахин жижиглэж, УИХ-ыг 108 гишүүнтэй болгох галт тэрэг ойрын хугацаанд хөдөлж мэдэхээр сураг дуулдаж эхэллээ.

Эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандат бүхий томсгосон можаритор тогтолцоогоор явуулахаар хуульчилж, үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуулийн аль ч тогтолцоо төгс биш. 2012 онд холимог тогтолцоог хуульчилж, жагсаалтаар УИХ-ын гишүүн болох боломжийг нээж өгсөн. Гэтэл зарим нэг сураггүй улстөрч удирдагчийнхаа оймсонд хавчуулагдаж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдлоо гэсээр байгаад энэ тогтолцоог халсан.

Томсгосон можаритор тогтолцоогоор сонгууль явуулахаар нэг намын нэр дэвшигчид хоорондоо алалцаад унадаг. Бас хэн их мөнгө тараасан нь сонгогдох магадлал өндөрсдөг гэх мэт сул талтай. Харин одоо тойргуудыг улам жижиглэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж эхэлжээ. Ийм тогтолцоо руу шилжвэл нэг намын нэр дэвшигчид бие биетэйгээ өрсөлдөөд байхгүй сайн талтай боловч жалга довны үзэл жинхэнээсээ цэцэглэж, утга замбараагаа алдана.

УИХ-ын сонгуульд хоёр дараалж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын жишээн дээр аваад үзэхэд нэг аймагт нэр дэвшсэн гишүүд нь нэгнийгээ үзэхээ байсан. Хөвсгөл, Булган, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь гэх мэт аймагт нэр дэвшсэн МАН-ынхан эхэндээ далд жийлцдэг байснаа одоо бүр ил зодолддог болсон. Зодоон нь зарим үед хөнжил гудас, хүүхэн амраг, нууц бичлэг гэх мэтээр хачирлагдаж өргөжих болсон. Бие хүмүүсийн харилцаанаанаас илүүтэйгээр сонгуулийн тогтолцоо руу бурууг чихэх хандлага иймэрхүү зөрчилдөөн дээр тод харагддаг.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа одоо анх гарч байгаа юм биш. Аль 2008 оны УИХ-ын үед энэ талаар хуулийн төсөл бичигдээд бэлэн болчихсон, хэн нэгний төмөр шүүгээнд хав дараастай бэлэн байгаа. Одоо байгаа 76 гишүүнийг 108 болгох дээр хоёр өөр зарчмын байр суурь байдаг. Эхнийх нь, парламентыг сонгодог хэлбэр рүү дөхүүлж хоёр танхимтай болгох. Ингэвэл Ерөнхийлөгчийг УИХ дотроосоо сонгодог байхаар хуульчлах ёстой гэдэг.

Удаах нь, УИХ-ын гишүүдийн тоог нэмээд нэг танхимтай хэвээр байлгах хүсэл. Ийм байр суурьтай улстөрчдийн олонх нь нийслэл Улаанбаатар хотод УИХ-ын тойргийн тоог нэмэгдүүлэх тухай ярьдаг. Энэ хоёр зөрүүтэй байр суурийн аль нь дийлж төрийн хууль болон батлагдахыг цаг хугацаа харуулна. Харин Монголын парламент гишүүдийнхээ тоог маанийн эрхи шиг 108 болголоо гээд жирийн олны амьдралд ямар ашиг тус авчрах нь бүрхэг. Улс төр судлаачид үзвэл парламентын засаглалыг бэхжүүлье гэвэл хоёр танхимтай болгох алхам чухал гэдэг.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...